“Ард түмэнд ашиггүй, тавантолгойн энэ хувилбарыг дэмжихгүй”
2018/06/28
УИХ-ын чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалт явууллаа. Харин АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс-Тавантолгой”-н толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн нийт хувьцааны 49 хувийг иргэдэд эзэмшүүлж, баялгийн хуваарилалтыг тэгш явуулах ёстой гэсэн горимын саналыг гаргасан юм. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тавантолгой төслөөр хоёр хоногийн завсарлага авах санал гаргалаа. Ажлын хэсэг дээрх горимын саналыг нааштайгаар хэлэлцэж, тусгахгүй бол Тавантолгой төсөл ард түмэнд ашиггүй болох учраас АН-ын бүлэг дэмжихгүй гэлээ. Үүнийг ажлын хэсгийнхэн Тавантолгойн хувьцааны 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг ярьж байхад “Эрдэнэс Монгол”-ын 49 хувийг иргэд эзэмшүүлэх асуудлыг хөндөж байна. Энэ хоёр асуудал тусдаа учраас хамтад нь хэлэлцэх боломжгүй гэж тайлбарласан. Гэсэн ч УИХ-ын дарга АН-ын бүлгийн горимын саналыг харгалзан Тавантолгойг төслөөр хоёр хоногийн завсарлага өглөө. Тавантолгой төсөлтэй холбоотой гишүүд байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Тавантолгойн хувь заяаг шийдэх олон алхам хийж байгаа. Энэ олон жил ярьж байгаа асуудал. Тавантолгойг хөдөлгөе гэж байгаа Засгийн газрыг буруутгах аргагүй. Одоо ингээд 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжина. Мэдээж Нью-Йорк, Лондонгийн бирж хүртэл явахгүй л дээ. Шанхай, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр арилжина. Энэ 30 хувийг хэн хяналтдаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын хувьчлалын асуудал тавигдаж байгаа бол зарчмын хувьд зөв. Гэхдээ нэг гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад оруулж ирж байгаа бол буруу гэсэн үг. Яагаад гэвэл ямар ч тооцоо судалгаагүй ийм заалт оруулж ирж болохгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-“Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахад тооцоолсон үнэлгээний төсөөлөлтэй огт санал нийлэхгүй байна. Үнэлгээг 1.5-6 тэрбум ам.доллар гэж тооцсон байна. УИХ-ын 76 гишүүн энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Яаж тооцсон тооцооллоо Засгийн газар өнөөдрийг хүртэл гишүүдэд өгөөгүй л байна. IPO босгоход хүртэл механик олон ажил байдаг гэлээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин