Оффшор бүсэд нуусан мөнгийг эргүүлэн татах боломжуудын талаарх сургалт, хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнгөрч буй долоо хоногт боллоо.

Тус сургалт, хэлэлцүүлэг нь оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой байна.

Хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын  Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминологи ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас, Швейцарийн Авлига ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос нар санхүүгийн гэмт хэргийн талаар илтгэл тавьсан юм.

Энэ үеэр доктор Николас Жианнакопулос “Дэлхийн хамгийн том оффшорын бүс Карибын тэнгист байна. Тэнд хүмүүс авлига авсан болон татвараас зайлсхийхийн тулд мөнгөө хадгалуулдаг. Гэхдээ маш нууцаар, зүс, нэрээ өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, өөр хүний нэр дээр мөнгөө хадгалуулчихдаг. 
Тэднийг оффшор бүсийн хаана мөнгө нуусныг нь тогтоочихвол эргүүлэн татахад амархан. Гэхдээ тэр мөнгийг гэмт хэргийн шинжтэй үгүйг тогтоох бас хэцүү” гэдгийг онцолж байлаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч Ц.Туяацэцэг оффшорын асуудалд улс төрийн дарамт их байгааг дурдаад Авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Тэрбээр “Манай улс оффшорын бүс нутгийг батлахдаа Сингапур, Швейцарийг хассан. Гэтэл энэ хоёр улсыг оффшорын бүс гэдгийг олон улс мэднэ. Оффшорын асуудалд энэ мэт улс төрийн нөлөө их байна” гэв.