Өр, зээлийн хүү өдөр өдрөөр нэмэгдсээр байхад УИХ амарч л байг уу
2018/03/11
Энэ удаагийн парламент өнгөрсөн хугацаанд хоёр удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан байдаг. Эхнийх нь 2016 наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 15 хүртэл.
Хорь орчим хоног хуралдахдаа Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай, Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай, орон нутгийн сонгуулийн зардлыг батлах… гэх мэтчилэн 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөж байлаа.
Харин дараагийн удаа буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 07- н хүртэл ээлжит бусаар мөн хуралдсан. Тэгэхдээ парламент энэ найман хоногийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахад зориулж байв. Улсын Их Хурлын чуулган завсарлаад нэг сар орчмын хугацаа өнгөрч байна. Гишүүдийг ажин түжин амарч байгаа энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн хувь заяатай холбогдох 51 хувийг тойрсон асуудал улам ээдрээтэй болж ирлээ.
Өнөөгийн эрх баригч намынхан Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан таван жил Монголын ард түмнээс нуусан хэрэг задарсан, хийсэн эзэд нь ч тодорхой болоод байгаа атлаа энэ бүхийг мартахыг хүссэн мэт амралтаа эдлээд гишүүд маань алга байгааг гайхах юм. Тэгш эрх, шударга зарчим үнэхээр үйлчилдэг л бол хэрэг хийсэн хүн хэн байхаасаа /гишүүн, сайд, дарга, намын гишүүн, хөрөнгө мөнгөтэй/ үл хамаараад хариуцлага хүлээх нь зүй ёсных байдаг.Тодруулбал ӨАБНУ-ын Стандарт банкны нэхэмжлэлтэй, Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу манай улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн гадаад данс хаагдаж, олон улсад худалдаа эрхлэх боломжгүй болоод байна.
Эрдэнэтийн ашиг луйварчдын тавьсан өрийг дарахад зарцуулагдах нь
Харин Монголд тушаал дэвшдэг, гадаад руу томилогддог, төрийн эсвэл намын хамгаалалтад ордог нь Эрдэнэтийн 51 хувь тойрсон асуудал дээр нотлогдож байна. Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрээс төлөхийг үүрэг болгосон.
Харин энэ мөнгөний хүү, арбитрийн шүүхтэй холбоотой маргалдагч талын гаргасан зардал зэрэг нэмэгдсээр долоо хоногийн өмнөх байдлаар нийт 172 сая ам.доллар болоод байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүү нь хоногт л 800-900 ам.доллар буюу ойролцоогоор хоёр сая /2018.03.06-ны Монголбанкны ханшаар бодоход/ орчим төгрөг болж буй.
Улсын ганц “саалийн үнээ” болсон Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй, цэвэр залилан, луйврын шинжтэй үйлдлээр Монгол Улсыг хохироогоод байгаа нэр бүхий улстөрчид болон тэднийг тойрсон цөөн хүний завшсан мөнгийг хэн төлөх нь мэдэгдэхгүй, төлөх ёстой өрийн хүү өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа энэ эгзэгтэй үед парламент тэр чигээрээ амар амгалан амарч л байг уу?
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь бол ямар ч маргаангүй улсын өмч. Харин 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудал бол тусдаа. 49 хувийг Монголд авчирснаас хойш болсон бүх үйл явдал олон нийтийн нүдэн дээр өрнөсөн. Монголын бус Оросын өмч байсан 49 хувийг худалдаж авч ирсэн хувийн хэвшлийнхнээс төрийн нэрээр хэрхэн дээрэмдэж болдгийг бид харсан.
Энэ 49 хувийг ард түмнийх болгосон нэрээр 51 хувь буюу жинхэнэ Монгол төрийн өмчийг хэдхэн хүн дэнчин тавьж бусдад алдчихаад байгаа гэмт хэргийг нуун дарагдуулахыг хүссэн оролдлого илүү эрчимжээд байхад УИХ яагаад таг чимээгүй байна вэ. Засгийн газар ч энэ асуудлыг яаж шийдэх, ямар арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгдээгүй байна. Тэгэхдээ “Эрдэнэт үйлдвэр 51 сая ам.долларыг төллөө гэхэд 51 хувьд нь нөлөөлөхгүй.
