Ривер клубийн тамирчид амжилтаа бататгалаа
2018/04/27
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий Ривер клуб нь фитнес, баасейн, йог, спиннинг, тусгай хичээлүүд, хүүхдийн хичээлүүд гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд хүүхдийн хөгжлийн өрөө, эрүүл хооллолтын juice bar, өндөр хурдны интернет бүхий цогц веллнэс төв юм.
Хэдэн ч насны хүн, цагийн хязгааргүй үйлчлүүлэх боломжтой нь тус клубийн давуу тал нь мэргэжлийн, туршлагатай баг хамт олон юм. Үүнийг тус клубийн тамирчдын амжилт батална. Тодруулбал, 27 дахь удаагийн “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд оролцсон амжилт юм. Тус клубээс 19 ангиллын дөрөвт нь дөрвөн тамирчин амжилттай оролцсон.
- Ривер клубийн тамирчин Л.Саруулбат -Бодибилдинг 75 кг-ийн ангилалд 1-р байр
- Ривер клубийн тамирчин Ч.Болорцэцэг – Эмэгтэй атлетикийн ангилалд 2-р байр
- Ривер клубийн тамирчин М.Эрхэмбаяр- Эрэгтэй спорт моделийн ангилалд +175 см дээш 3-р байр
- Ривер клубийн тамирчин М.Эрхбаяр-Эрэгтэй спорт моделийн ангилалд -175 см хүртэл 5-р байр эзэлсэн юм.
27 дахь удаагийн “Монголын мистер-2018” УАШТ-нд нийт 19 ангилалд 96 тамирчин өрсөлдсөн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа Ривер клуб урамшуулсан юм.
Ривер клуб ХХК гүйцэтгэх захирал Э.Энхбаяр: Манай багш нар бүгд мэргэжлийн өндөр ур чадвартай болохоор үйлчлүүлэгчид маань ам сайтай байдаг
Ривер клуб маань 2016 онд нээгдсэн. Нээгдээд удаагүй ч гэсэн фитнессийн зах зээлд өөрийн гэсэн хэрэглэгчдийг бий болгосон. Агаарын даавуутай йог, усны фитнесс, усны спиннинг, кинотой спиннинг, виртуаль спиннинг зэрэг Монголд өөр газарт байхгүй шинэлэг контентууд байдаг. Тиймээс манайхаар төмөр өргөдөг залуусаас гадна бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг төлбөр төлөөд та өөрийнхөө дуртай цагаар дуртай хичээлдээ хязгааргүй ордгоороо манай клубийн давуу тал. Манай багш нар бүгд мэргэжлийн өндөр ур чадвартай болохоор үйлчлүүлэгчид маань ам сайтай байдаг.
Манайх нээгдсэн цагаасаа эхлэн хотын аварга, УАШТ-нд тамирчдаа дэмжиж оруулдаг. Орох бүртээ багш нар маань медаль авдаг. 2018 оны сая зохион байгуулагдсан УАШТ-нд манайхаас дөрвөн тамирчин оролцсоноос гурав нь алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Медалийн буухиаг таслахгүй, тамирчдаа дэмжиж бэлтгэл сургуулилт хийх орчныг бүрдүүлж, клубээс уух нэмэлт бэлдмэл, уураг гэх мэтчилэнгээр дэмжиж явна. Энэ бол бидний хувд том амжилтын маань нэг хэсэг. Цаашид улам амжилтаа ахиулна.
Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Л.Саруулбат: Заримдаа тэмцээнээс өмнө 24-48 цаг огт ус уудаггүй
- Энэ удаагийн тэмцээний талаар?
- Монголын бодибюлдинг фитнессийн холбооны 27 дахь удаагийн УАШТ-д амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Миний хувьд найм дахь удаагаа жиндээ түрүүлж байна. 60, 65, 70, 75 жингүүдэд аварга болж байгаа. Энэ удаагийн тэмцээний тайзны засалт, тамирчдын чадал чансаа гайхамшигтай байлаа. Би бараг ахмад тамирчиндаа орохоор байна. Дүү нар маш эрч хүчтэй гарч ирж байна. Би жин нэмж ороод байгаа. Гэхдээ одоо удахгүйa болох Арнольд классикт жин хасаж 70 кг-д орно.
- Жин хасаж тэмцээнд орох нь амар уу? Жин нэмж тэмцээнд орох нь арай амар уу?
- Ер нь амархан биш. Бодибюлдингийн спортын онцлог нь ширхэг будааны үнэ цэнийг мэддэг болдог. Нэг ширхэг будаа ямар гоё амтай байдаг вэ? Ус уухгүй хоёр хоноход усны үнэ цэнийг ойлгодог. Ингээд ирэхээр хүний амьдрал өөр утга учиртай болж байгаа юм. Цаг хугацаа бидний хувьд үнэ цэнэтэй байдаг болохоор бэлтгэлээ алдахгүй хийх нь чухал байдаг.
- Хоёр хоног ус уухгүй байдаг нь ямар учиртай юм бэ?
