Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нар өнөөдөр Улаанбаатар хотноо Хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд компанийн үйл ажиллагааны талаар болон тэдний сонирхсон асуудлаар мэдээлэл өглөө.




“Эрдэнэт” үйлдвэр оны эхнээс 252 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

     “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой 2018 онд тохиож байна. 40 жил ашиглаж байгаа “Эрдэнэтийн -Овоо” ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, үйлдвэрийн технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болсон.  Энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд “Эрдэнэт” ашигтай ажиллаж байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов. 2017 онд дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь 101.9-152.1 хувиар биелүүлсэн. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байсан хэдий ч зэсийн металл авалтыг 89.28 хувьд хүргэн хамгийн өндөр орлого, ашигтай ажиллаж, 2017 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь 40 жилийн түүхэнд дээд амжилт байлаа.  




“Эрдэнэт” үйлдвэр дахин 60 жил тасралтгүй ажиллана

     “Эрдэнэт” үйлдвэр цаашид хэдэн жил үр ашигтай ажиллах вэ? гэдэг асуултын хариулт уурхайчдын, Эрдэнэт хотын иргэдийн цаашлаад Монголчуудын хувьд чухал байдаг. Өнгөрсөн  жилүүдэд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн. Энэ онд геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг 2016 онтой харьцуулахад 3.2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.


Уурхайчдынхаа цалинг 1000 ам.долларт хүргэнэ


    “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд уурхайчдын цалин хөлсийг нэмүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, ажилчдын төлөөллийг оролцуулан жагсаал хүртэл зохион байгуулсан. Бодит байдалд уурхайчдын цалин үнэхээр чамлалттай байдаг уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариулахдаа, өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2,3 сая төгрөг байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувь, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлж, уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан  оны төгсгөлд ажилтан бүрт 500 мянган төгрөг, ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэв. 2019 онд ажилтны дундаж цалинг 1000 ам.долларт хүргэнэ. Эрдэнэт үйлдвэр ХХК нь ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ бодлогын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 129.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Хүнээ, уурхайчнаа бодсон нийгмийн хамгааллын бодлогыг нэн тэргүүнд тавьж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээнд заасны дагуу цалинг шат дараатай өсгөх үүргээ 100 хувь биелүүлэн ажилладаг гэдгээ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага сэтгүүлчдэд хэллээ.  Сонирхолтой судалгаа дурьдахад, “Зарплата” сэтгүүлийн 2018 оны нэгдүгээр улирлын дугаарт “Хаана хамгийн өндөр цалин авдаг вэ?” гэсэн статистик мэдээ нийтлэгдсэн байна. Монгол улсын хувьд нэг ажилтанд ногдох 458 $-ын цалин хөлсний орлогоор тус жагсаалтын 91-р байранд Казахстан, Албани, Румын зэрэг улс орнуудын ард жагсчээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-д байдал ямар байгааг улс орнуудын дундаж цалин хөлстэй харьцуулан харвал 2017 онд компанийн нэг ажилтан 2 272 370 төгрөг буюу 950 орчим долларын цалин хөлстэй ажиллажээ. Үүнийг тус жагсаалттай харьцуулан харвал Португали, Чили, Гонконг, Макао, Бразил зэрэг улс орнуудын орчимд буюу 40-р байрт багтаж байгаа юм.
 


Цагаан тоосыг дэгдэлтийг 50-60 хувиар дарна

     Хаягдлын аж ахуйн хүчин чадал, цагаан тоосны талаар сэтгүүлчийн асуултад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт хариулт өгөв. Тэрээр 1978 онд жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшиж, зэсийн болон молибдены баяжмал гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүнээс гадна Катодын зэс, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг ярианы эхэндээ онцлов. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт”-ийн уурхайчид төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, өмнөх оныхоос ч давуулах төлөв харагдаж байгааг хэллээ. Үйлдвэрлэлийн технологийн хаягдал цуглуулах Хаягдлын аж ахуйг компани 40 жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд цаашид 20-22 жил ашиглах боломжтой юм. Иймд орон нутгийн төр, захиргааны байгууллагатай газрын асуудлаар санал солилцож, шинээр хаягдын сан байгуулах төсөл хийгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд цагаан тоосыг дарах шинэ технологийг боловсруулан лабораторид туршихад үр дүн 100 хувь гарсан. Энэхүү технологи нь цагаан тоосны дэгдэж буй нарийн ширхэглэлийг нийлэг бодисоор барьцалдуулж, уусгах бөгөөд үүнийг үйлдвэрлэлд туршиж байгаа юм. Ирэх хавар шинэ технологийн үр дүнд цагаан тоосны дэгдэлтийг 50-60 хувь багасгана.
 



 

“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй

    “Жаст групп” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Арбитрын шүүхээс тус банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх шийдвэр гаргасан. “Эрдэнэт” үйлдвэр нэг ч ам.долларын төлбөр төлөөгүй. Одоогоор Арбитрын шийдвэрийг давж заалдах хуулийн ажиллагаа бүрэн дуусаагүй байна. Энэ асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, шаардлагатай баримт материалыг судалсан. “Стандарт” банктай холбоотой асуудлаар холбогдох баримт материалыг нягталж, нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон, Монгол улсын эрх ашгийг хөндөхгүй, хохирол багатай шийдвэрлүүлэхийн төлөө төр, засгийн дэмжлэг авч ажиллаж байгаагаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “Эрдэнэтийн 49 хувь”, “Стандарт банкны өр” гээд компанийг тойрсон сөрөг мэдээлэл, сэтгэл зовоосон асуудал цөөнгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон эдгээр асуудалд анхаарал хандуулах завгүй хөдөлмөрлөж, ажил үйлс нь өөдрөг, үйлдвэрлэл нь жигд тогтвортой, ашиг орлого сайн 40 жилийн ойгоо угтаж байгааг хэвлэлийн бага хуралд компанийн удирдлагууд дөрөв дэх засаглалынханд дуулгалаа.


У.Цэрэнбат