"Энэрэл” төвийн хүүхдүүд мөрөөдлийн аялалд гарна
2018/05/31
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн багачуудаа “Өргөө” кино театрын их танхимд хүлээн авч баярын бэлэг гардуулахын зэрэгцээ хоёр автобус хөлөглөн мөрөөдлийн аялалд гарах эрхийн бичиг олгож баярлууллаа. Тэд хүүхдийн баяраа Улаанбаатар хотод үргэлжлүүлж, Цонжин болдог цогцолбороор аялах болов. Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа ам бардам танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ үйлдвэрийн удирдлагуудад сэтгэлийн бэлэг барив. Турк сургуулийн 6-р ангийн сурагч З.Бат-Үйлс англи хэлний Улсын олимпиадад түрүүлэн алтан медаль хүртэж, багийн дүнгээр дэд байр эзэлсэн бол эдний ахлах ангийн хүүхдүүдээс бүрдсэн бүжгийн хамтлаг аймгийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ. Одоогоор “Энэрэл” төвд 46 хүүхэд сурч хүмүүжиж байгаа бөгөөд он гарсаар бага насны дөрвөн хүүхэд шинээр нэмэгдсэн байна.
Баярын үйл ажиллагааны үеэр АНУ-д сурагч солилцоогоор явж суралцаад ирсэн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Оюундарь “Эрдэнэт” үйлдвэрийнхээ ах эгч нарт насан туршдаа баярлаж явахаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүслээ.
М.ОДГЭРЭЛ