Нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг хориглох ийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотод орон нутгаас 9949 иргэн шилжин ирсэн бөгөөд 11256 иргэн орон нутаг руу шилжин явсан байна. Харин өмнөх онд буюу 2016 онд орон нутгаас нийслэлд 25245 иргэн шилжин ирж байсан. Энэ бүгдийг дүгнэн үзэхэд 2017 онд сүүлийн 20 гаруй жилд анх удаа Улаанбаатар хотод байнга оршин суухаар шилжин ирэгсдийн тоо бодитоор буурсан гэж хэлж болох юм. Мөн гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх ажил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үргэлжилж байна. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Энэ ажил ирэх хавраас эрчимжинэ. Сэлбэ, Баянхошуу орчмын нутаг дэвсгэр дулаан, бохир, цэвэр ус, бусад шаардлагатай дэд бүтэцтэй болсноор яндангийн тоог бодитоор бууруулах боломж нэмэгдэнэ. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран 2019 онд Баянхошуу дэд төвд 495, Сэлбэ дэд төвд 584 айлын орлогод нийцсэн орон сууцны барилгуудыг барьж эхэлнэ.

Иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүс буюу агаарын бохирдол хамгийн ихтэй гэр хорооллын 70 гаруй хороонд оршин сууж байгаа иргэдийн худалдан авч байгаа байрны 30 хувийн урьдчилгааг төлж, дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байна.