- Тэмцээн ойртох тусам усаа багасгадаг. Заримдаа тэмцээнээс өмнө 24-48 цаг огт ус уудаггүй. Ингэснээр арьс махны завсраар байгаа бүх ус шүүгдэж гарснаар булчингийн ховил, ялгарлууд нь сайн гардаг.
- Хэцүү юм аа...
- Үгүй ээ хэцүү биш. 1-2 хоног ус уухгүй байгаад толинд хараад инээгээд үзээрэй. /инээв/. Усаа хасч хасч байгаад л юу ч болоогүй юм шиг тайзан дээр гарна даа.
Би ч гэлтгүй манай Риверийн тамирчид жилийн дөрвөн улирлын турш хоолны дэглэм барьдаг. Заримдаа энгийн хүн шиг идэхийг хүсдэг. Идсэнийхээ дараа шанална,
- Таны хувьд гэр бүлийн хүн нь тамирчин болохоор давуу тал их байдаг байх?
- Мундаг мундаг Монголын хос тамирчид цөөнгүй байдаг. Бид хоёр яагаад хамт хичээллэх болсон бэ гэхээр манай эхнэр үргэлж миний дэргэд сэтгэл зүрхээрээ хамт байсаар байгаад тамирчин шиг сэтгэл зүйтэй болсноор хамт бэлтгэл хийх болсон. Би үнэхээр сайн эхнэртэй. Би хаана ч үүнийг хэлнэ. Хэлдэг. Манай хүн аягүй байсан багш. Өөрөө илүүдэл жинтэй байсан болохоор бусдыг маш сайн ойлгож дэмждэг. Мөн Риверклубынхээ хамт олонд маш их баярлаж чин сэтгэлээсээ талархаж байгаа. Яагаад гэх юм бол бидний тэмцээн уралдаан бүрт клубээс чадах чинээгээрээ дэмждэг. Тэр нь бидний хувьд давуу тал болдог.
- Бэлтгэлийнхээ тухай
Би энэ спортоор 10 жил хичээллэж байна. Энэ хугацаанд надад тасалсан өдөр гэж байдаггүй. Би өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Шөнө байсан ч гэсэн би бэлтгэлээ хийж л байдаг. Бодибюлдинг гэдэг нь маак өмсөөд гудамжаар алхахыг хэлдэггүй. Бодибюлдинг гэдэг нь хүн дотроосоо өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрийгөө ялж байж, өрсөлдөгчөө ялдаг. Хүн энэ спортод шунаж тусмаа даруухан болдог.
Тэмцээн дөхөхөөр өдөрт хоёр удаа хоёр цаг гучин минутаар бэлтгэл хийдэг. Илүү цагаар дандаа алхдаг.
Би ЗХЖШ-т харьяалагддаг. Ахлагч цолтой. ЗХ-ний084-р ангид алба хаадаг. Энэ спортоор амжилт гаргасан нь цэргийн хүн болохоор хурдан амжилт гаргасан байх гэж боддог.
ДАШТ-ний 4-р байр, УАШТ-ний хоёр удаагийн аварга, 2018 оны УАШТ-ний Эмэгтэй атлетикийн ангилалд 2-р байр эзэлсэн Ривер клубийн тамирчин Ч.Болорцэцэг: Энэ спортоор хичээллэж байгаа залуус дандаа зөв замаар явдаг
- Эмэгтэй хүний хувьд төмөр өргөнө гэдэг чанга санагддаг. Яагаад энэ спортод өөрийгөө сорих болов?
- 2013 онд анх энэ спортоор хичээллэж эхэлсэн. Манай хүн өөрөө тамирчин хүн байдаг учраас ард нь бүх юмыг нь бэлдэж явдаг байлаа. Хэдий тийм ч өөрөө тамирчин хүн биш учраас зовлон, жаргалыг нь өөр дээрээ мэддэггүй байсан. Миний хувьд гурван хүү төрүүлсэн, бага хүүгээ гаргаад нилээн жин нэмсэн. Жин хасах зорилгоор энэ спортод орсон. Нөхрийнхөө тусламжтайгаар урам авч тамирчин болсон. Одоо шинэ залуу тамирчны тоонд ордог. 2017 оноос тэмцээнүүд эхэлсэн. Одоогоор таван тэмцээнд орсноос УАШТ-ий хоёр хүрэл, энэ удаад мөнгөн медалиа баталсан. Дэлхийн аваргын 4-р байранд орсон.
- Таны ордог ангилал атлетик төрөл эмэгтэй бодибюлдинг, модель ангиллаас юугаараа өөр вэ?
- Модель ангилал нь биеийн тэгш харьцаа, гоо сайхан байх, эмэгтэйлэг зан төрхтэй, бага зэргийн булчин ялгарсан, нимгэрэлт байх ёстой байдаг. Энэ ангилалд булчин төдийлөн хардаггүй.
Миний ордог атлетик ангилалд биеийн тэгш харьцаа, булчинлаг байдлыг хардаг. Гэхдээ эмэгтэй бодибюлдингийнх шиг хэт тийм булчинлаг биш. Завсрын, бодигийн арай наад талын, эмэгтэйлэг, булчин ялгарсан байх ёстой байдаг.
