Ж.Батзандан гишүүн Б.Хурцад холбогдох асуудлаар хийсэн нээлттэй сонсголын дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ
2017/12/20
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Б.Хурцад холбогдох асуудлаар энэ сарын 15-нд Төрийн ордонд хийсэн нээлттэй сонсголын дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.
Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тус дүгнэлт нь нийт 3 хуудас материалаас бүрдэж байгаа бөгөөд Б.Хурц нь олон улсын хэм хэмжээг зөрчиж, хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Тус хэргийг Европын холбооны хууль хяналтын байгууллагууд одоогоор шалгаж буй. Мөн Д.Энхбат агсаны амь насанд хүрч Монгол Улсын иргэний эрхийг зөрчиж холбогдох хуулийг зөрчсөн, Унгар улсад суухдаа тамхины наймаа хийдэг байсан, С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшсэн үед зохион байгуулалттай бичлэг хийн хэвлэлээр цацсан, ингэснээр сонгогчдын эрхэд халдсаны зэрэгцээ С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийг нэг тийш болоогүй байгаа үед Б.Хурцыг Элчин сайдаар явуулж болохгүй хэмээн уг дүгнэлтэд бичсэн болохыг Ж.Батзандан гишүүн ярьлаа.
Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү томилгоог зогсооно хэмээн итгэж байгаагаа хэлээд Б.Хурцын гар хөл болж буй албан тушаалтны нэрсийг зарлана гэв.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг