"Дүнжингарав-2018" нэртэй  хурдан морины уралдаан 3 сарын 18-нд шөнө хагаслан болж, уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тус уралдааныг 2008 оноос хойш Засгийн газраас шийдвэр гаргаж, Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсаар ирсэн юм.

Харин энэ жилийн хувьд уг уралдаан гэгчийг Засгийн газрын тогтоолоор хориглосон байсан ч Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэнгийн тушаалаар дур мэдэн зохион байгуулсан билээ. Тэр бүү хэл 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах байсан уралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж, 11 настай хүүхэд уралдуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хориглосоор байтал соёлон морины уралдааныг оройн цагаар зохион байгуулсан байсан нь хожим илэрсэн. Уг уралдааныг зохион байгуулах комиссын дарга нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн байсан бөгөөд тэрээр орой болж, нар жаргах гэж байхад соёлон насны морьдыг уралдуулах шийдвэрийг биечлэн гаргасан байдаг.

Энэ мэт илт хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан П.Сэргэлэн, Ш.Лхамсүрэн тэргүүтэй этгээдүүдэд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн, Төв аймаг руу шилжүүлсэн тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж буй юм.

Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгсөн билээ. Тодруулбал тэрээр Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн юм. 

Гэхдээ уг уралдааныг гардан зохион байгуулагч нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь зөвлөх П.Сэргэлэн, танхимынх нь дэд сайд Ш.Лхамсүрэн нар байгаа нь анхаарал татна. Адаглаад Ш.Лхамсүрэн уг уралдаанаа зохион байгуулах үедээ төрийн ажлаас албан ёсоор чөлөө авсан байсан гэдэг асуудал ч хөндөгдөнө. Иймээс ч Ерөнхий сайд нэн даруй тушаал гаргаж, П.Сэргэлэнг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн, Ш.Лхамсүрэнг Барилга, хот байгуулалтын дэд сайдын албанаас чөлөөлөх нь шударга ёсонд нийцэх биз ээ. Учир нь Монголын төрд ажил хэрэгч, олон түмний төлөө гэсэн чин сэтгэлтэй сэхээтнүүд хэрэгтэй болохоос морь уях хоббитой компаний захирлууд төдий л хэрэгтэй биш нь тодорхой. Нөгөөтэйгүүр П.Сэргэлэн, Ш.Лхамсүрэн нарт л хариуцлага тооцохгүй бол сахилга дэг журам, хариуцлага шаардсан Ерөнхий Сайдын үг ямар ч үнэ цэнэгүй болно.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Сэргэлэн нь МУБИС төгссөн, биеийн тамирын багш бөгөөд "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялах үед Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Одоо Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн зөвлөх.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нь ШУТИС-ийг 2002 онд төгссөн. “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан уяач юм.

 

П.Мандах

sonin.mn