Оны "Онцлох аж ахуйн нэгж", салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэ оны онцлох “ENTREPRENEUR” шагналыг “Өргөө Imax” кино театрын сүлжээгээр олонд танигдсан “Нью Тур Сафарис” компани шалгарлаа. Оюуны хөрөнгө оруулалт хийж, холливудын болон монголын шилдэг контентыг түгээдэг энэхүү хамт олон үйлчилгээний салбарт гаргасан амжилтаараа энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн байна.

“ENTREPRENEUR” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ 21 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МҮХАҮТ-аас Монголын томоохон компаниудад олгодог хамгийн нэр хүндтэй арга хэмжээ бол “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа юм. Хоёр оны зааг дээр болж буй энэхүү арга хэмжээ 21 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бизнес эрхлэгчдийг шударга зарчмаар шалгаруулсан болохоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгч онцолж байв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

“2017 онд эдийн засаг маань 5.8 хувийн өсөлттэй байгаа. Бүх төрлийн татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр давж биелсэн байна. Тийм учраас энэ их амжилт гаргасан бизнес эрхлэгчиддээ баяр хүргэх нь зүйтэй. Энэ арга хэмжээ маань тодорхой 30 төрлийн шалгуураар шалгаруулдаг уламжлалтай. Ингээд улиран одож буй 2017 оны шилдэгийн шилдэг аж ахуйн нэгжүүдээ тодруулах өдөр ирлээ. Эдийн засгийн өсөлтийг авчирсан аж ахуйн нэгжүүдээ тодруулж, алдаршуулах болсондоо баяртай байна” гэсэн юм.

Энэ жилийн хувьд, оны онцлох 10 аж ахуйн нэгжээр “Эрдэнэт” үйлдвэр, “АПУ” ХХК, “Хаан банк”, “Сүү” ХК, “Өгөөж чихэр боов”, “Энержи ресурс” зэрэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүд тодорлоо. Оны хамгийн шилдэг үйлчилгээтэй, олон улсын стандартыг нэвтрүүлж чадсан гэдгээрээ “Өргөө IMAX” кино театр оны онцлохоор мөн шалгарсан байна. Тус кино театрын сүлжээг явуулдаг “Нью Тур Сафарис” компанийн хувьд 2017 он их бүтээн байгуулалтын жил байснаа арга хэмжээний үеэр хэлж байлаа.

“АЗИ ТИВДЭЭ ЗАГВАР ДИЗАЙНЫ ХУВЬД ГАЙХАГДСАН, ШИНЭ ҮЕИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БОЛ “ӨРГӨӨ-4” ЭРДЭНЭТ КИНО ТЕАТР ЮМ”

“Нью Тур Сафарис” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батханд:

“Дэлхийн брэнд IMAX Монголчуудын брэнд болж чадлаа. IMAX кино театр 2016.07.22-ны өдөр Монгол Улсад анхны албан ёсны нээлтээ хийсэн. Түүнчлэн Монгол Улсын хоёр дахь том хот, хоёр дахь том зүрх гэгддэг Эрдэнэт хотноо зөвхөн Монгол Улсад төдийгүй Ази тивдээ загвар дизайны хувьд гайхагдсан, шинэ үеийн барилга байгууламж “Өргөө-4” ашиглалтад орлоо. Энэхүү кино театр маань зөвхөн Эрдэнэтчүүд төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд соёлыг түгээх зорилготой. 2017 онд бүтээсэн амжилт, бүтээн байгуулалт цаашдаа зогсохгүй. 2018 онд бидний бүтээн байгуулалт үргэлжилж, "Өргөө-5" кино театрыг ашиглалтад оруулж, орон даяар "Өргөө" кино театрын сүлжээг бий болгохоор төлөвлөж байна. Нийгэмд оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт нь мөнгөөр үнэлэшгүй хөрөнгө оруулалт гэж бид итгэдэг. Ард түмэн ч мөн итгэдэг учраас “Нью тур сафарис” ХХК-нд энэ шагналыг гардуулсан гэж бодож байна” гэлээ.

“МОНГОЛ ДАХЬ IMAX ӨРГӨӨ КИНО ТЕАТР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛЭЭРЭЭ 75 ОРНООС ДОЛДУГААРТ ШАЛГАРСАН”

Үндэсний хэмжээний кино театрын хамгийн том сүлжээ болох Өргөө кино театр нь 2016 онд дуу дүрсний гайхамшиг болсон IMAX брендийг оюуны өмчийн зөвшөөрөл, онцгой эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлсэн нь Монголын залуучуудад хийсэн томоохон оюуны хөрөнгө оруулалт байсан юм. Мөн Азидаа тэргүүлэх архитектурын шийдэл бүхий “Эрдэнэт Өргөө” кино театр нь хөдөө орон нутагт кино урлагаар дамжуулан боловсрол олгох, соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ бүхнийг үнэлж, НЗДТГ-аас IMAX кино театрыг “Оны шилдэг брендинг”-ээр мөн тодруулжээ. Канадад төвтэй IMAX-ийн удирдах байгууллага Монгол Улсыг IMAX кино театрын үйлчилгээний зэрэглэлээр нь дэлхийн 75 орноос долдугаарт шалгаруулсан байна. Ийнхүү Монголчууд хийж чаддаг, дэлхийд үнэлүүлж чаддагийн жишээ оюуны салбарт ч ололт амжилтаар дүүрэн байна. “Гайхамшиг үргэлжилсээр” уриатай Өргөө кино театрынхан холливудын шилдэг бүтээлийг 2018 ондоо үргэлжүүлэн үзэгчдийн хүртээл болгож дэлхийн нээлтийг Монголдоо үзэх боломжийг ханган ажиллахаа онцолж байлаа.