МАН-ын зөрчил нуувчинд оров
2017/11/25
МАН-ын гурван өдөр үргэлжилсэн XXVIII Их хурал хоёр дахь өдөр дээрээ намын тамга шилжсэнээр олны анхаарлаас гарав. Дөрвөн жилийн өмнө бүх шатны сонгуульд ялагдчихсан намын даргын тамгыг М.Энхболд авч байлаа. Тухайн үед түүнтэй эн тэнцэх намтартай лидерүүдээс хэн ч намын удирдлагыг авахаар өрсөлдөөгүй юм.
Одоо М.Энхболд өөрийнх нь хэлснээр “Эрх мэдэл эзэн суудал гэхээс илүү асар их хариуцлага, амарч тайвшрахын аргагүй зүтгэл чармайлт, мөр дарж сэтгэл чилээсэн хүнд ачаа”-наасаа салж байна. Одоо энэ үүрэг У.Хүрэлсүхэд очлоо. Гэхдээ УИХ-д 65 суудалтай, ганц аймгаас бусад дээр бүрэн ялалт байгуулсан улс орны удирдлагыг хүлээлгэн өгч байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Нэгэн цагт М.Энхболд намынхаа тамгыг атгахдаа асар их хариуцлага, хичээл зүтгэл мэдэрч байсан байх талтай. Харин өнөөдөр эрх баригч намын даргын тамга эрх мэдэл, эзэн суудал мэт харагдаж байгаа нь нуух аргагүй үнэн юм. Намын даргыг сонгох санал хураалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 454, У.Хүрэлсүх 775 төлөөлөгчийн дэмжлэг авсан. Гадуур яригдаад буй шиг Баян-Өлгий аймгийн 180 төлөөлөгч бүгдээрээ У.Хүрэлсүхэд биш Д.Хаянхярваад саналаа өгсөн бол өөр дүн гарах магадлалтай байв. Одоо бариа нь арай ойр, эсвэл хол байсан бол гэх яриа байхгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн.
Намын шинэ дарга сонгогдсон даруйдаа “Энэ мөчөөс “33”, “32” гэсэн талцал дууссан” гэдэг мэдэгдлээ хийсэн. Түүний өрсөлдөгч нь ч энэ үгийг хэлж байна лээ. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах асуудалтай холбоотойгоор үүссэн тус намын УИХ дахь бүлгийн хагарал нь шинэ даргынхаа чуулганы танхимд хэлсэн үгнээсээ уучлал хүссэнд уяраад аньчих юм биш л дээ. Харин 2020 оны сонгуулиа бодоод намын зүтгэлтнүүд нэг зэрэг зөрчлөө нуувчинд оруулахыг хүссэн байж болох юм. Мөн анзаараад байхад У.Хүрэлсүхийг дэмжиж, түүхэндээ анх удаа өөрийнхөө Засгийн газрыг огцруулсан гишүүдийн ихэнх нь шинээр сонгогдсон болон “поп” гэгддэг хэсэг нь байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг авч үлдэх хүсэлтэй байсан гишүүдийн олонх нь төрийн алба хашиж явсан, улс төрд туршлагатай буурьтай суурьтай хүмүүс байсан гэж дүгнэхэд болно. Нэг үгээр Засгийн газраа унагаахаар албан бланк дээр гарын үсэг зураад гүйхгүй гэж итгэж болох тулхтай хэсэг нь Ж.Эрдэнэбатыг өмөөрч байгаад ялагдчихсан. Тийм болохоор шинэ засгийн тогтвортой байдал, МАН-ын эв нэгдэл үргэлжилнэ гэж бооцоо тавих шалтгаан нь итгэж болох хүмүүс ялагдсантай холбоотой.
