Үүл даргын шийдвэрийг эсэргүүцэгчид цахим ертөнцөд бухимдлаа гаргаж байна. Учир нь цагаан сар ойртож буйтай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамж гарган автомашинуудын улсын бүртгэлийн дугаарын сүүлийн цифрийг тэгш, сондгойгоор нь ялгаж амралтын өдрөөд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон.

Энэ нь олон нийтийн санаанд төдийлөн хүрэхгүй байгаа. Учир нь долоо хоногийн нэг өдөр нь хөдөлгөөнд оролцохгүй байгаа жолооч энэ шийдвэрийн улмаас хоёр өдөр эрхээ хязгаарлуулж байгаа юм. Олон нийт эсэргүүцсэн ч нэгэнт шийдвэр гарсан тул дуртай ч дургүй түүнийг дагах болсон.

Тэд дэмий л твиттер, фэйсбүүкээр дургүйцлээ илэрхийлж сууна. Өчигдөр л гэхэд жүжигчин Н.Ялалт өөрийн фэйсбүүк хуудастаа “Энэ Бат-үүл баатар юу хийгээд байнаа. Миний машин дугаарынхаа буруугаас болж 2 өдөр дараалан явж болохгүй боллоо. Би яаж ажил, амьдралаа зохицуулах вэ? Сольж унах машингүй мань мэт одоо яах вэ? Бат-үүл даргаа та болилдоо гуйж байна” хэмээн бичсэн харагдсан. Тэгвэл өнөөдөр “Ану хатан” хэмээн нэрлэгдсэн дуучин Д.Отгонжаргал “Хамаг ажил амьдралыг минь зохицуулж, амь зуулгыг минь авч явдаг машин маань хоёр өдөр явахаа больчихлоо. Мөнгөтэй хүмүүс төрийн эрх мэдэлд гараад өөрсдөдөө зориулж хууль дүрэм гаргаад тэр дүрэмд нь энгийн ард түмэн хохироод л үлдэх юм даа. Явган явъя гэхээр явган хүний зам гарц байхгүй. Таксидъя, километр нь 800-1000 төгрөг. Хоёр, гурван машинтай хүмүүс нь аз жаргалаар дүүрэн хотын төвөөр салхи гээчийг татуулаад л... Явган л таваргая доо” хэмээн фэйсбүүкдээ бичжээ.

Н.НОМИН