Эрдэнэт үйлдвэр баярын өдрүүдээр ХАБЭА-н зөрчилгүй, хэвийн ажиллаа
2018/01/03
Өнгөрсөн өдрүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болон шинэ жилийн баяр тохиосон. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нийтээр тэмдэглэх баяр, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, 12-р сарын 29 болон 1-р сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Дулаан цахилгааны төв, Холбоо мэдээлэл техник автоматжуулалтын цех, Геологи хайгуулын анги, Тээвэр ложистикийн алба зэрэг 17 цех, нэгжийн ажиллагчдыг бүх нийтийн амралтын өдрөөр ажилласанд тооцсон байна. Мөн бүтцийн нэгжүүд болох цех хэлтсүүдийн дарга нарт баяр амралтын өдрөөр ажиллагсдын тоог багасгаж, мэргэжлийн сургалтанд ажилчдыг хамруулахгүй, оюутан сурагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхгүй байхыг үүрэг болгосон. Эдгээр өдрүүдэд үйлдвэрлэлийн бүсэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг баримталж, осол авааргүй ажиллалаа гэж ерөнхий диспетчер Ж.Мөнхбат онцлов.
Өнгөрөгч 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчилж, уулын ажлын гол хөдөлгөгч хүч болох бульдозер, автогрейдер, авто ачигч тус бүр нэг, 130 тонны даацтай өөрөө буулгагч Белаз гурав, ус тээврийн Белаз хоёр, хүн тээврийн автобус зургааг худалдан авч, баяжуулах үйлдвэрийн хоёр тээрмийг шинэчлэх гэрээ байгууллаа. Дулааны цахилгаан станцыг 48 мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажил бүрэн дууссан бөгөөд Засвар механикийн заводод Liebherr-944 экскаваторын 18 м кубийн багтаамжтай шанагыг үйлдвэрлэсэн юм. Үйлдвэрийн 40 жилийн ой тохиох ирэх жилдээ бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлж, 36 сая тонн хүдэр олборлох зорилго тавьж буйг албаны хүн ярилаа.