Нефть импортлогчид зарим төрлийн шатахууны үнээ нэмснээ хүлээж, ШӨХТГ зөрчлийн хэрэг үүсгэлээ
2018/01/16
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 8-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын дарга Б.Лхагва “Сүүлийн үед бензин, шатахуун, дизель түлшний хомсдолын асуудлаар санал хүсэлт ирж байна. Бензин шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд үнэ тарифаа нэмэх ,эрх одоогийн түвшинд байхгүй. ШӨХТГ-аас үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байх шаардлага тавьж байгаа.
Тийм учраас хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажил хийнэ. Шалгалтын дүнг харгалзан хариуцлага тооцох асуудал яригдана. Энэ талаар анхаарч ажиллах санамж, зөвлөмжийг хүргүүлсэн гэсэн юм. Ийн анхааруулсаар байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим ШТС-ууд түр “хаалгаа" барьснаас үүдэн “бензиний үнэ нэмэгдлээ” гэсэн яриа иргэдийн түгсэн. Энэ сургаар бензин авах гэсэн жолооч нар шатахуун борлуулж буй цөөхөн хэдэн түгээх газрын гадна дугаарлаж зогссон.
Түүнчлэн гэнэт шатахууны хомсдол бий болсноос үүдэн зарим жолооч дамын үнээр бензин түлш худалдаж авсан. Нөгөө талд нефть импортлогч компаниуд өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш барьж ирсэн шатахууны үнээ нэмэхгүй бол шатахууны импортод ногдуулах Онцгой албан татвар өссөн, Орост нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн зэргээс хамаарч алдагдалтай ажиллах боллоо гэсэн мэдэгдлийг оны өмнөөс хийсэн юм.
Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас А-95, 98 төрлийн нано шатахууны үнийг дур зоргоороо нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдод хариуцлага тооцно гэлээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 805.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Энэ нь 2016 оныхоос 279.6 мянган тонноор буюу 184.2 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг.
НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД: “ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ”-НИЙ БУЮУ А-95,98 ШАТАХУУНЫ ҮНИЙГ 110-150 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН
Амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүссэн, үнэ нэмсэн тухай асуудлаар "НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв нар мэдээлэл өгсөн.
Тэд "Онцгой албан татварыг нэмснээр шатахууны төрлөөс хамаарч тонн тутамд 180, 217 мянган төгрөгөөр татварын нэмэлт зардал гарч байна. Мөн ОХУ-аас худалдан авдаг шатахууны үнэ 30 орчим хувиар өссөн талаар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш төр засагт мэдэгдсээр ирсэн.
Шатахуун импортлогчид 2017 оны хоёр сараас хойш нэгж үнээ өөрчлөөгүй. Уул уурхайн яам асуудлыг дор нь шийдээгүйгээс бидний алдагдал улам өсөж байна. Арванхоёрдугаар сард Шатахууны үнийн зөвлөл хуралдах тов гарсан ч ирц бүрдээгүй. Энэ зөвлөлд багтдаг таван шатахуун импортлогч хуралд очсон ч төрийн байгууллагын төлөөллүүд ирээгүй.
Уул уурхайн яамны удирдлагууд бидэнд өнгөрсөн оныг дуустал үнээ нэмэлгүй хүлээж, харзнахыг хүсэлт тавьсны дагуу импортлогчид үнээ нэмээгүй. Одоогийн байдлаар 14 хоногийн хугацаанд энгийн хэрэглээний шатахууны үнээ нэмэхгүй гэж хэлсний дагуу өргөн хэрэглээний А-92, А-80 дизель түлшний үнийг нэмээгүй.
Харин “тансаг хэрэглээ”-ний буюу А-95, 98 шатахууны үнийг 110-150 төгрөгөөр нэмсэн” гэлээ. Мөн амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүссэн, АИ-92 бензин олгохгүй байсан талаар “Шатахууны үнэ нэмэгдсэн мэдээллээр жолооч нарын шатахууны худалдан авалт нэмэгдсэн. Ингээд хотын төв дэх “Петровис” компанийн салбар колонкууд агуулахаасаа шатахуунаа шуурхай татаж чадахгүй байгаа. Учир нь, том оврын ачааны машин бараагаа зөвхөн шөнийн цагаар тээвэрлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, импортын шатахууны тээвэрлэлт тасалдаж, нөөцгүй болсон зүйл огт болоогүй” гэжээ.
Шатахууны үнийн 76 хувь нь импортын үнээс, 23 хувь нь таван төрлийн татвар, үлдсэн нэг хувь нь үйл ажиллагааны зардал байдаг.
Өмнө нь татвар болон хилийн үнэ бага хувийг эзэлж байв. Харин одоо автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг үе шаттайгаар нэмснээр тонн тутамд 190-280 мянган төгрөгийн татвар төлж байна. Ингэснээр шатахууны импортын үнэ 21-25 хувиар өсөхөд нөлөөлж байна. Мөн шатахууныг ам.доллараар худалдан авч, төгрөгөөр борлуулдаг тул ханшийн зөрүүнээс давхар алдагдал хүлээж байна гэв.
ШӨХТГ: НЭР БҮХИЙ НЕФТЬ ИМПОРТЛОГЧ КОМПАНИД ТАВ ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгчээ. Мөн “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Петровис", “Тэс петролиум” зэрэг нэр бүхий хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдэв.
Харин ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш “Манайх захиргааны зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй байгууллага.
Бид эрхийнхээ хүрээнд зарим нефть импортлогчдод зөрчлийн хэргүүд үүсгэж байгаа. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Стратегийн бүтээгдэхүүнийг Засгийн газраас зохицуулалт хийдэг. Энэ тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарласанд тооцдоггүй. Засгийн газар хуулиараа аль нэг субъектэд эрх өгсөн бол заасан эрхийг хэрэгжүүлэх эрх үүрэгтэй. Тэр нь төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл юм.
Тэрхүү зөвлөлөөс уг асуудалд ямар нэг шийдэл гараагүй 14 хоног хойшлуулсан. Энэ хугацаанд манайх аж ахуйн нэгжүүдэд шатахуунд хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байх мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийн хэрэгжилт хангалтгүй, зарим нэг аж ахуйн нэгж хуулиа зөрчиж байгаа учраас манайхаас зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгөөд байна” гэв.
Нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэснээр тус газраас хуульд заагдсан хариуцлагын арга хэмжээнүүдийг авч эхлэх аж.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Irgen · 2018/01/16
Zob. Dabragcadad daruulga xeregtei.