Эрдэнэтийн жилийн ашиг 410 тэрбум буюу 150 сая ам.доллар. Хамгийн муугаар бодлоо гэхэд ашиг буурна…. Ашигт нөлөөлөхгүйгээр даатгалаас ч юм уу бусад эх үүсвэрээс төлөх асуудлыг судалж байгаа гэж ойлгож байна” гэсэн хүйтэн хөндий хариултыг өгөөд сууж байна. Энэ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн ашиг луйварчдын тавьсан өрийг дарахад зарцуулагдах болох нь. Монголчуудын сайн сайхны төлөө бус яагаад энэ үйлдвэрийн ашгаар улсын мөнгийг идэж уусан хулгайчдыг өөгшүүлэн өмнөөс нь төлөх ёстой юм.
Эрдэнэт үйлдвэр 51 сая ам.долларыг төллөө гэхэд 51 хувьд нь нөлөөлөхгүй
Тэгвэл ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарладаг вэ? Нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулганыг хуралдууулдаг юм. Тэгэхдээ ээлжит чуулганыг хүлээхгүйгээр зайлшгүй хэлэлцэх, шийдвэр шаардлагатай асуудлыг уг хурлаар оруулдаг юм.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ- ын дарга, парламентын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү. Хэзээнээс эхлээд улс орны аж амьдралыг энэ олон жилийн турш нуруундаа үүрч ирсэн, урдаа барьдаг ганц үйлдвэрийн эзэмшил, хувь заяаны асуудал ач холбогдлоороо дарга, цэрэг халж томилохоос дор эрэмбэлэгддэг болчихов. Албан тушаал хуваах, халаа сэлгээ хийх, найр наадам зохиох болохоор нир хийтэл цугладаг гишүүд, улс орны эдийн засаг, ард түмний эрх ашгийн асуудалд яасан хойрго хандана вэ. УИХ-ын ээлжит чуулган хуралдтал дахиад нэг сарын хугацаа дутуу байна.
- Эрдэнэт үйлдвэр яагаад бүтэн жилийн ашгийнхаа гуравны нэгийг хулгайчдын өмнөөс төлөх ёстой юм бэ.
- Парламентын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү.
- УИХ ийм унхиагүй, унтаа байхад парламентыг тараах тухай яриа Ерөнхийлөгчийн дэмжлэг байсан байгаагүй өндрөө авч, хүрээгээ тэлэх нь аргагүй юм.
Тэгэхээр энэ хугацаанд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж авсан зээлийн хүү өссөөр, тус үйлдвэрийн данс тооцоог битүүмжилсэн хэвээр л байх хэрэг үү хэмээн ард түмний бухимдах нь зүй ёсны хэрэг. УИХ-ын гишүүд ийм унхиагүй, унтаа байхад энэ парламентыг тараах тухай яриа Ерөнхийлөгчийн дэмжлэг байсан байгаагүй өндрөө авч, хүрээгээ тэлэх нь аргагүй юм.
Эрдэнэтийн хувьд жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж, дунджаар 1.3 их наяд төгрөгийн борлуулалтыг хийдэг. Анх “Жаст” групп “Стандарт” банкнаас зээл авахад зээлийн баталгаа гаргасан тухайн үеийн үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д. Сугар нар өнөөдөр юу хийж байна.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү уг асуудлаар байцаагдаж буй гэх боловч, биеийн байдлаас шалтгаалан хорих боломжгүй гэж хууль хяналтын байгууллага тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл тэр хүн өнөөдрийг хүртэл таван жил эрх чөлөөтэй явж байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг эрхэлсэн тодорхой ажилгүй ч, МАН-ын байраар орж гарч явдаг гэх. Түүнд хариуцлага тооцох асуудлыг УИХ хэлэлцлээ гэхэд түүний хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн аавынхаа эсрэг кноп дарж чадах эсэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл Ч.Ганзоригийн арыг даах төрсөн хүү нь парламентад хууль батлаад сууж байна. Харин Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, халдашгүй бүрэн эрхтэй төрийн хамгаалалтад орсон. Хамгийн гол нь ард түмний төлөөлөл болсон гишүүдэд маань Монгол Улсын эрх ашгийн асуудал үнэхээр адгийн адагт эрэмбэлэгддэг болох нь эндээс тодорхой харагдаж байна.
Гуравдугаар сарын шил шилээ даран үргэлжлэх баяр, тэмдэглэлт үйл явдлуудын хүлээн авалт, найр цэнгээний гол дүрд аль хэдийнэ орсон яваа төрийн түшээд нар минь ээ, яаж сэтгэл амар ийн амарч, цэнгэж чадаж байдгийг тань гайхаад барахгүй нь ээ! Тэнэгийн дотор уужуу гэж ... Өдөр, цаг хормоор өсч томорсоор буй өр зээлийн асуудал үнэхээр та бүхний сэтгэлийг зовоохоо байж дээ!
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