Могой хэд тасравч гүрвэлийн дайтай гэх үг хэдэн жилийн өмнө улс төрд МАН-ыг төлөөлдөг байв. “МАН хоёр гурав хуваагдсан ч хүчтэй сөрөг хүчин болж чадлаа” хэмээн МАН-ын залуучууд хөөрцөглөж, МАХН хэмээн  улс төрийн намын өнгийг тодорхойлж байсан нь саяхан.

Үнэндээ бол Н.Энхбаярын улс төр дэх нөлөөг хэлж байгаа хэрэг.  Харин энэ үг эргээд моданд орох уу эс орох уу гэдэг дахиад л МАН-аас шалтгаалах болчихоод байна.  Өөрөөр хэлбэл МАН-аас дахин нэг нам төрөх үү гэдэг сонирхолтой асуулт улс төрийн хүрээнд тавигдаж эхэллээ.

 

 

Учир нь энэ сарын 20- 21-ний өдрүүдэд МАН-ын Их хурал зохион байгуулагдаж, намын даргаа сонгосон билээ. Намын даргын сунгаанд Ерөнхий  сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшиж өрсөлдсөн ч Н.Дэмбэрэл сүүлийн мөчид  У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нэрээ татсан. Сунгааны үеэр гишүүд  УИХ-ын гишүүн өөр өөрсдийн сана бодлоо илрхийлсэнээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж 1309 төлөөлөгчид хандан  мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг нэлээд татсан. Харамсалтай нь сүрдүүлэх, шантаажлах, айлгахын аль нь болох нь үл ойлгогдом энэ мэдэгдэл тусыг эс олж, олонхийн саналаар У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдсон юм.

 

Ж.Мөнхбатын хувьд уг нь У.Хүрэлсүх улс төрд оруулж өгсөн ачтан нь. НАМЗХ-ны далбаан дор томчуудынхаа сүүдэрт  орж, МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга хүртэл дэвшсэн нэгэн. Гэвч хэзээнээс ишиг эврээ ургахаар эхийгээ мөрдөгийн үлгэрийг харуулж, У.Хүрэлсүхтэй талцаж эхэлсэн нь тодорхойгүй ч УИХ-ын чуулганы танхимд тэдний хийсэн хэрүүл зөрчилдөөн нь нэлээд гүн гүнзгий гэдгийг харуулаад авсан. Тэгэхээр У.Хүрэлсүхээр удирдуулах МАН-д Ж.Мөнхбат багтах уу. Мэдэгдэж байснаараа нам байгуулж, тусгаар тогтнолоо зарлах уу.

 

МАН-аас салж нам байгуулж амжилттай явсан түүх ганц Н.Энхбаярт хамаардаг. Хэдийгээр тэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсаныхаа эрэнд нам байгуулсан ч ууган намынхаа хэдэн арван жил зүүж ирсэн нэрийг зүүсэн тулдаа л УИХ-д суудалтай болж чадсан. Харин Ж.Мөнхбат ам гарснаараа гүрвэлийн дайтай, МАХН-ын дайтай намыг бий болгож чадах уу. МАН аас нэг хэсгийг нь байтугай хэд гурван хүн тасдаад авч явж чадах хэмжээний хүн мөн үү.

 

“Нам байгуулна” гэх үг  ганцхан Ж.Мөнхбатынх гэвэл худлаа. Тэр цээжнийхээ хийгээр  “нам байгуулна” гээд хэлчих тийм гэнэн хүн биш болсон. Учир нь  МАН-д гомдогсдын арми өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа. Дээрээс эхлэлтэй энэ хагарал одоо нийслэл, аймаг орон нутгийн үүрүүддээ нөлөөлж эхэлснийг Их хурлын төлөөлөгчид нь шүүмжилж байна билээ. Тэгэхээр Ж.Мөнхбат хэрэв нам байгуулвал боловсон хүчнээс эхлээд л У.Хүрэлсүхийн болох болохгүйг нь шүүсээр байгаа УИХ-ын гишүүд ч дагаар орох магадлал өндөр байгаа юм.

 

Өнөөдөр монголд 20 гаруй нам үйл ажиллагаагаа явуулахаар Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Энэ тоо нэмэгдсээр байгаа. Хэдхэн хоногийн өмнө Гэр хорооллын хөгжлийн намын Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Гэхдээ бичиг баримтаа бүрдүүлээд ирвэл хүсэлтийг нь дахин хүлээн авах боломжтойг шүүхийн зүгээс мэдээлээд буй. Хэрэв Ж.Мөнхбат нам байгуулахаар нэгэнт шийдсэн бол 2017 оны хувьд отгон нам нь болох нь.

 

Б.Өрнөх

24tsag.mn