Монгол Улс Авлигын эсрэг хуультай болж, улмаар АТГ хэмээгчийг байгуулж ажиллуулсанаас хойш даруй 10 жилийн нүүр үзсэн байна. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог номтой.

Тиймээс АТГ-ын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, дохио зангаагаар хөдөлдөг гэдэг “биегүй” тодорхойлолттой явдаг юм. Зарим цаг үед ийм байсан нь барим тавим үйл явдлаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, энэ газар том улстөрчдийн өрсөлдөгчийг намнадаг, эсвэл  ялагдсан намынхны “бөгсийг ухаж” ял хэлэлцдэг байлаа. Байлаа гэсний учир нь  АТГ-ыг сүүлийн үед овоо ажиллаад байна уу гэж харахаар байгаа юм. Юу гэвэл урьд өмнө “Тул барь” гэдэг улс төрийн зарлиг, даалгавар АТГ-ынханд очдог байсан юм. Тул гэдэг нь том даргын өрсөлдөгч л дөө. Гэтэл жинхэнэ авлигын “тул”  нь төрийн дунд тушаалын албан хаагчид буюу хурган дарга нар байсан байна. АТГ авлигатай жинхэнэ утгаар тэмцэхийн тулд хаагуур нь орж, хаанаас нь татаж гаргах вэ гэдэг учраа олж байх шиг байна.

Жилийн өмнө байх аа, Замын-Үүдэд гаалийн байцаагч нарыг хар ууттай авлигын мөнгөтэй нь гардаж байсан. Хоёр сарын өмнө Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга эмэгтэйг бас л авлигынх нь мөнгөтэй нь барьсан. Хориодхон хоногийн өмнө Авто тээврийн үндэсний төвийн хоёр даргыг үйлдэл дээр нь буюу авлигын мөнгөтэй нь гардсан гэдэг. Тэгвэл өчигдөр МХЕГ-ын Газрын дарга, Хэлтсийн дарга хоёрыг авлигад авсан 200 сая төгрөгөө тоолоод сууж байхад нь барилаа гэнэ.

Гааль, Нийслэлийн зарим байгууллага, МХЕГ зэргийг бид мэднэ дээ. Авлига, хүнд суртлын жишээ болж, иргэд хэрвээ санал өгдөг бол эхний хэдэд ордог газар шүү дээ. Иймэрхүү хаяг шошго, нэр алдартай газрууд дахиад зөндөө бий. АТГ-ынхан дээрх хэд дээр очдог шиг “буугаад мордвол” хоосон гарна гэж бараг үгүй дээ. Мөрийцсэн ч болно.

Авлигын “тул” нь төрийн дунд албан тушаалтнууд байдгийг дээрхээс гадна олон баримтаар нотолж болохоор байна. Тодруулбал, АТГ-ынханд баригдсан Замын-Үүдийн гаалийнхан бол маш удаан хяналтад нь байсан байгаа юм. Авлига аваад сурчихсан. Маш олон удаагийн мэдээллийг нэг л удаа нягтлахад их хэмжээний мөнгөтэй баригдсан байдаг.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгээс одоогоор хоёр тэрбум орчим төгрөгийн асуудал илрээд байгаа гэсэн. Тэр эмэгтэй төсвийн мөнгөөр шүдээ янзлуулаад, тэрнийхээ төлбөрийг шүдний эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Сүүлийн үеийн гаднын одууд шиг шүдээ цав цагаан, тэв тэгшхэн, бас паалан сэлтийг нь шинээр хийлгэсний төлбөр нь 49 сая төгрөг болсон гэж байгаа. Тэр мөнгийг нийслэлийн төсвөөс шүдний эмнэлэг рүү хийчихсэн гэсэн үг. Бас нэг томоохон баярын үеэр өөртөө 200 гаруй сая төгрөгийн брэндийн хувцас авч өмсчээ. Түүнийхээ төлбөрийг дэлгүүрийнх нь данс руу бас л шилжүүлсэн байгаа юм. Лут шүү.

Мөнгөө тоолж суугаад баригдсан Авто тээврийн үндэсний төвийн хоёр даргын хор хохирол нь их төвөгтэй. Тэд энд авлига авснаас болоод Гашуунсухайтын боомтод нүүрсний машинууд 100 км урт дараалал, түгжрэл  үүсдэг юм байна. Өөрөөр хэлбэл, тэд наагур цаагуур машиныг хэдэн арваар нь чихдэг “бизнес” Авто тээврийн үндэсний төвийнхэнд байсан байна. Дашрамд хэлэхэд энэхүү Авто тээврийн үндэсний төвийн, бас Нийслэлийн нийтлэг үйллчилгээний газрын даргын асуудлаар эрэн сурвалжилсан нийтлэл удахгүй “Зууны мэдээ” сониноор дамжин уншигч танд хүрэх юм.

Энэ мэтчилэн “дунд гар”-ын дарга нар авлигын хамгийн том сүлжээг атгаж суудаг болохыг бид үзлээ, харлаа. АТГ-ын дарга өчигдөр /2017.12.7./ Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайдад 21 аймаг, яамдын сүүлийн таван жилийн “хавтаст хэрэг”-ийг зөвлөмж нэрээр өгчихсөн байгаа. Ерөнхий сайд ч АТГ-тай хамтарч авлигатай тэмцэнэ гшэж мэдэгдсэн байна. Тэгэхээр АТГ ойрын үед жинхэнэ “тул”-уудыг нэлээд дэгээдэх бололтой.

Эх сурвалж: www.polit.mn