Монголын эдийн засагт томоохон нөлөөтэй, манай экспортын нүүр царай болсон үндэсний үйлдвэрлэгч “Говь” компани гал түймэрт өртсөн харамсалтай хэрэг боллоо. Дэлхийд танигдсан монгол брэндэд учирсан гамшгийг олон олон монголчууд өөртөө тохиолдсон юм шиг хүлээн авч, эв нэгтэй тусласан.

Түймэртэй шөнөжин тулалдсан гал сөнөөгч нарт “Жүр үр” компанийн ажилчид хоол цай дөхүүлж, “АПУ” компани ус, сүү хүргүүлж гай зовлонгийн өмнө монголчууд эв нэгдлээ илэрхийлж байхад яг энэ мөчид, түймэрт автсан “Говь”-оос хоёрхон километрт УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн эдлэнгийн ойролцоо “Галдан шатаая, хагалан бутаргая” гэсэн үгтэй хэсэг хүн цуглаж байлаа. Улс төрд гал өрдөж, түүнийгээ үлээж, улам дэвэргэн өрдөж буй нь энэ. Энэ удаагийн түймрийн асаагуур нь Т.Доржзодов гэгч.

60 тэрбумын бичлэгийг ил гаргасан эрэлхэг залуу хэмээн алдаршаад байгаа түүнийг цагдаагийнхан хамгаалалтад авахаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийнд “айлчилсан” гэдэг. Гэвч гэрийн эзэгтэй “Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна” гэх мэдээллийг цахим орчинд тавьснаар асуудал өөрөөр эргэж, хууль хүчнийхэн бусдын гар хөлийн үзүүрт зарагддаг зарц болж хувирав. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Ямар нэг баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй” хэмээн мэдэгдсэн ч түймэр дэгдээгчдэд цучил төдий нөлөөлсөнгүй.

Тухайн газарт байсан хүмүүс хийгээд тэнд ажилласан цөөн хэдэн телевизийн лого, тэд мэдээллийг хэрхэн хүргэж байснаас нь тухайн үйл явдлыг хэн найруулсан хийгээд захиалсан нь ил. Мэдээж зохиолыг гишүүн асан Ц.Оюунгэрэл туурвиж, пи арчид өрдөв. Улмаар нийгмийн сүлжээнд хийрхлийг дэвэргэхэд туслах дүрүүд ажлаа гарамгай бөгөөд шаламгай гүйцэтгэлээ.

Албаны хүний буюу ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатарын хэлснээр “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсанаас хойш Г.Доржзодов нь хоёр хоног “Иргэний хөдөлгөөний тэргүүн” Г.Баасангийн гэрт байрлаж, тэндээсээ янз бүрийн мэдээлэл нийтэлж ард иргэдийг төөрөгдүүлсэн. Сүүлийн дөрөв хоногт нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байрлаж, худал мэдээ мэдээлэл зохион байгуулалттай цацсан нь тогтоогдоод байна. Г.Доржзодовыг ийм үйл ажиллагаа зохион байгуулахад хүргэсэн хүмүүсийн зүгээс эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээс эсэргүүцэж байгаа нөхдийн зүгээс амь бие эрүүл мэндэд нь халдах байдал тогтоогдож болзошгүй гэх мэдээ мэдээлэл бодитойгоор авагдсан болохоор цагдаагийн байгууллага хамгаалалтад авах нь зөв гэж үзсэн. Цагдаагийн байгууллага хуулиараа ЭБША-ны оролцогчдыг хамгаалалт авах үүрэгтэй. Энэ дагуу хамгаалалт авахаар өөрт нь мэдэгдэж, хамгаалалт авч байгаа. Түүнээс энэ хүнийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй” гэсэн мэдээллийг албан ёсоор өгөв.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж байна. Мөн дээрээс нь “60 тэрбум бичлэг хийсэн Г.Доржзодов гэдэг залуугийн амь насанд аюул учирч байна. Хэрэв муу зүйл тохиолдвол МАН болон тус намаас нэр дэвшигч хариуцлагыг нь хүлээх ёстой. АН-ынхан ийнхүү нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийж байгаа учраас манай нам өчигдөр ЦЕГ, ТЕГ-т хандаж түүнийг хамгаалалтад авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон залуу шатнаас хальтирахад ч МАН-д хамаатуулах магадлал өндөр байна. Цагдаагийн байгууллагын хэлснээр Г.Доржзодов “Ахмадын холбооны” Г.Баасангийнд, гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд хоноглосон гэж мэдэгдсэн. Энэ хоёр эмэгтэй хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэж чадахгүй нь мэдээж.

