Цэргийн албыг гурван жил болгож сарын хоёр сая төгрөгийн цалинтай бүтээн байгуулалтын ажилд оролцуулъя гэсэн Ерөнхийлөгчийн санал ажил хэрэг болвол 30 мянган ажлын байр бий болно. Монголчууд эх орныхоо төлөө хугацаагүй албанд мордож, дайны үед таван жилээр алба хааж л явсан. Энх цагт эх орныхоо хөгжлийн цалинтай үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж…

Ерөнхийлөгчийн хэл­сэн  “Залуусаа цэргийн албанд сургахын зэрэгцээ  бүтээн байгуулалтад оролцуулан сард  хоёр сая төгрөгийн цалин олгоё Цэргийн албыг гурван  жил болгож, эр, эмгүй  алба хаадаг болгоё. Цэрэгт явж сахилга баттай, сэтгэлийн хаттай, тэвчээртэй, хүний  үг сонсч чаддаг болцгооё” гэсэн үг олон нийтийн анхааралд байна. Түүнийг дагасан  сайн, муу үг ч дуулдав.  “Дайны цаг биш эмэгтэйчүүдийг цэрэгт татахдаа яахав”, “Цэрэгжсэн бодлого явуулж цэргийн эргэлт хийх нь”  гэлцэн шүүмж­лэл өрнүүлэв. Улсын баатар Э.Бат-Үүл  “Цэрэгт 200 мянга орчим эмэгтэйчүүд татагдана. Тэдний ариун цэврийн хэрэглэлээс эхлээд маш их зардал орно” хэмээн  эсэргүүцэв. Өдгөө нэг хүнд сардаа хоёр сая төгрөгийн цалин олгох  мөнгө хаана байна вэ гэсэн асуулт хүн болгоны амнаас гарав.

Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хэн ч бай үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэр­гийн алба хаах үүрэгтэй. Цэргийн тангарагт  “Монгол Улсын иргэн Би  Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая” гэж бий. Улс үндэстнүүд энхтайвнаар зэрэгцэн оршиж буй өнөө үед цэргийн үүрэг, чиглэл арай өөр болсон ч эх оронч үзэл, өв тэгш хүмүүжил, мэргэжлийн зарим сургалтыг тэндээс л авдаг. Амьдрал дээр ч “Цэрэгт яваад ирсэн хүн арай л өөр шүү” гэсэн яриа  бидний дунд  өрнөдөг. 1960, 1970-аад онд гурван жилийн албанд мордсон залуус  бичиг үсэггүй нь тэнд уншиж, бичиж сурч, му­­жаан, гагнуурчин, жо­лооч,  өрлөгчин, цахил­гаанчны мэргэжил эзэм­­шин үнэмлэх өвөрт­лөөд Улаанбаатар хотын орон сууцны хороо­лол, оффисийн барил­гууд, “Найрамдал” тө­вөөс эхлээд хүүхдийн зуслан­гуудыг  барьж  халагдахдаа 300 төгрөгийн цалинтай ирж  байсан нь тэр үеийн ханшаар их мөнгө байлаа.

Өнөөдөр цэргийн  алба хаах  хугацаа нэг  жил. Түүнийг гурав биш юм гэхэд хоёр жил,  ядахад 1.6 жил болгох боломж бий. Харин залуусын дунд  цэргийн алба хаах хүсэл эрмэлзэл, сонирхол эрс багасчээ. Их, дээд сургууль төгссөн дипломтой ажилгүйчүүд олширч,  болж өгвөл Солонгос руу гэрээгээр эсвэл хараар ажиллахаар хэдэн мянгаараа “нүүдэг” болсон. Өдгөө БНСУ-д 40 мянга гаруй монгол хүн ажиллаж, амьдарч байна. Гадныхан аль  эрүүл чийрэг, бие бялдар сайтай залуусыг маань ажиллах хүчинд сорчилж авдаг. Тэнд очоод хүнд хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөгтэй болсон ч   өвчин эмгэгтэй болж ирсэн нь цөөнгүй. Түүнчлэн ард хоцорсон  өндөр настай аав, ээж нь бурханы оронд явсан, ах, эгчдээ орхиод явсан хүүхдүүд нь хараа хяналт муугаас гэмтэж бэртсэн, амь насаа алдсан, гэр бүл салж сарнисан гээд ил, далд өчнөөн асуудал үүсдэг нь нууц биш. Тэгэхээр харийн орон руу гурав байтугай жилээр  явж болдог юм чинь  эх орондоо эр цэргийн албаа хаагаад сарын хоёр сая төгрөгийн цалинтай ажиллаж яагаад болохгүй гэж. Түүгээрээ хуримтлал үүсгэж, байрны зээл, сургалтын төлбөр төлөх,  ар гэрийнхээ амьдрал ахуйд нэмэрлэх бүх боломж  нээгдэх бус уу. Ерөнхийлөгчийн яриад байгаа төмөр зам, шинэ нисэх буудлыг дагасан дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын  том төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болговол 30 мянган ажлын байр  бий болно  гэсэн тооцоо судалгаа  гарч байгаа юм.  Засгийн газар, УИХ бодлогоор дэмжиж,  улс орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралыг баталгаатай болгохын төлөө эв эеэ нэгтгэж ажиллавал төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх эдийн засгийн хөшүүрэг,   хөрөнгө оруулалтыг  босгоход ядах зүйл үгүй. Ажиллах хүчний цалинг шийдэхэд ч асуудалгүй.  Монголчууд эх орныхоо төлөө эрт цагт буу үүрээд хуга­цаагүй албанд мор­дож, дайны үед таван жилээр алба хааж явсан түүх­тэй. Энх цагт эх орны­хоо хөгжлийн төлөө тангараг өргөж, бү­тээн бай­гуу­лалтын ажилд цалинтай үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин