АН-ынхан Ц.Элбэгдоржийн "Төвийг сахих бодлого"-ыг хувийн тоглолт, дур зоргоор аашилсан явдал гэж дүгнэв
2017/12/02
Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс гаргасан санал дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээллийг сонслоо. Энэхүү мэдээллээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сонсоно гэж хүлээж байлаа.
Харамсалтай нь Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл өгсөн гарчигандаа нийцээгүй, ердийн хэдэн тоо баримт, урьд нь хэрэгжүүлж эхлүүлсэн зарим арга хэмжээг системгүй тоочсон, өөрөөр хэлбэл УИХ-ын чуулган дээр Монгол Улсын гадаад бодлого болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар шаардлага хангахуйц, эмх цэгцтэй, тоймтой ойлголтыг өгч чадсангүй гэж үзэж байна.
- Монгол Улсын гадаад харилцаа бол манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нэр хүндийг баталгаажуулан бэхжүүлж байдаг юугаар ч орлуулшгүй чухал салбар.
- Үе үеийн засгийн газрууд гадаад бодлогын өмнөх ололт амжилт дээрээ тулгуурлан, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлж байх ёстой.
- Гэтэл энэ цаг үед Монгол Улсын гадаад бодлогын орон зай мэдэгдэхүйц хумигдах боллоо гэж гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид дүгнэх боллоо.
Ерөнхий сайдын танилцуулсан дарааллаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогын тэнцвэртэй байдал алдагдлаа.
Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцан итгэлцлийг улам өндөр түвшинд аваачих талаар багагүй амжилттай ажиллаж ирсэн. Өмнөх УИХ-ын үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийг айлчлалыг уялдуулан хэрэгжүүлж ОХУ, БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааны механизмыг санаачлан бий болгож, эхний бодитой үр дүнд хүрээд байлаа. Транзит тээврийн асуудлаар тодорхой гэрээ хэлцэл байгуулж, “Эдийн засгийн коридор” байгуулах ажлын эхлэл тавигдаад байна.
Гэвч хоёр хөрштэйгээ тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитой болгох тал дээр МАН-ын засгийн газрууд хангалтгүй ажиллаж ирлээ. Жишээлбэл Хятадын “Бүс ба Зам” санаачилгад хэрхэн оролцох талаар төрийн бодлого байхгүй байна. Энэ чухал чиглэлээр Монголын төрийн гадаад бодлогын залгамж чанар, нэг цонх, нэгдмэл бодлого, нэгдсэн зохицуулалт шаардлага хангахгүй байна.
Нөгөө талаар манай гуравдагч хөршийн бодлого өмнөх инерцээрээ л явж, үндсэндээ зөнд нь орхигдчихоод байна.
Бидэнд Хойд Америк, Европын Холбоо, Зүүн-Өмнөд Азийн томоохон орнуудын шинэ удирдагч нарын өөрийн онцлогтой бодлогод нийцүүлэн хамтран ажиллах бодлого илт дутагдаж байна.
Бид хоёр хөршөө илүү түшээд гуравдагч хөршөө холдуулчихаж болохгүй, эсвэл гуравдагч хөршөө илүү дагаад хоёр хөршөө огоорч болохгүй. Гадаад бодлогын ийм торгон тэнцвэрийг алдалгүй барьж байх манай чадвар суларч байгаад сэтгэл зовниж байна.
Хоёр. Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны эрч саарч байна.
Монгол Улсын гадаад бодлогын идэвхтэй санал, санаачилгаар өргөжин тэлж байсан гадаад харилцааны орон зай, зорилт хумигдаж, олон талт хэд хэдэн механизмын үйл ажиллагаанд оролцох явдал үндсэндээ зогсчихоод байна.
1. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2022 онд анх удаа сонгогдох зорилт тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч дорвитой хийсэн ажилгүй, тууштай бодлогогүй, боловсон хүчингүй суусан хэвээр байна. Өмнөх жилүүдэд бид НҮБ-ын системд барьцаа ахиулж Байгаль орчны дэлхийн ассамблейг даргалах, Хүний эрхийн зөвлөлд жинхэнэ гишүүнээр сонгогдох зэргээр олон бодитой алхамууд хэрэгжүүлж ирсэн ололтууд замхарлаа.
2. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай даргалж, ардчиллын төлөө тус хөдөлгөөний зохион байгуулалт, бүтцийн шинэчлэлийг гардан гүйцэтгэснээр олон улсад манай улсын нэр хүнд урьд өмнө байгаагүй өндөрт хүрсэн билээ.
