УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ.

 УИХ-ын гишүүн С.Батболд “Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая Мoнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ.

Тэр гэрээг байгуулахад би Ерөнхий сайд байгаагүй. Харин манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн. Зээлийн хүүг бууруулж, давхар татвар 0 байсныг 20 хувь болгосон. Ингэж жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт хийсэн. Өөр ямар ч холбоо байхгүй. 

Би төрийн ажил хийж байхдаа төсөв, тендер авч, засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан хийлгэж байгаагүй. Монгол төр нээлттэй, хариуцлагатай байж, бие биенээ хардаж, шалгах эрхтэй. Тийм учраас Оюутолгой, Тавантолгой, төмөр замын гэрээний төслүүдийг нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх ёстой. Ингэж байж бид төрөө, нэр хүндээ авч гарч, нүгэлтэй хүн нүглээ үүрдэг болно. 

Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн. 30 гаруй жил хувийн бизнес хийж, өрхөө засчихаад, төрийн ажил хийж байгаа. Тавантолгой гэдэг асар том төслийн эрхийг эзэмшиж байснаа ард түмэнд өгч, 1,072 ширхэг хуьцааны ногдол ашиг гаргуулж байсан Засгийн газрын тэргүүн. 

Өөрөөсөө алдаагаа хайж, яагаад ийм байдалд оров гэдгээ ярихын оронд бусад руу чихэж, бурангуй гүтгэлэг хийж байгаатай санал нийлэхгүй байна. 

Жишээ нь, гадны бизнесмэнтэй хардсан, Оюутолгойтой холбосон зохиолыг гадны байгууллагаар хийлгээд, тэр хэрэгтэй танилцах боломж надад олгоогүй хэр нь гадна, дотны сүлжээгээр тараах бохир технолгийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. 

Тусгаар улсад өөрийн хууль хяналтын байгууллага байгаа. Гэтэл үүнийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулаад, маш нууц гэж дарамтлаад сууж байгаа нь байж болшгүй зүйл. 

Ардчилсан тогтолцоо руу явах уу дарангуйлал руу явах уу гэдгийг сонгох хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдыг зөв алхам хийж байна гэж харж байна.