Монгол Улсад 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болжээ
2017/12/04
Дэлхийн банк 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болжээ. Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл өрийн тогтвортой байдлыг сэргээж, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар авч буй Монгол Улсын арга хэмжээг ийн дэмжихээр болсон байна.
Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Тус хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд оруулахад чиглэсэн Засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм” хэмээн онцолжээ. Мөн “Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байна. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтсан” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү 120 сая ам.долларын дэмжлэг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах арга хэмжээ бололтой.