Гэтэл, АОХН-ийн үйл ажиллагаанд оролцох оролцоо УИХ-ын сонгуулиас хойш сүүлийн 2 жилд огцом идэвхгүй болсон байна. Хуралд нь ойр хавийн ЭСЯ-наас оролцуулдаг, идэвх санаачилга гаргахаа больсон. Энэ нь нэг талаар манай гадаад бодлого залгамж шинж чанаргүй, тууштай биш болсон, гадаад бодлогын орон зай хумигдсан нэг том жишээ мөн. Нөгөө талаар, ардчиллын төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэргээс бид ухарсан дүр зураг харагдаж байна.
3. Монгол Улс 2011 онд үүсгэн байгуулагч нь болсон олон улсын “Онлайн эрх чөлөө” эвслийн үйл ажиллагаанд огт оролцохоо больсон байна. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн онлайн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахын төлөө ажилладаг энэ чухал эвслийн “амьгүй гишүүн” болжээ. Бид гадаад бодлогын энэ чухал орон зайгаа өөрсдөө хаачихаад байна.
4. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-т чухал ач холбогдол өгч элсээд удаагүй байна. Гэтэл бид бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий тус байгууллагын потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй, харин ч бүр тээршаах байдал ажиглагдах боллоо.
Гурав. Гадаад бодлогын чухал гүүрүүдээ нурааж байна.
1. Алсын хараатай, холын бодолтой нээсэн зарим ДТГ-уудыг татан буулгасан явдал Монгол Улсын гадаад харилцааны орон зайг зориудаар хумьсан хэрэг боллоо. АСЕАН-ы тэргүүлэгч Индонези, Өмнөд Америкийн дэлхийн 5 том эдийн засгийн нэг Бразил зэрэг оронд байгуулагдаад сууриа баттай тавиад байсан ЭСЯ-дыг 35 дипломатын хүүхдийн цэцэрлэгийн зардлыг санхүүжүүлэх нэрээр хаасан нь ноцтой алдаа болсон.
2. Үндсэн хуулиар гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох болон эгүүлэн татах бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч эдэлнэ гэж заасан. Засгийн газар энэ асуудал дээр Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож явах ёстой. Гэтэл Элчин сайд нарын томилгоог Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаравчлан бөөнөөр хийсэн нь хариуцлагагүй үйлдэл болсон. Элчин сайд нарын томилгоо наад зах нь хугацаа, товын хувьд алдаатай, нэг дор бөөнөөр нь шийдсэн нь буруу байсныг өнөөдрийн үүссэн нөхцөл байдал харуулж байна.
3. Гадаад яам урьд нь байдаг шигээ нээлттэй биш хаалттай яам болжээ. Гадаад бодлогын талаах явуулж буй үйл ажиллагаагаа ойлгомжгүй болсон, нэг цонхоор гадаад бодлогоо явуулж чадахаа больсон, гадаад бодлогын байр сууриа дотоод болон гадаадад нийтэд мэдээлэхээ байсан нь том ухралт юм.
Дөрөв. Гэрээ хэлэлцээ хийх чадвар доройтлоо.
1. ГХЯ-ны нэг чухал үүрэг, функц болох олон улсын гэрээ хэлэлцээ хийх чадвар доройтож байна. Хашир, туршлагатай дипломатчдынхаа мэдлэг чадварыг ашиглан төрөл бүрийн салбарын гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх, тэднийг сургахаар байгуулсан Дипломатын академийг татан буулгасан нь бодлогын хувьд алдаатай зүйл болсон.
2. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр манай улсын анхны чөлөөт худалдааны гэрээ гэдгээрээ чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Гэвч уг хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх чадваргүй, дараагийн хүн томилолтоо аваагүй байхад өмнөх ДТГ-ын тэргүүнээ яаравчлан татаж ажил хариуцах эзэнгүй сууж байна.
3. Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж атьдарч байгаа БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээнд орсон гэх боловч өөрийн бодлогогүй, айлын талд хөтлөгдөөд явж байна.
4. Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажилд бодлогогүй, бэлтгэлгүй, чадавхигүй сууж байна.
5. Дэлхийн худалдааны байгууллагын боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна.
