П.Загджав: Миний ярьсан бүхэн үнэн, бодит, баримттай зүйл.
2018/01/15
Сүүлийн үед салбарын сайдаасаа зэмлэл хүртээд буй Уул уурхайн дэд сайд П.Загджав Оюутолгойн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр энэ талаар дараах зүйлсийг ярилаа.
Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлыг би илэрхийлж байна. Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Энэ талаар удаа дарааллан мэдээлэл хийсэн. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирсэн. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Оюутолгой компани жилдээ 5-6 тэрбум төгрөгийг хөрөнгө олсон ч 1 тэрбумыг эх орондоо оруулж байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ.
Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Зээл зээлийн хүү буурахгүй, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, татвар нэмэгдсэн, агаар орчны бохирдол ажилгүйдэл ядуурал, хуучирсан зам тээвэр, дэд бүтэц зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэх шаарлагатай байна. Улс орныхоо нийгэм эдийн засгийг байдлыг нэмэгдүүлж, ард түмнийхаа амьдрал аж ахуйг сажруулах зүйтэй байна. Энэ миний байр суурь, Уул уурхайн дэд сайдын байр суурь" гэсэн юм.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны дүү Рио тинтой компаний туслан гүйцэтгэгч гэсэн яриа гараад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би гурван дүүтэй. Нэг нь уул уурхайн компанид ажилладаг. Хоёр нь хувийн хэвшил ажилладаг. Манай дүүгийн компани Рио тинтогийн туслан гүйцэтгэгч байсан гээд байх юм. Манай дүүд ийм компани байсан талаар би мэдэхгүй.
-Шатахууны үнэ яагаад нэмэгдэв. Салбарын яам ямар зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?
-Шатахууны үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах зөвлөл бий. Энэ зөвлөл шатахууны хангалт нийлүүлэлтийг авч хэлэлцсэн. Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч арга хэмжээ авч, онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нефть импортлогч компаниуддаа боломж олгож, хугацааг нь хойшлуулж байсан. Энэ хугацаанд компаниуд нөөцөө бүрдүүлсэн байх учиртай. Компаниуд үнээ нэмсэн зүйл байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу. Шатахууны онцгой албан татварыг нэмсэн зүйл байхгүй.
-Одоо ямар ажил хийж байна?
-Нефтийн бүтээгдэхүүний үнэд үүссэн асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бүх зүйл тодорхой болсны дараа асуудлыг эргэж ярина. Ер нь шатахууны сарын нөөц бий. Үнэтэй холбоотой асуудлыг ажлын хэсгийн шалгалтын дүнгийн дараа тодорхой ярих юм. Асуудалд бид тооцоо судалгаатай хандаж байгаа. Үнийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зах зээл, үнэ тогтворжуулах ажил явагдаж байгаа. Та бүхэн нефтийн бүтээгдэхүүний үнэд санаа зовохгүй байж болно. Өмнө нь үнэ тогтворжуулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тодорхой ажил хэрэгжүүлж ирсэн. Шатахуун импортлогч компани, үйлдвэрчний эвлэл, төр гурван талт уулзалт хийж байгаа. Үүний дараа хариу өгнө.
-Өөр аж ахуйн нэгжийг оруулж ирж болдоггүй юм уу?
-Монголын зах зээлд иргэн, аж ахуйн нэгж ажиллах нь чөлөөтэй. Нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газар ажиллаж байна.
-Таны энэ мэдэгдэл хувийн байр суурь уу яамны байр суурь уу?
-Энэ бол Монголын улсын уул уурхайн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Мөн ард түмний өмнөөс хийж байгаа юм. Энд дурдсан бүх зүйл бүгд баримттай.
-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тантай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн?
-Оюутолгой компани монголын баялгыг ашиглахдаа хилийн чандаас удирдаж байна. Миний ярьсан бүхэн үнэн, бодит, баримттай зүйл.