Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг бодит байдлаас мэдэх зорилгоор аймаг, дүүргээр уулзалт хийж яваа. Харин саяхны нэгэн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр Асашёорюү Д.Дагвадорж давхиж очсон харагдав.

Түүнийг “Аса явуулын станц”-ынхаа үүргийг гүйцэтгэх гээд иржээ хэмээн бодож байтал харин ч нэг халуу дүүгтэл харь элгийн хүн шиг ахыгаа муулаад авсан нь цугласан олныг бага зэрэг гайхшруулаад авсан гэхэд болно.

Тодруулбал тэрээр “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд Японы тусламжаар эмнэлгийн найман ширхэг машин явуулсан. Харин үүнийг маань Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө PR болгоод алга болгосон. Өнөөдөр тэр машинууд хаана байна. Ц.Сандаг-Очир тэргүүтэй Д.Сумъяабазарын цэргүүдтэй хариуцлага ярих ёстой. Сонгинохайрхан бол хамгийн бохир, их гэмт хэрэг үйлдэгддэг дүүрэг. Иргэдийн хурлын есөн хүн сард 4.0 сая, улирал болгон 12 сая төгрөг авч байна. Яагаад нийлээд нэг цэцэрлэг барьж болдоггүй юм бэ? Д.Сумъяабазар ганц л сургууль барьсан байсан. Бусад нь яав аа? Миний ах УИХ-ын гишүүн байх нь хамаагүй, бид нэг л агаараар амьсгалж байгаа” хэмээн ярьсан юм.

Их аварга маань ахыгаа чухам ямар учраас ийнхүү “доош нь” хийснийг мэдэхгүй. Д.Дагвадоржийн энэхүү үйлдэл нь нэг талаараа шударга мэт харагдсан ч нөгөө талаас нь харвал улс төрийн шоу хийж байгаа мэт санагдсаныг нуух юун.

Түүний хэлснээр бол тэрээр 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт ямар ч УИХ-ын гишүүнээс дутахааргүй ажил хийж санаа тавьжээ. Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг тус дүүргийн иргэдийн сошиал сүлжээнд илэрхийлсэн үг хийгээд үзэл бодлоос бэлээхэн харж болохоор байна. Мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Д.Дагвадоржийн хэлсэн үгс бүгд худал гэдгийг ч батлан ярьжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярихдаа, “Сонгинохайрхан дүүрэгт Д.Дагвадоржийн зүгээс нэг ч төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Мөн түүнчлэн Япон улсаас Сонгинохайрхан дүүрэгт татаж авчирсан төсөл хөтөлбөр ч огт байхгүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй мэдээллийг иргэд олон нийттэй уулзахдаа Д.Дагвадорж хийсэн байна лээ. Аливаа зүйл баримт нотолгоотой байх ёстой.

2008 оноос хойш 2018 оны хооронд би Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдарлаа холбож яваа хүний хувьд хэлэхэд, Д.Дагвадорж нь нэг ч төгрөг, нэг ч төсөл хөтөлбөр тус дүүрэг дээр татан авч, хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Харин 2013 онд Д.Сумъяабазар гишүүний тойрог дээр хуучин эмнэлгийн машин өгсөн байдаг юм билээ. Ер нь дандаа сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж явахаа болих хэрэгтэй” хэмээн яриад “Би буруу санаагүй бол та сонгуульд нэр дэвшээд иргэдтэй уулзаад явж байхад Асашёорюү Д.Дагвадорж “Х.Нямбаатарыг дэмжээч ээ” гээд таныг сурталчлаад байсан санагдах юм. Харахад ах дүү хоёр маргалдаад байгаа юм шиг санагдаад байх юм” гэсэн сэтгүүлчийн асуултад,  “Д.Дагвадорж намайг  сайндаа ч дэмжээгүй байх аа. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өширхсөндөө л намайг ирж дэмжсэн байх” гэх хариултыг өгсөн нь үнэний ортой.

Х.Нямбаатарын хэлсэн, ярьснаас харахад Д.Дагвадорж аварга нэг ширхэг машин өгснийгөө зургаан ширхэг машин өгсөн болгон шоудсан гэдэг нь хэнд ч тодорхой байна. Тэгвэл юуны учир Д.Дагвадорж аварга ийнхүү барин тавин худлаа ярьж, Сонгинохайрханы иргэдэд огт үзүүлээгүй тусламжаа “Хаана байна” хэмээн нэхэв гэдэг сонирхолтой.