Дээр дурьдагдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт цаашид анхаарал хандуулж ажиллах чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах санал өгч байна. Үүнд:
1. Гурван талт дээд хэмжээний уулзалтыг цаашид агуулгын хувьд хэрхэн хийх талаар ҮАБЗ дээр сайн ярилцах хэрэгтэй байна. Эдийн засгийн коридорын асуудлууд яригдаж, зарим төсөл урагшлах хандлагатай байгаа боловч Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалыг бид умартаж болохгүй бөгөөд энэ талаар УИХ дээр ч хэлэлцүүлэг хийж тодорхой шийдвэр гаргах шаардлгагатай.
2. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-д саяхан Энэтхэг улс элсэн орсон. Манайх улсыг ШХАБ-д элсэхийг хоёр хөрш тогтмол уриалдаг. Энэ талаар хэрхэх тухай сайн нягталж, судалгааны ажлыг эрчимжүүлэх замаар тодорхой санал дүгнэлтээ боловсруулж ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн УИХ-д танилуулах,
3. 2015 оны 9-р сард НҮБ-ын индэр дээрээс тэр үеийн төрийн тэргүүн маань Төвийг сахих бодлогыг тунхаглан зарласан. Манай Улс гадаад бодлогоо хуульчилж УИХ-аараа хэлэлцэж батлагдаагүй, энэ мэт асуудлыг олон улсад залруулга, тайлбар хийж нэг мөр болгох ёстой гэж үзэж байна.
- Цаашид “Төвийг сахих бодлого” гэх мэт аливаа гадаад бодлогын асуудлаар өөрийн дураар хувийн тоглолт хийх, хуульгүйгээр олон нийтэд зарлан тунхаглах, дур зоргоор аашлах байдлыг хязгаарлах, ийм байдал давтагдахгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй байна.
4. Европын Холбоотой байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаатай холбогдуулан Засгийн газраас төлөвлөгөө гаргаж идэвхтэй ажиллах,
- 2013 оны 4-р сард Европын комиссын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Кэтрин Эштон айлчилж гэрээнд гарын үсэг зурж, энэ онд буюу 4,5 жилийн дараа хүчин төгөлдөр болсон.
5. Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамны хамтарсан үйл ажиллагаа уялдаа холбоо шинэ шатанд гарах ёстой. Өнөөдрийг хүртэл 14000 цэрэг энхийг сахиулах үйл ажиллаганд оролцож үүрэг гүйцэтгэсэн нь Монгол Улсын бахархал болж байгаа. Олон улсын энхийн сахиулах үйл ажиллагаанд оролцож буй энхийг сахиулагчид урьд нь 6 сараар үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр 1 жилээр үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол Монгол Улс цэргийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудлыг умартсан маш хариуцлагүй хандсан асуудал гэж үзэж байна.
Мөн НАТО-той хамтын ажиллагааг цаашид хэрхэх талаар ухаалаг бодлого гаргаж ажиллах,
- НҮБ-д суугаа элчин сайд дээрх асуудлаар туйлын хариуцлагагүй ажиллаж байна.
- БХ болон ГХ-ын сайд нар НАТО-гийн хуралд оролцож байгуулсан түншлэлийн гэрээ хэлэлцээр, энхийг сахиулагчдынхаа тоо, чанарыг нэмэгдүүлэх талаар ярихаа больсон. НАТО болон бусад хамтрагч түншүүддээ энхийг сахиулагчдынхаа нөхцлийг сайжруулах талаар уулзаж ойлгуулж чадахгүй байна.
6. Хоёр талын харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллах, өндөр, дээд хэмжээний уулзалт, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хэлэлцэх асуудлын хүрээ, агуулгыг баяжуулах,
- Тухайлбал намайг сайдаар ажиллаж байх үед 2013 онд 20 орчим орны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг айлчлуулж байсан бол 2014 онд хоёр хөршийн төрийн тэргүүн болон бусад 10 гаруй орноос өндөр, дээд хэмжээний зочдыг хүлээн авах ажлыг зохион байгуулж, мөн тэр хэрээр гадаад айлчлал хийгдэж Монгол Улсынхаа гадаад бодлогыг ойлгуулдаг байсан. Гэтэл энэ он гарсаар Монгол Улс ердөө хоёрхон улсаас л өндөр, дээд хэмжээний зочин хүлээн авсан нь манай улсын гадаад харилцаа ямархуу идэвхгүй, сул байгаа харуулж байна. ОХУ, Хятадад зохиогдсон олон чухал арга хэмжээнд засгийн эрхийг авсан нам дотоод асуудлаасаа болж хариуцлагатай төлөөлөгч оролцуулсангүй. (Герман, Япон)
7. Олон талт харилцаа хамтын ажиллагааны эрчийг буцааж хэвийн түвшинд хүргэх,
- Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Сайд нарын VII бага хурал, “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн сайд нарын V бага хурал хурал, Олон улсын сонгуулийн байгууллагын хурал, ЕАБХАБ-ын парламентийн чуулган, Ази-Европын Парламентийн түншлэлийн уулзалт, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум, НҮБ-ын Байгаль орчны дэлхийн чуулган, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чуулган, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хурал зэрэг олон арга хэмжээг санаачилж зохион байгуулсан. Гэвч эдгээр арга хэмжээний давтамж, эрч алдагдаж, хурлын мөрөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд замхарч, Монгол Улс олон талт асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх, идэвхтэй хамтын ажиллагаа зогсонги байдалд орлоо.