- Тамирчин эмэгтэй хүний зовлон жаргалын багахан хэсгийг бидэнтэй хуваалцахгүй юу?
- Өөрийгөө ялан дийлэх энэ спортоор залуус хичээллэж байгаад би баяртай байдаг. Яагаад гэвэл энэ спортоор хичээллэж байгаа залуус дандаа зөв замаар явдаг, спорт урлаг хүнийг гэгээрүүлж, өөрчилж өгдөг. Дотроос нь гаднаас нь хүнийг 100 хувь өөрчилж, өөр хүн болгож өгдөг.
2013 оны Болороо өөр хүн байсан бол өнөөдрийн Болороо өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтай, амьдралыг харах үзэл нь өөр хүн болохын зэрэгцээ өөрийгөө олж авсан байгаа.
- Тамирчин хүн цаг наргүй бэлтгэл хийхээр эмэгтэй хүний арын амьдрал орхигдох гээд байдаг сул талтай шүү дээ?
- Амжуулдаг. Амжуулахаас өөр арга байхгүй. Хүн урдаа тавьсан зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байх юм бол ямар ч саад бэрхшээлийг даван туулах чадвар хүнд байдаг. Тийм болохоор ээж, эхнэр, тамирчин хүн болохоор бүхнийг зохицуулаад явдаг.
- Жирийн үед болон тэмцээний бэлтгэлийн үеэр хэдэн цагийг зааланд өнгөрөөж байна вэ?
- Жирийн үед өдөрт нэг бэлтгэл хийдэг. Бэлтгэлтэй үед өглөө бэлтгэл хийгээд, өдөр амраад, орой нь бэлтгэл хийдэг. Ер нь жилийн дөрвөн улирлын турш л бид бэлтгэлтэй явдаг. Байнга дэмжиж байдаг Ривер клубийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
Ривер клубийн тамирчин М.Эрхэмбаяр: Фитнессээр хичээллэх тусам зорилгоо ахиулсаар байгаа
- Тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Фитнессээр хичээллэх болсон талаараа
- 2011 онд анх оюутан болоод хичээллэж эхэлсэн. Тэгэхэд би 67 кг туранхай байж байсан болохоор жингээ нэмэх гэж фитнессээр хичээллэж эхэлсэн. Хичээллэх тусам өөрчлөгдөж, тэр хэмжээгээр хичээсээр зорилго өөрчлөгдсөөр байсан. Анхны тэмцээндээ 2014 онд ороод мултарч байсан. 2015 онд цомын аваргаас мөнгөн медаль, хотын аваргаас хүрэл, улсын аваргаар шагналт байранд ороод, 2016онд дахиж ороод мултарч байсан. 2017 онд хотын аваргаас хүрэл аваад дунд нь хоёр ч цомын аваргад ороод мөнгөн медаль аваад гадагшаа олон улсын тэмцээнд явж шагналт байранд ороод 2017 лны улсын аваргаас бас шагналт байранд орсон. Эхний гурван байрт орж чадаагүй. /инээв/. 2017 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль авснаасаа хойш сая УАШТ-д ороод хүрэл авлаа. Жил бүр хүмүүс улам л аймаар болоод байна ш дээ.
- Ойрхон орох ямар тэмцээн уралдаан байна вэ?
- Тав болон зургадугаар сард мэргэжлийн гол тэмцээнүүд болно. Солонгост болох тэмцээнд бэлдэж байна.
- Дэглэм, бэлтгэлийнхээ талаар?
- Энгийн үед өдөрт нэг удаа бэлтгэл хийдэг. Тэмцээнд бэлдэхээрээ өдөрт гурван удаа хийдэг. Тэгэхээр тэмцээний бэлтгэлтэй үед долоо хоногт 21 удаа хийдэг. Мастерт төрийн удирдлагаар сурангаа эндээ хувийн дасгалжуулагчаар ажилладаг болохоор эндээ л гол төлөв өнждөг.
М.Эрхбаяр: Хичээллэх тусам улам шунадаг спорт
- Энэ спортод ороод хэдэн жил болж байна вэ
Таван жил болж байна. Сонирхлоороо буюу аль нэг спортын төрлөөр тууштай хичээллэх гэж энэ спортод орсон. Эхний 1-2 жил сонирхогчийн төвшинд хийж байгаад сүүл рүүгээ улам шунаж дурлаад илүү их хичээх болсон. Цаашдаа мэргэжлийн тамирчин болоод тэмцээнд уралдаанд оролцох болсон. Би нийт дөрвөн тэмцээнд орж байсан. 2016 оны хотын аваргаас хүрэл, улсын аваргын хүрэл, 2017 онд улсын аваргаар шагналт байранд ороод, 2018 оны улсын аваргын тусгай байрт орсон байна.
Би өдөрт бэлтгэлдээ гурван цагийг зарцуулдаг.
Та бүхэн "River club"-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://riverclub.mn сайтаас авах боломжтой.