“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эдийн засгийн эргэлтэнд орох ойртож байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд энэ сарын эхээр мэдэгдсэн.

Тэрбээр иргэдийн 1072 ширхэг хувьцааг амь оруулах бэлтгэл ажил эхэлсэн гэдгийг зарласан бол салбарын сайд Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байгааг нэмж дуулгасан. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд багтаж “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн зах зээлд гарах нь. Урьдчилсан мэдээллээр 2.2 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани өнгөрсөн онд улсад 400 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 

Үүнээс гадна таван жилийн турш үргэлжилсэн БНХАУ-ын “Чалько” компанийн өрийг бүрэн барагдуулж дууссан.

Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлснээр үнэлгээ тодорхой болно

Мөн Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанаас нь өмнө төлсөн. Өр, зээл нь нимгэрч, үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н 2017 оны ашиг түүхэн дээд хэмжээ болж байна. Монголын нүүрсний 30 хувийг дангаараа гаргадаг тус компани өнгөрсөн онд 11 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөснөөс есөн сая тонныг экспортолсон. Тэгвэл энэ онд 10 сая тонныг гаргахаар төлөвлөж байна.

Санхүүгийн үзүүлэлт нь сайжирч, зах зээл ивээж байгаа нь хөрөнгийн зах зээлд хөл тавих итгэл өгчээ. Эргэн сануулахад, С.Батболдын Засгийн газар 2011 онд иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргаж байлаа. Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, “Эрдэнэс Тавантолгой”- н 14 хувь олон нийтийнх болсон түүх эндээс эхтэй. Тус компани олон улсын зах зээлд хувьцаагаа энэ онд гаргахад ямар бэрхшээл, сорилт хүлээж байна вэ. Үүнийг хөрөнгийн зах зээлийн шинжээчид хэрхэн дүгнэж байгааг уншигч танд хүргэе. 

БАЙР СУУРЬ

ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД 2018 ОН ЗОХИМЖТОЙ

А.Билгүүн /MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал/ 
-Компани бүтцийн өөрчлөлт хийж, үндсэн үзүүлэлтээ сайжруулах ёстой. Бүтцийн өөрчлөлт хийхэд компанийн засаглал, санхүүгийн тайлагнал, үндсэн үйл ажиллагааны тайлагнал чухал. Мөн гадаадын хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж байна уу. Шаардлага хангаж байж л тухайн зах зээлээс хөрөнгө оруулагчдаа олох ёстой. “Эрдэнэс Тавантолгой” шаардлагыг нь хэр хангаж байгааг мэдэхгүй юм. Бидэнд байгаа мэдээллээр 2018 онд багтаж гарна гэж хэлэхэд хүнд. Бүтцийн өөрчлөлтөөс энэ бүхэн шалтгаална. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой, сайн байгаа гэдгээрээ санхүүгийн өгөөж сайтай байх магадлалтай. Тиймээс цаг хугацааны хувьд 2018 он зохимжтой.

ХАМГИЙН БАГАДАА ЗУРГААН САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦАА ШААРДАГДАНА

Б.Өлзийбаяр /Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга/
-“Эрдэнэс Тавантолгой” компани иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн компанийнхаа 14 хувьтай тэнцэх хэмжээний хувьцаагаа дотоодын хөрөнгийн биржид юуны өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Энэ нь Монголын хөрөнгийн биржид данстай болно гэсэн үг. Үүний дараагаар олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нь илүү үр дүнтэй. Дотоод болон гаднын хөрөнгийн биржид гарахад бэлтгэл ажилд маш их цаг хугацаа орно. Хамгийн багадаа зургаан сараас нэг жил хүртэлх хугацаа шаардагдана. Хувьцаагаа дотоодын биржид бүртгүүлснээр компанийн үнэлгээ тодорхой болж эхэлнэ. Хувьцаа эзэмшигчдийн бүтцээ цэгцэлж байж IPO амжилттай гарах боломжтой.

Б.Мөнх

Засгийн газрын мэдээ