НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай "Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд оочер дараалал, ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарахыг хүсье. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа тогтмол үргэлжлүүлэх юм. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах ажил үргэлжилсээр байгаа" гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа газруудад НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Түр зааврын дагуу ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгож байна.

Зарим төрлийн үйлчилгээ, зах худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хүний хөдөлгөөн ихэссэн. Иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л худалдааны төвөөр үйлчлүүлж, энэ үедээ хоорондын зайгаа баримталж, QR кодоор зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлж байх шаардлагатай байна" гэлээ.