УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд АН-ын бүлгийнхэн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан агуулга бүхий лоозон барьсан байв. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийллээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг алдсан, шударга ёсыг уландаа гишгэсэн өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна" гэв.

Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.