Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удахгүй болох Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглох шийдвэрийг зохих албан тушаалтнаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Улсын онцгой комиссын ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшин “Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх арга хэмжээг Улсын онцгой комиссын гишүүдийн саналын дагуу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь хөл хөдөлгөөнийг хориглох учиртай. Бусад оронд хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс халдвар тархсан гэж үзэж байгаа. Тиймээс Монголын уламжлалт сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх асуудлыг холбох байгууллагаар шийдвэрлүүлье. Ерөнхийлөгч зарлиг гаргах болов уу.  Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шийдвэр гаргана” хэмээлээ.

Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхийг төр гэхээсээ илүүтэй түмэн олон өөрсдөө шийдэж таарна. Гэхдээ өргөн олноороо тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг төрөөс гарчихвал цагаан сарыг тэмдэглэх хамрах хүрээ багасах болов уу. Төрийн албан ёсны шийдвэр гарчихвал очих гийчин, тосох айлын хүлээлт багасаж, “Очиж золгохгүй бол болохгүй” гэдэг ёсоо энэ удаа хойш тавьж, эрсдэл багатайгаар Сар шинийн баяраа тэмдэглэх боломж байна. Шинэ жаран эхэлж байхад гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлах хэцүү. Харин албажуулаад өгвөл ард нийтийн сэтгэл санаа ч нэг талдаа гарах биз. Гол нь таньж мэддэг айл бүрт очихгүй, бусдын гар тэнийлгэх болох болохгүй бэлэг сэлтэд мөнгөний урсгал чиглэхгүй, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн, цомхон хүрээнд ёслоод өнгөрвөл зүгээр. Гол нь шийдвэр гарсан гараагүй халдварт вирус өргөн тархсан үед гэр гэртээ, эрүүл мэндээ бодож, ариун цэвэр сахиж, энх тунх шинэлмээр байна. Хятад Цагаан сараа өргөн тэмдэглэснээс үүдэн халдварт вирусийн хамрах хүрээг тэлсэн гэж мэргэжлийн хүмүүс хэлж эхэллээ. 

Цагаан сарыг тэмдэглэх талаар олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулахад иргэдийн 87 хувь нь “тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн. Яагаад гэвэл БНХАУ шинэ коронавирус тархахад цагаан сар тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарласан. Тиймээс Улсын онцгой комиссоос сар шинийнхээ баярын асуудлыг тодорхой шийдвэрлээд, ард иргэдэд чиглэл өгөх хэрэгтэй болов уу" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд өнөөдөр “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш, илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” гэж санууллаа. 

Тиймээс төрөөс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гаргаж, иргэд нь өргөн олноороо Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзах шийдвэр гаргалаа.