8. Консулын харилцаа, иргэдийн харилцан визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ажиллах,
- Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтын эхэнд Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, тэдний зөрчигдсөн эрхийг өмгөөлөх, аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлахыг дэмжих, гадаадад төрсөн монгол хүүхдийг эх хэл, соёлоо сургах, Монгол судлалыг эрчимжүүлэх, хил орчмын иргэдийн түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг бий болгох зэрэг асуудлыг тусгаж байсан билээ.
- Мөн эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор 2014 онд баталсан Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг АСЕМ-ийн хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хүчингүй болгож цуцалсан. АСЕМ-ийн хурал аль хэдийн болоод дууссан ч гадаад хэргийн яам энэ асуудлыг дахиж эргэж хөндсөнгүй.
9. Төсвийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, Гадаад харилцаагаа тэлэх, идэвхтэй гадаад бодлого явуулахад шаардлагатай төсвийг нэмэгдүүлэх,
- Гадаад хэргийн сайдын төсөв 2018 онд 71.7 тэрбум төгрөг (29 сая ам.доллар) байна. Улсын төсөв, олон улсын тусламж, дэмжлэгээр хийсэн АСЕМ-ын дээд түвшний олон улсын хурлын зардалд зөвхөн Гадаад хэргийн яамны төсвөөс 2016 онд 20.8 тэрбум төгрөг зарцуулснаас Үндэсний аудитын газрын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илрээд байгаа нь цаашид Монгол Улсад олон улсын хурал хийх, зохион байгуулах итгэл найдварыг харлуулсан зүйл боллоо. Ийм санхүүгийн хариуцлага, сахилга батгүй бол цаашид Монгол Улс ямар дэмжлэгээр олон улсын арга хэмжээг зохион байгуулах вэ? Олон нийтийн эргэлзэж байгаа энэ АСЕМ-ийн хуралд зарцуулсан нийт хөрөнгө, мөнгөний асуудлыг шалгаж нэг тийш нь болгох шаардлагатай.
- Гадаад яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгыг тухайн үед Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн зургийг шинэчлэн батлуулж байсан. Гэтэл дараагийн сайд нь ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгахын оронд барилгын ажлыг 3 жилээр гацаан өмнөх санаачлага, эхлүүлсэн ажлыг унагасан. Гадаад яамны өнгөтэй, үзэмжтэй байх нь зүгээр нэг яамны биш улс орны нэр хүндийн асуудал юм.
10. Гадаад, дотоод дахь өмч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, тооллого, ашиглалтын менежмэнтийг сайжруулах,
- Гадаад дахь Монгол Улсын өмч, барилгад тухай бүрт шаардлагатай засвар үйлчилгээ хийгдэж чадахгүй байгаагаас үнэгүйдэж, үрэгдэж байна. Тухайлбал Москва дахь Элчин сайдын яамны байранд ОХУ-ын хуулиар хориглосон нууц казино, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан, Элчин сайдын яамны II байраа түрээсийн гэрээ хийх нэрээр гадныханд алдсан гэх мэт асуудал гарсаар байна.
- Дипломат-95 цогцолборын байрыг АСЕМ-ийн хурлын сэтгүүлч, төлөөлөгчдийг байрлуулах нэрээр далим гарган дарга нарт хувьчилсан нь луйврийн шинжтэй үйлдэл болсон.
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг
Уншиж танилцуулсан УИХ-ын гишүүн Л.Болд
Ry · 2017/12/02
Yag e b avgai
Зочин · 2017/12/02
yes good...