Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр төрд халдаж, гутаан доромжилсон хэмээн шүүхэд хандсан талаар мэдээлсэн. Энэ тухайгаа сар шинийн баярын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаягласан ил захидалд дурдсан байдаг. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал болон Ерөнхий сайд асан С.Баярын захидалд хариу тайлбар өгөв.

Тэрбээр “Ерөнхий сайд асан С.Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Жаст” компани “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудалд С.Баяр оролцсон гэж хэлсэнтэй холбогдуулж намайг шүүхэд өгсөн. “Жаст”-ын “Стандарт” банктай байгуулсан гэрээ 2009 оны долдугаар сард, С.Баярыг Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар юм. Засгийн газар, Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. “Эрдэнэт” дээр хууль зөрчигдөж байхад Ерөнхий сайд нь би мэдэхгүй гэж болох уу.  Доод албан тушаалтнуудаа шууд томилсон хэрнээ надад хамаагүй гэж бултах ямар ч боломж байхгүй. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувьтай холбоотой луйврыг Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Б.Ганзориг тухайн үед Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллаж байсан. ТУЗ-ийн гишүүдийг Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог. Гэтэл энэ асуудлыг тэр үеийн Ерөнхий сайд байсан хүн өөрөө мэдээгүй гээд, доод тушаалын хүмүүстээ асуудлыг нялзааж байна. “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар бүгд Ерөнхий сайдын томилсон, ойрын хүмүүс нь. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрыг хууль хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргаж, шахсан. Тэд хөдлөхгүй байгаа нь үнэн. Ард түмний, нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэсний төлөө С.Баяр гэдэг хүн уурласан. УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана. Шударга байх хэрэгтэй. Намынхаа залуучуудыг дарамталдаг шигээ ардчиллын залуусыг дарамтална гэвэл барахгүй. Монголын хууль шүүхийн байгууллага ажлаа хийж үнэн мөнийг нь тодруулах ёстой” гэлээ.

Эх сурвалж : Үндэсний шуудан сонин