Төсвийн хөрөнгийг гамнахаа Ерөнхий сайд мэдэгдэж, шат шатандаа үрэлгэн зардлаа танахыг сануулсан. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүний үг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөд хүрэлгүй замдаа замхардаг болчихдог болж. Эс бөгөөс тэдэнд энэ үг падлийгүй бололтой. 

Сандал суудлаа булаалдаж, зав гарвал гадаадад зугаалж явахаас өөрөөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийв. Олонх болсон атлаа дотроо хагаралдаж, С.Амарсайханыг албан тушаалд томилоод удалгүй хурлаа тасалцгааж, ажил хаялт зарласнаас өөрөөр тэднийг юу хийж, бүтээснийг нийслэлчүүд асууж байна. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийж амжуулав.

“НИК” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Халиунбат лав л урамшуулал горьдож тэнд суугаагүй болов уу. НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлж байгаагаар НИТХ-ын төлөөлөгчдөд жилд 50 сая төгрөгийн урамшуулал олгодог. Харин энэ жилээс энэ мөнгийг бөөнөөр нь олгодог байсныг бууруулж, улиралд хуваан олгохоор шийдвэрлэсэн. Үүний төлөө М.Халиунбат төлөөлөгчөөр ажиллаж, нийслэлчүүдийн төлөө унтах нойр, идэх хоолоо умартаж байгаа болов уу.

Тэр энэ зэргийн мөнгөнд ороогдож, нийслэлийн хаяа түшиж амьдрах нэгэн биш гэнэ. “Петровис”-ын хүргэн гэдгээрээ цуутай эл эрхэм цахим системээр нэлээд мэргэшсэн нэгэн. Тэрбээр ганц нийслэлд төлөөлөгч хийгээд суудаггүй нэгэн бөгөөд “Петровис”-ын “Redpoint” үйлчилгээг одоо хариуцан ажилладаг. Шулуухан хэлэхэд, давхар дээлтэй эрхэм. Тэрбээр “Монгол Айдия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд эл компани нь “Петровис”-оос санхүүждэг.

Ухаалаг Улаанбаатар төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, автобусыг ухаалагжуулж, бэлэн мөнгөөр биш картаар зорчдог болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлээд баршгүй. Бэлэн мөнгө авах шугамын орлогын алдагдал илт буурч, харин өсөлттэй гарч эхэлсэн гээд сайн тал бий. Тэгсэн мань эр нийтийн тээврийн цахим карт руу өөрийн бизнесээ зүтгүүлж яваа сурагтай. ОХУ-аас 2-3 сая ам.доллараар цахим картын программыг оруулж ирж, смарт карт руу болон нийтийн тээвэр рүү шахах сонирхолтой байгаагаа хотын удирдлагуудад хэдэнтээ цухалзуулаад амжиж. Ганц үүгээр ч дуусахгүй цахимжиж, ухаалагжуулах нэрийдлээр хэд хэдэн хөтөлбөр рүү гар дүрэхээр нийслэлийн удирдлагуудыг сэнхрүүлж, зарим нэгнийг нь толгой дохиулаад амжсан гэнэ. Тэрбээр удахгүй ухаалаг бүхнийг гартаа атгаж, нийслэлчүүдийг базаж, хөрөнгөжиж ч мэдэх бололтой юм.

Түүнчлэн тэрбээр нийслэлийн төсөвт “Такси” хөтөлбөр нэрээр 700 сая төгрөгийг тавиулаад амжсан гэж байгаа. Уншигч та санаж байгаа бол технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх санаа санаачлагууд их гарч байгаа талаар сонордуулж байсныг. Өөрөөр хэлбэл, автобуснуудтай адил цахимжуулна. М.Халиунбат төлөөлөгчийн гаршсан, мэргэшсэн өнөөх цахим систем. Санаачилгыг мань хүн гартаа базаж, 700 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгаж амжсан нь тэр. Үүгээр зогсохгүй тэрбээр “U bike” дугуйн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хотын удирдлагуудын тархийг угааж дөнгөсөн зайтай эр гэж байгаа юм. Эл хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавиад байгаа. Товчхондоо, дэлхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээтэй ижил үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэхээр шийдээд буй.

Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сониноос