Монгол Улсын 14 дэхь Ерөнхий сайд Д.Содном Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар Төрийн гурван өндөрлөгт хандаж илгээсэн захидал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА, Улсын Их Хурлын дарга М.ЭНХБОЛД, Засгийн газрын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ нарт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд:

Хүндэт нөхдийн амрыг эрье.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг тооцоо судалгаанд үндэслэсэн, ашигтай байхыг баталгаажуулсан төслийг сонгож байж гаргах ёстой. Зарим эрх мэдэлтэн боловсрогдсон техник эдийн засгийн үндэслэл тооцоо байхгүй байхад Дорноговь аймагт үйлдвэр барих шийдвэр гаргасан, энэ оны эхэнд хөрөнгө зарж хэрэгжүүлж эхэлнэ гэж сонин телевизээр зарлаж байна. Хэт том төсөл хэрэгжүүлэхэд хэтэрхий гоомой, хариуцлагагүй хандаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эцсийн шийдвэр гаргахдаа дараах асуудалд онцгой анхаарахыг та нөхдөөс хүсч байна:

1. Уг үйлдвэрийг барих техник эдийн засгийн үндэслэлийг хоёроос доошгүй хувилбараар, тухайлбал: Монгол Улсад олборлож байгаа газрын тосыг боловсруулах, эсвэл импортоор газрын тос авч боловсруулах хувилбараар тооцоо үндэслэл гаргаж, аль илүү үр ашигтай байх хувилбарыг сонгосон шийдвэр гаргах.

2. Монголд олборлож байгаа газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулж үр ашигтай ажиллуулж чадсан нөхцөлд импортын хамаарлыг зарим хэмжээгээр багасгах эерэг тал бий. Гэвч, энэ хувилбарыг сонгож хэрэгжүүлэхэд хүрвэл дараах хүндрэл бэрхшээлтэй тулгарна:

- жилд хоёр сая тонноос доошгүй газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьвал үйлдвэр нь ашигтай, бүтээгдэхүүн нь ойрын ирээдүйн хэрэгцээг хангах болно. Гэтэл манай улсад олборлож байгаа газрын тосоор ийм хүчин чадалтай үйлдвэрийн хэрэгцээг хангах баталгаа байхгүй. Тухайлбал: одоо жилд олборлож байгаа газрын тос хэдэн оноос хоёр сая тоннод хүрч нэмэгдэж тогтворжих эсэх нь тодорхойгүй.

-Манай улсын газар нутагт зөвхөн БНХАУ-ын компани газрын тосны олборлолт хийж байгаа бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу олборлосон тосны хорь орчим хувийг л манай тал үнэ төлөхгүй авах боломжтой буюу олборлосон бүх тосны 80 орчим хувийг Хятадын компаниас дэлхийн зах зээлийн жишиг үнээр худалдаж авах болно. Өөрөөр хэлбэл Монголд олборлож байгаа газрын тосыг импортоор худалдаж авахтай адил нөхцөлөөр авах болно. Импортын хамаарал үндсэндээ хадгалагдана. Олборлосон тосны 40 хувь буюу өртөг нөхөх зориулалттай гэж нэрлэдэг тосыг өөрийнхөө үйлдвэрт боловсруулах сонирхолоор Монголын үйлдвэрт нийлүүлэхээс Хятадын компани татгалзах магадлал бий.

-Буйр нуурын орчим олборлож байгаа тосыг хуримтлуулах, Дорноговь аймгийн Алтанширээ сум хүргэх 600 гаруй км төмөр хоолойг барих өртөг нь тос шахах насосуудыг ажиллуулахад шаардагдах цахилгаан эрчим хүчээр хангах шугамыг барих өртөгтэйгөө нийлээд үйлдвэрээсээ дутуугүй их хөрөнгө оруулалт шаардаж магад.

-Алтанширээ сум хүртэл тавих төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам зэрэг хөрөнгө оруулалтыг тооцвол тос боловсруулах уйлдвэр, тос дамжуулах хоолой зэрэгт шаардагдах нийт хөрөнгө оруулалт их байх бөгөөд үйлдвэр тогтвортой ашигтай ажиллаж хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх нь эргэлзээтэй.

3. Газрын тосыг ОХУ-аас импортоор авч боловсруулах үйлдвэр барих хувилбарыг хэрэгжүүлж чадвал тогтвортой бөгөөд илүү үр ашигтай үйлдвэрийг харьцангуй хямд өртгөөр барих магадлал өндөр байх болно. Талийгаач академич Т.Намжимын боловсруулсан ОХУ-аас газрын тос авч боловсруулах үйлдвэрийг Дархан хотод барих санал төслийг би ирээдүйтэй төсөл гэж үздэг. Түүний боловсруулсан нарийн тооцоо үндэслэл байгаа:

Үйлдвэрийг Дархан хотод барих нөхцөлд Дорноговьд байгуулах нөхцөлд шаардлагатай гэж үзэж байгаа тос шахах хоолой, түүний насосын цахилгаан хангамжийн шугам, Алтанширээ сум хүртэл барина гэж байгаа авто болон төмөр зам, ус хангамжийн байгууламж, нийгэм хангамжийн объектуудыг барих шаардлагагүй болж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэнэ.

-Дархан хотод уг үйлдвэрийг барих нөхцөлд түүхий газрын тос, боловсруулсан нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх зай харьцангуй бага байх бөгөөд үйлдвэрт шаардагдах дэд бүтэц үндсэндээ бэлэн, ажиллах хүчээр хангах бололцоо илүү байх болно.

-Энэ хувилбарыг сонгосон нөхцөлд шийдэх ёстой чухал асуудал бол ОХУ-аас нефть бүтээгдэхүүнийг биш түүхий нефтийг импортоор авч байх асуудал. ОХУ-ын боловсруулсан нефть бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж түүхий нефть нийлүүлэх сонирхолгүй байх болно. Тийм учраас түүхий нефтийг Монгол улсад урт хугацаанд нийлүүлж байх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт тавьж Засгийн газрын хэмжээнд тохиролцох зайлшгүй шаардлага гарна. Энэ асуудлаар та нөхдийн зүгээс санаачлага гаргаж шийдэж өгөх нь зүйтэй юм. ОХУ-аас түүхий нефтийн импортын хамааралтай байлгах санал гэж шүүмжлэх хүн гарах байх. Түүхий нефтийн хангалтаар ОХУ-аас хамааралтай байх нь Монгол ОХУ-ын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа, хоёр орны ашиг сонирхолд нийцэнэ. БНХАУ-ын компанийн Монгол Улсад олборлож байгаа түүхий нефтийг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байхтай агаар нэг юм шүү. Аль улсаас нь хамааралтай байхыг бодох биз.

4. Үйлдвэрийн техник технологийг зөв сонгох, Евро стандартын гэх сайн чанарын бензин, дизелийн түлш, масло тос үйлдвэрлэдэг үйлдвэр барих асуудал хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрт анхаарагдсан байх нь чухал.

Эдийн засагчдыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд цуглуулж энэ асуудлаар миний танилцуулж байгаа саналыг шүүн хэлэлцэх ярилцлага зохион байгуулахыг санал болгож байна.

Хүндэтгэл илэрхийлсэн: Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном