Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн Тэгвэл түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болох байсан. Гэвч  өнөөдөр /2019.10.28/ 10.00 цагт болохоор хойшилсон  юм. Уг шүүх хурал өнөөдөр цагтаа эхэллээ.

Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байна. Учир нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээж буй билээ.

Түүний холбогдсон хэргийг эргэн сөхвөл, 

  1. Арилжааны банкнуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэл: Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан. 
  2. Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал. Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн.