Хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл
2018/05/04
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүүлийн үед Хотгор шанагын уурхайтай холбох болсон талаар болон Хүүхдийн мөнгийг ямар хэмжээнд олгох талаар тодрууллаа.
-“Хотгор шанага”-ын лиценз танай гэр бүлийнхний нэр дээр байдаг тухай нэвтрүүлэг цацагдсан. Харин та, танай ах өөр тайлбар өгөөд байгаа?
-Тухайн нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худал мэдээлэл. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад тусалж өгөөч гэсэн зүйлс ч их гарах болсон.
Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Эндээс би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм байна гэдгээ мэдэж авсан.
-Та уг нь Сангийн сайдаар томилогдохдоо “надад болон манай ах нарт уул уурхайн ямар ч лиценз байхгүй” гэсэн. Гэтэл хоёр ах болон зөвлөхөд тань “Хотгор шанага”-ын лицензүүд бий гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хэзээ ч лиценз байгаагүй. “Хотгор шанага” гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан ч гурван жилийн дараа төлсөн. Ийм л асуудал байгаа. Манай гэр бүлийнхэн лиценз, концесс, тендерт оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.
-Та энэ тухай мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүн бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздийг нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.
-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төслийг дэмжээд, нэгтгэж хэлэлцэхээр болсон. Үнэхээр 100 хувь олгох боломж төсөвт бий юу?
-Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа. 100 хувь болгохоор мөнгө байхгүй учир Төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэгвэл Төсөв ямар тохиолдолд тодотгох нь хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа.
Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай. Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Эх сурвалж: Өглөөний сонин
Иргэн · 2018/05/05
ХҮРЭЛБААТАР АА ХОТГОР ШАНАГАА УЛСАД НЬ ИРЭЭДҮЙН ХОЙЧ ХҮҮХДЭД НЬ ӨГЧИХ ЗА ЮУ БИТГИИ ХУЦААРАЙ АХ ДҮҮГИИНХЭЭ ТӨЛӨӨ ЧИ ГАНЦХАН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ .
Hyts · 2018/05/04
Чи өөрөө хүүхдийн мөнгө хумсалсан
ЗОЧИН · 2018/05/04
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ТӨРИЙН АЛБЫГ ХУУЛЬ БУС МУЙХАР ХАР УХААНААР ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ ДАА