УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар хамтран маргааш буюу энэ сарын 23-нд Төрийн ордонд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчидэд хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Сүүлийн үед ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл цацагдсан. Олон нийтийн зүгээр сангийн хуваарилалтыг сайжруулах шаардлага тавьж байгаа. Тэр утгаараа энэ санг шалгах, үйл ажиллагааг нь сайжруулах түр хороо байгуулагдсан. Маргааш буюу Баасан гаригт Төрийн ордны “Б” танхимд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг хийхээр боллоо. Бид нэг зааланд цуглаад бие биенийхээ зовлонг яриад байх биш. Тэгэхээр дараагийн Засгийн газарт шаардлага хүргүүлэх зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс нэгдэж орсон. Энэ зорилтын хүрээнд ард иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурал бууруулах, ажлын байр бий болгоход чиглэж байгаа юм. Энэ зорилтод хүрэх хамгийн оновчтой алхам бол ЖДҮ-г хөгжүүлэх асуудал байдаг. Гэтэл манай улс төрийн өндөр албан тушаалтан, сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанид авсан нь бухимдал төрүүлж байна. Тиймээс сангийн зарцуулалтыг хэрхэн эзэнд нь хүргэх, төрийн хүнд суртлыг бууруулах, барьцаа хөрөнгийн хэмжээг бууруулах, зээл авах процессыг хялбар болгох шаардлага байна. Маргаашийн хэлэлцүүлгээр гарц шийдэл хайх зорилготой юм.

Архангай аймгийн ЖДҮ, бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан:

– ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл ЖДҮХС-гийн зээлийг шилэн болгох. Хоёрт, ЖДҮХС-гаас зээл олгохдоо хуулийн дагуу олгодог байх. Гуравт, ТББ-уудын төлөөлөл ЖДҮ эрхлэгч нартай нэгдээч гэж хүсч байгаа. Манай аймгаас жижиг, дунд үйлдвэрийн 45 төсөл хэрэгжүүлэхэд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг ЖДҮХС-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бол 300 гаруй хүний ажлын байр бий болгож, улсад жил бүр 50 сая төгрөгийн татвар төлөх боломжийг бүрдүүлэх байсан юм. Гэвч энэхүү боломжоо төрийн өндөр албан тушаалтнуудад алдсандаа харамсаж байна