Ингэхэд сонгуулийн хар пиарчид Д-г яагаад ийм золионы дүрд тоглуулах болов. Гурван сонгууль дамжин зарагдаж байгаа Доржзодов болон иргэн Ө нарын холбогдсон эвлүүлгийн хэргийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа. Г.Доржзодов дээрх бичлэгээ ашиглан МАН-аас 20 сая төгрөг авсан баримт бий. Амташсан хэрээ 13 гэгчээр тэрбээр өнөөх бичлэгээ дахин үнэ хүргэх болов уу гэх хардлага бий. Мэдээж МАН-д хандаад үр дүн гарахгүй. Харин АН үг, дуугүй шүүрээд авна. Тиймээс өмнөхөөсөө хэд дахин өндөр үнэ хүргэж, өөрөө ч ил гарахаар шийдсэн байх магадлалтай.

Нөгөөтэйгүүр, Женко бол маш сайн найруулагч, бас нийгмийн сэтгэл зүйг мэдрэгч. Шинэ төмөр замын гэгдэх хэрэгт Х.Баттулгын нэр шууд ба шууд бусаар заавал холбогддог. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан 14 хоног саатуулаад батлан даалтаар  гаргасан ч прокурорын зүгээс баримт мэдээллийг устгаж болзошгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүхээс түүнийг арваннэгдүгээр сарын 17-нд дахин хорихоор шийдвэрлэсэн. Улмаар уг хэрэгтэй холбоотой үүссэн нэгэн дуулиант мэдээлэл цацагдсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэх мэдээлэл байв. Тэр ч бүү хэл, прокурор Г.Бясман “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. УИХ-ын экс даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Х.Баттулгад ЭХ-ийн тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйл заалтаар буруутгасан байгаа” хэмээн мэдэгдэж байв. Олны анхаарлыг татсан энэ хэргийг ирвэс хамгаалагч залуугийн гэнэтийн үхэл, мүүн гэх урсгал ярьж бужигнуулаад мартагнуулсан. Өдгөө өөртэй нь холбоотой оффшорын талаар “Хас”-ын гэгдэх Ч.Ганхуяг мэдээлэл хийж, баримт дэлгэсний дараахан ийм бужигнаан өрнүүлсэн нь аргагүй хардлага дагуулна.

Хамгийн хортой нь олон нийтийг үймээн самуунд уриалан дуудаж байгаа нь дэндүү харамсалтай. Улсын баатар Э.Бат-Үүл хүртэл “Улс орноо 4 удаагийн гайтай мөргөлдөөн самуунаас авч гарсан хүний туршлагаас үзхүл сонгууль мөргөлдөөн самуунд хүрэх магадлал маш өндөр болов” хэмээн юу нь үл мэдэгдэх мессэж шидчихлээ. Будилааны галыг өрдөж суугаа Ц.Оюунгэрэл, үймээнд уриалж байгаа улсын баатар нар хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажиллаж байсан туршлагатай эрхмүүд гэхэд даанч болчимгүй. Сонгууль сонгогчдыг биш улстөрчдийн билгийн мэлмийг сохолчихдог юм биш үү.

niigmiintoli.mn