Улс төрд нэг шинэ мэдээ чих дэлсэж эхэллээ. Тэр нь юу гэвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  төрхөмдөө буцаж ирэх тухай юм. Тодруулбал, тэр саяхан Ардчилсан намдаа эргэж элсэх хүсэлтээ гаргасан гэнэ

. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. АН-ын удирдлагын багт С.Эрдэнэболдыг эс тооцвол Ц.Элбэгдоржийн гэх хүн нэг ч байхгүй. Энэ нь нэг талаас экс Ерөнхийлөгчдөө намынх нь зүгээс үзүүлж буй реакци гэж харагдахаар байгаа юм. Яагаад гэвэл, 2016 оны сонгуулийн ялагдлын шалтгаанаа Элбэгдоржтой холбон ярьдаг хүн АН-д олон бий.

Монголчууд тураг ядархаар уулаа, хүн ядархаар нутгаа гэж  ярилцдаг.  Харин улстөрч ядрахаараа намаа барааддаг  гэсэн шинэхэн хэлц үг сонсогдох болсон. Ажиглаад байхад үнэн юм шиг байна лээ. Сандарч тэвдсэн үедээ намын шүхэр дор орж галын фронтоос хал балгүй мултарч байсан Ж.Батзандан, О.Магнай гээд улстөрчид бий.

Харин экс Ерөнхийлөгчийн хувьд арай өөр л дөө. Тэр АН-ын тулгын чулууг тулалцсан хүмүүсийн нэг, хоёр ч удаа намын даргаар ажиллаж байсан. Мөн намынхаа нэрээр Ерөнхийлөгчид дэвшиж, улмаар улиран сонгогдсон.

Ерөнхийлөгчийн үүргээ хэр сайн гүйцэтгэсэн, найман жилийн  хугацаанд Монголдоо юу үлдээж, нэрлүүлэх ямар ул мөр үлдээв гэдэг нь өөр асуудал. Гэхдээ сайн саар ажилласнаасаа үл хамааран  АН-ын хаалгыг эргээд  тогших нэр нүүр түүнд байгаа. Намынхаа төлөөлөл болж нэр дэвшээд  Ерөнхийлөгчийн албыг найман жил хашина гэдэг АН-ын нэр нөлөөг цаад утгаараа илэрхийлж буй хэрэг. Үүнийх нь төлөө АН эргээд ирэхэд нь хаалгаа дуртай дургүй ч нээж өгөх байлгүй дээ. Гэхдээ тэр одоо иргэн Ц.Элбэгдорж.

Хааны алба халаатай. Энэ жишгээр л тэр Ерөнхийлөгчйн суудлыг орхисон. Дараа нь юу хийх, хэн байх талаараа байр сууриа илэрхийлж байсан нь цөөн биш. Тэрбээр  Ерөнхийлөгч байхдаа “Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд харь гариг руу яваад өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс идэвхтэй иргэн байна. Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн том ажил шүү” хэмээж байв.  Байгаль орчин, иргэний гэсэн 5-6 чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө дэлгэж байсан. Тэр дундаа “Соёлын довтолгоо-2” хөдөлгөөн өрнүүлнэ гэж цохон нэрлэж, өвөг эцгийнхээ нэрээр нэрлэсэн “Монгол” сан байгуулж ажиллах тухай ч ам алдсан удаатай.  Хэдийгээр “иргэн” гэдэг албыг чухалчилж байсан ч “улс төрийн салбарт хийх ажил их байна” гэж санамсаргүйгээр үг алдаагүй байж таарна. Магадгүй олон чиглэл төлөвлөгөө дунд бүрхэгдүүлсэн гол амбиц нь энэ улс төр байсан байх.  

Үнэхээр тэр улс төрөөс хол явж чадна гэж үү. Улс төрийн жинхэнэ гал голомтод 30 шахам жилийг өнгөрүүлсэн хүн олон жил уралдсан морь шиг хөгширсөн ч уяаны шонгоо эргэсэн хэвээр байх нь  ойлгомжтой зүйл.

Экс Ерөнхийлөгч харин улс төрд эргэж ирэхдээ ямар дүрээр “буух” вэ гэдэг нь олон хүний сониуч занг хөдөлгөж байж мэдэх юм. Судлаач Д.Ганхуяг нэгэнтээ “Иргэн” Ц.Элбэгдоржийн дараагийн буудал бол АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ юм. МоАХ-гоор дамжин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж хүч нөлөө нь үлэмж суларсан АН-ыг аврагчийн дүрээр улс төрд дахин орох санаатай байгаа нь тодорхой байна” хэмээн бичиж байв. 

Харин Ардчилсан нам Ц.Элбэгдоржгүйгээр дотоод бужигнаанаа эмхэлж, хөл толгойгоо  мэдэхтэйгээ болоод авлаа. Одоо энэ намд аврагчийн дүрээр эргэж ирэх орон зай лав байхгүй болсон. Хэрэв тэрбээр АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээхээр хандсан нь үнэн бол улс төрд орон зай хайж яваагийн илэрхийлэл. Тэр намаараа дамжиж л улстөрд дахин орж ирнэ. Харин нам нь мань эрд тийм боломж олгох эсэх нь тодорхойгүй. 

Сайн явахад садан олон гэдэг  шиг Ерөнхийлөгч байх үед нь түүний таталцалын бүсэд эргэлдэж байсан “бага гаригууд”-ын хүч суларсан,  зарим нэг нь энэ нөлөөллийн бүсээс бүрэнмөсөн гарч одсон. Нөгөө талаас түүний хүсээгүй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, Элбэгдоржийн эсрэг фронт командалж мэдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болж томорчихоод байгаа болохоор мань эрийн хувьд бүх зүйл буруугаар эргэсэнтэй адил байгаа болов уу.  Гэхдээ эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хорвоо хойно. Тэр дундаа экс Ерөнхийлөгчийн  хувьд улс төрийн карьераа ингээд дуусгана гэдэгтэй эвлэрч чадах уу.

Хэнтийд нөхөн сонгуулийн сураг гарч байгаа ийм үеэр түүний  намын гишүүнчлэлээ сэргээх тухай яриа гарч байгаа нь санаандгүй давхцал лав биш байх. Энэ бол түүний хувьд үзээд алдах анхны боломж. Гэхдээ нам нь түүнийг түшээд авах түлхээд хаях эсэх нь тодорхойгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгч байсан хүн дахин улстөрд орж элдэв зүйлтэй хутгалдах хэрэггүй. Харин Ц.Элбэгдорж бол эргээд улстөрд бужингаан үүсгэхээр харагдаж байна” гэж санамсаргүй хэлээгүй байх.

Эх сурвалж: www.tsag.mn