Иргэдийн хэлэх нь Сонгинохайрхан дүүргийнхэнд бодит тусламж үзүүлж явсан сүмоч бол Д.Дагвадорж бус Кёкүшюзан Д.Батбаяр гэнэ. Учир нь Кёкүшюзан Д.Батбаяр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа  “Кёкүшюзан сан”-гаараа дамжуулан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт 50 гаруй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан байна. Кёкүшюзан Д.Батбаяр энэ тухайгаа нэг ч удаа сайрхан яриагүй байхад 2008 оноос хойш Сонгинохайрханчуудад тусламжийн гараа сунгасаар ирсэн гэж улаан цайм худал ярих нь Д.Дагвадоржийн хувьд арай л ёс зүйгүй мэт. Магадгүй эндээс нэгэн цагт сүмогийн дэвжээнд шуугиулж явсан ах, дүү хоёр сумочийн ялгаа харагдах мэт.

Нөгөөтэйгүүр Д.Дагвадорж нь зодог тайлж, улс төр сонирхох болсон цагаасаа зан характерийн хувьд илтэд эвдэрсэн талаар ойр тойрныхон нь ярилцдаг аж. Энэ нь ч цахим сүлжээнд ил тодорхой харагддаг. Олны танил хүн гүдэсхэн гүндүүгүй, хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг байж болно. Гэхдээ бүдүүлэг, ёс зүйгүй, бусдыг хараан зүхэж үгийн муугаар үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Ойрмогхоны нэгэн жишээ дурдахад, нэрт нийтлэлч Баабарыг тэрээр, “Атийсан новш” хэмээн доромжилсон бол “Уянга гэж ац царайлсан алмас минь битгий хор гүйлгээд байгаарай” хэмээн хэн нэгэн Уянгад хаяглан бичсэн үгийг нь иргэд олон нийт Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад ханджээ гэж ойлгосон. Улмаар Аса аваргын энэхүү жиргээнээс “Ерөнхийлөгчийн баг дотроо тав хуваагддаг” гэх дүгнэлт хийхэд хүргэж байхав дээ. Ямартай ч Аса аварга сүүлийн үед ялих, шалихгүй хов жив ярин цахим орчинд шоуддаг болсны тодорхой жишээ бол энэ юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэн шиг Д.Дагвадорж үнэхээр сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж улс төр хийж явдаг нэгэн мөн үү, гэвэл яах аргагүй мөн. Ер нь мань эр хаана л сенсаци гарна тэнд дэгдэж явдаг нэгэн болохыг өнгөрсөн хугацаанд монголчууд бид цөөнгүй удаа харцгаасан билээ. Тухайлбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр амьсгаа өндөртэй давхиж явсан тэрээр 2016 оны хавар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах сургаар мөн л Баянгол зочид буудал дээр баахан бөхчүүд дагуулж очин сэтгүүлчдэд ярилцлага өгөн гол дүрд нь тоглож явсныг олон түмэн мартаагүй байх.

Х.Нямбаатар “Д.Дагвадорж намайг  сайндаа ч дэмжээгүй. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өшөөрхсөндөө л намайг ирж дэмжсэн” хэмээн ярьсныг дээр хэлсэн. Тэгвэл Д.Дагвадоржийн дургүйг хүргэж, О.Магнайгийн илчилсэн циркийн хувьчлал гэж юу вэ? Энэ талаар цухас мэдээлэл хүргэе.

Д.Дагвадоржийн “Аса консталинг” ХХК нь циркийг хувьчилж авсныхаа дараа өөрийн байгууллагын нэрийг “Рояал Плаза” ХХК болгон өөрчилсөн аж. Гэтэл “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан ч, хэрэг дээрээ тэс эсрэг байр суурьтай байна хэмээн О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа мэдэгдэж байв. Тус Цирк зургаан хэсгээс бүрддэг ч ганцхан хэсэгт нь л циркийн үйл ажиллагаа явагдаж, бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж байгаа учир зориулалтын бусаар ашиглаж байна. Ингэхээ боль гэсэн шаардлагыг О.Магнай Аса аваргад тавьсан юм. Гэсэн хэдий ч Д.Дагвадорж “Аса” циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад гүтгэж байгаа учир хатуу тэмцэхээ илэрхийлж байсан. Товчхондоо бол Асашёорюүгийн зүгээс О.Магнайг үзэн ядах болсон шалтгаан нь ердөө л энэ гэж хэлж болох аж.

Д.Дагвадорж нэгэнтээ,  “Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна” хэмээн ярьж байжээ.

Тэгвэл өдгөө түүний энэ мэт байр суурь 360 градус өөрчлөгдсөн болол­той. Учир нь тэрээр өнөөх үзэн яддаг улс төр гэгчдээ орж, өөрийнх нь хэлсэнчлэн ард түм­нийхээ тархийг угааж явааг хараад монгол­чуу­дынхаа хүндэтгэлийг нэгэн цагт хүлээж асан Аса аварга маань улс төрийн алиа салбадай болоо юу даа гэх харамсалт бодол төрснийг нуух юун.

Х.ОНОН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин