Хавар болгохоор улс төрчид сэрдэг болоо юу гэлтэй. Учир нь МАН-ын нөлөө бүхий гишүүд маргааш МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхээр болжээ.

Тэд маргааш МАХН-ын төв байранд цуглан гишүүнчлэлээ сэргээх гэнэ. Нийт 100 гаруй гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэж тус намын нөлөө бүхий хүн хэллээ.

МАН-ын гишүүд ийн МАХН-руу очих болсон шалтгааныг намын дарга М.Энхболдын үйл ажиллагааг эсэргүүцэн хийж буй анхны алхам хэмээн тодотгосон юм.

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба "МАН-ын 200 гаруй гишүүн манай намд элсэнэ  гэдэг нь үнэн. Маргааш элсэж МАХН-ын батлахаа сэргээнэ. Харин  МАН-ын нөлөө бүхий гишүүд бий. Энэ тухай одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилаад мэдээлэл өгчихвөл зөрүүлээд сөрөг мэдээлэл их цацагдах магадлалтай учраас одоохондоо нэрсийг нууж байна" гэлээ.

Сар шинийн өмнө МАН-ын нөлөө бүхий гишүүдийн тоонд багтаж ирсэн УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа мэдэгдэж байсан юм. Энэ тухайгаа Ц.Шаравдорж тайлбарлахдаа  "Би 1984 онд МАХН-д гишүүнээр элсэж байсан. Улстөрд байхдаа МАХН-ын гишүүнчлэлээр алба хашиж явсан хүн. 2008-2012 оны хооронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба хаших хугацаандаа намаасаа татгалзсан, төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид намаасаа татгалздаг. МАН-ын батлах байхгүй, тийм учраас би өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Угаасаа МАХН-ын гишүүн байсан" гэж ойлгох хэрэгтэй гэж өөрийн сонголтоо зөв хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай.

Тэгвэл маргааш МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх эрхмүүдийн хувьд мөн ямар тайлбар хийх бол доо.

Х.Даваа