Нөгөө талаас яагаад эв түнжинтэй болохгүй вэ гэдэг шалтгааныг нь бас хангалттай харлаа. У.Хүрэлсүх гэдэг хувь хүн хэдхэн сарын дотор УИХ-ын гаднаас Ерөнхий сайд болоод намын даргын суудлыг авч чадлаа. Энэ хэдэн сард урвалт шарвалт, улайм цайм ичгүүр сонжуургүй үг, үйлдэл мөн ч их болсон доо. Улс оронд маань шинэ Ерөнхий сайд хэрэгтэй гэж ард түмэн нийтээрээ хүсч байсан гэвэл худлаа. Тийм шаардлага, шахалт Төрийн ордонд л гарсан болохоос төв талбайд бол юу ч болоогүй. Эрх мэдэлд хүрэх богино зайны тоглоом Эрээний зээлийн худалдаачдад ээрэгдсэн мэт үнэн худал нь мэдэгдэхгүй явган хэрүүлийн дундуур л болоод өнгөрсөн. Сүүлд судлаачид, улстөрчид том зургаар нь хараад, тэр бүү унагасан УИХ-ын гишүүд ч “Ж.Эрдэнэбатын засаг сайн ажиллаж байжээ” гэсэн дүгнэлт хийнэ лээ. Засгийн газрыг огцруулахын тулд Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц л намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн М.Энхболдыг элдэвлэж, харлуулж эхэлсэн. Жижиг, том бүх сонгуульд ялагдчихаад уруудаж явсан намыг энэ хүн босгосон. Үнэмлэхүй ялагч болгож Үндсэн хуульд ч дураараа хүрчихэж болох олуулаа болов. Өнөөдөр төрийн өндөр суудалд заларсан олон хүн түүний буянд очсон байж таарна. Тэгэхээр энэ хүнийг тугаа болгож УИХ-ын сонгуульд ялж байгуулсан Засгийн газрыг унагахын тулд түүнийг дэвслэх шаардлага байсан биз. Гэхдээ өчигдөр нь цэцэрлэгт хүрээлэнд магтаад сонгуулийн маргааш УИХ-ын чуулган дээр элдвээр хэлж байгаа хүмүүс нь олон нийтэд муухай харагдаад өнгөрлөө.
Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсандаа хариуцлага хүлээж М.Энхболд намын даргын тамгаа сайн дураараа өгөв. Их хурал дээр тавьсан илтгэлдээ ч алдаагаа өөрөө хүлээн зөвшөөрч, бүх хариуцлагыг хүлээхээ мэдэгдлээ. Ийм өндөр эрх мэдэл намдаа авчирсан хүн өмнөх дарга нар шигээ бусдаас алдаа хайсангүй. Ядах нь ээ Н.Энхбаяр шиг алдаагаа намдаа наасан үг хэлсэнгүй. Уг нь бол түүний ялагдалд өөрөөс нь гадна нам, журмын нөхөд нь буруутай гэдэг нь энгийн нүдээр ч ил тод харагдаж байсан л даа. Ерөнхийлөгчийн сонгуулиар намынх нь штаб эсрэг талаасаа гаргасан хар мэдээллийг няцаахад л анхаарлаа хандуулж тун болхи байлаа. Нөгөө тал нь тувт дайрч байсан бол МАН-ын талаас тайлбар хийхэд л бүх цагаа зарцуулж байв. Цахим орчинд элдэв гүтгэлэг захаа алдсан. Салхи, шуурга шиг тарсан худал мэдээллийг няцаахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын сошиал пиарыг хариуцаж байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ жишээ нь юу хийсэн бэ. Эсрэг намынхаа томоохон пиарч Б.Баатартай утсаар “уясан морь” ярьж пажигнатал хөхрөлдсөн У.Хүрэлсүхийн бичлэг ч бэлэн байж байна. Үүнд нь эгдүүцсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярилцлага өгөхдөө “топор муужгай” гэж хочлоод авсан. Үүнийг нь няцааж ч чадахгүй өдий хүрчихсэн байна. Хамгийн хэрэгтэй үед нь энэ хүмүүс харин ч эсрэг талд нь явж байсны нотолгоо бол энэ. Сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэгвэл хариуцлага хүлээхгүй юм уу. Дахиад дарга болохоор өрсөлдөөд явж байна. Өнөөдөр энэ хүмүүс цөмөөрөө бид буруугүй, зөвхөн М.Энхболд буруутай гэж зүтгэсээр явна. Тэд хэнтэй ч хамаагүй хуйвалдаж, намынхаа нэр дэвшигчийн эсрэг явж болдог гэдгийг биеэр үлгэрлэлээ. Ер нь энэ нам боловсон хүчиндээ шинэчлэл хийхгүй бол ёс юм шиг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж унагаадаг хуучтай болж байна.
Үүнээс харахад М.Энхболд хүн танихдаа тун муу хүн юм. Төрийн төлөө ажиллаж үзээгүй хүмүүс түүний далбаан дор энэ орны аль л өндөр эрх ямбанд хүрлээ. Эргээд жолоогүй улс төр хийж байна. Тэд улс төрийг үзэмж нэмсэн гоёл гэж харж байна. Улс төрийг албан тушаалын уралдаан, наймаа гэж бодож явна. Энэ удаа М.Энхболд алдаагаа хүлээн зөвшөөрч, бүх хариуцлагыг биедээ хүлээгээд явлаа. Алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь хүчтэй хүний мөн чанар. Гэхдээ өнгөрсөн сонгууль болоод, Засгийн газрыг огцруулсан үйл явц энэ намд нэг шинэ дохио өгсөн биз ээ.
Одоо бол шинэ байгуулагдсан Засгийн газрын тэргүүн, намын шинэ дарга У.Хүрэлсүхэд бүх ачаа очлоо. Тэр Ерөнхий сайдын суудлыг “гуядаж” авлаа. Завь хоёр сэлүүргүйгээр урагшлахгүй гэсэн ойлголтыг тарааж байгаад намын даргын суудалд ч суулаа. Монголыг удирдах эрхийг ингэж авчихаад өмнөх шигээ шазуур зууж, хагаралдах замаар урагшлахгүй байх ёстой. Монгол Улс бол нэг намын ялагч, ялагдагчийн эргэлтээс тэс өөр юм гэдгийг Ерөнхий сайд ойлгож байгаа байх. Улс орон 2020 он гэхэд хөгжсөн, хөдөлсөн байх учиртай. Түүнийг “Төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн төдий Ерөнхий сайдаар үлдэхгүй” байх эсэхийг харах л үлдэж байна. Гол нь, түүний ялалтад Монгол Улс ялах ёстой. Өөр юу ч биш.
Үндэсний шуудан сонин
Үнэн · 2017/11/27
Яг үнэн шүү.М.Энхболд үнэхээр тэвчээртэй буурьтай хүн юм.Хүрэлсүх эргүү мал энэ хүнээс суралцах хэрэгтэй.Хүрэлсүх Ачааны хүндийг өргөх болохоор ИХын суудалаа зарж борлуулаад гадагш зугатдаг Албан тушаалд очих болохоор амаа мэдэхгүй хор хутгаж хуйвалдаж араас хутга шааж хэнтэй ч хамаагүй өвөр түрийндээ орж шаалгуулж явдаг садар эм шиг аашилдаг лалар эр байж болохгүй.Өөртөө дүгнэлт хийгээд улс орныг аятайхан авч явж чадахгүй бол Баттулга та 2ыг хурц дурантай буугаар холоос намнахаа амлачихий.
namiin gishuun · 2017/11/25
Medleg bolovsrol, oyun uhaani hucheer J.Munkhbatiin helsneer tarhiini byaraar ajillaj baij ur dund hurne de.
namiin gishuun · 2017/11/25
Medleg bolovsrol, oyun uhaani hucheer J.Munkhbatiin helsneer tarhiini byaraar ajillaj baij ur dund hurne de.
amiin gishuun · 2017/11/25
Medleg bolovsrol, oyun uhaani hucheer J.Munkhbatiin helsneer tarhiini byaraar ajillaj baij ur dund hurne de.
amiin gishuun · 2017/11/25
Medleg bolovsrol, oyuni hucheet J.Munkhbatiin helsnert tarhiini byaraar ajillaj baij ur dund hurne de.
amiin gishuun · 2017/11/25
Medleg bolovsrol, oyuni hucheet J.Munkhbatiin helsnert tarhiini byaraar ajillaj baij ur dund hurne de.
Зочин · 2017/11/25
М.ЭНХБОЛДЫН ХОЙНООС БОЛ ҮНЭХЭЭР ХАРАМСАХ ЮМ АЛГА. ГАЗРЫН НАЙМАА , ТӨРИЙН АЛБЫГ ТАЛХ ШИГ ЗАРСАН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН.