"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.

“Ковид-19” цар тахал бизнес эрхлэгчид, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчдэд нилээн хүнд тусч байна. Танай компани, бизнесийн хувьд нөхцөл байдал ямар байна? 

 

Цар тахал зөвхөн Монгол төдийгүй дэлхийн нийтийг эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд оруулчихлаа.

Ганцхан манай компани, миний бизнес гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид өнгөрсөн хугацаанд үнэхээр их хичээсэн. Аль болох ажлын байраа авч үлдэхээр чармайсан. Цар тахлын үед улс орон бүр өөр өөрсдийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн.

 

Уг нь манай хөнгөн үйлдвэрийн салбарынханд магадгүй энэ “Ковид-19” цар тахлын үед маш их боломж байсан. Тодруулбал Монгол Улсад 2020 оны 4 сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл “Ковид-19”ын халдвар алдагдаагүй дэлхийн цөөхөн хэдэн орны тоонд орж байлаа. Мэдээж цар тахалгүй, вирусгүй газраас аль ч улс хамгаалалтын хэрэгсэл, хувцсаа авахыг хүснэ.

 

Тэр утгаараа "Exclusive medicine" эмнэлгийн тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэдэг компани маань хэд хэдэн томоохон улс орны тендерт ороод ялж байсан. Бидэнд маш том боломж байна гэж харж байсан боловч тухайн үед бичиг цаасны ажлаас болоод амжилттай болгож чадаагүй нь маш харамсалтай. Гэхдээ одоо бол гадагшаа гаргахаасаа илүүтэй дотоодын эмнэлэг, ЭМЯ-ы хэрэгцээг 100% хангах боломж байгаа. Гагцхүү төрийн бодлогод шүүмжлэлтэй хандмаар байна.

 

2020 оны 4 сард Монгол Улсын Засгийн Газар цар тахлын үед гаднаас импортоор орж ирэх тусгай зориулалтын халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, туслах материалыг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлнө, хөнгөлттэй нөхцлөөр шууд оруулна гэж байсан боловч 2020 оны 12 сарын 31-нд хуулиа өөрчлөөд түүхий эд, туслах материал хэрэгслийг нь 15.5 %-ийн татвартай болгочихсон.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын 10 %, гаалийн 5.5 %-ийн татвартай болгосон атлаа харин бэлэн бүтээгдэхүүнийг нь НӨАТ, гаалийн татвараас чөлөөлчихсөн. Ингэхээр чинь юун дэмжих бодлого? Ингээд зөвхөн манай компани биш Монгол Улсын 21 аймаг, сум бүр өөрсдөө хамгаалалтын хувцсаа хийх бүрэн боломжтой байсан боловч өмнө өгүүлсэн хуулиар хязгаарлачихаж байгаа юм. Яг энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд манай Засгийн Газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна. Монголд тусгай зөвшөөрөлтэй хамгаалалтын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг хоёр компани байдгийн нэг нь манайх. 2020 оны үед манай компани 70-80 ажлын байртай, дундаж цалин нь 3 сая орчим байсан. Харамсалтай нь төрийн бодлого өөрөө буруу байхаар аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг. 

Энэ нь яг өнөөдөр харагдаж байна. 

 

Бид олон мянган хамгаалалтын хувцас үйлдвэрлэчихсэн агуулахад маань байгаа.

Гэтэл төр худалдан авдаггүй. Төр хамгийн эхэнд бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, энэ нь эргээд ажлын байрыг бий болгосноор яг зөв голдиролд орж байдаг. Гэтэл өнөөдөр тендер гэдэг зүйл  маш тодорхойгүй болчихсон. Эрүүл Мэндийн Яам нь шилэн дансанд мэдээллээ оруулдаггүй. Тэгэхээр бидэнд хөгжих боломж байхгүй болчихлоо. Хамгийн наад захын жишээ гэхэд 3 дугаар сарын 9-нд ЭМЯ-аас зарлагдсан тендерт манай компани оролцсон. 5 дугаар сарын 9-нд “танайх үнээрээ өрсөлдөж чадсангүй” гэсэн хариу ирсэн. Би үүнийг шалгуулахыг хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдөр хэдэн төгрөгөөр ямар компани тендер аваад байдаг юм бэ? Энэ бүхэн чинь ил тод биш учраас хардах сэдэл төрж байна л даа. 

Өнөөдөр бидэнд ажилтай орлоготой хөгжих боломж маш их байна. Гэхдээ яалт ч үгүй төрийн бодлого дутагдаад байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж байж улс орон хөгжинө. Түүнээс биш өндөр байшин барилга барьснаараа хөгжлийг хэмжиж болохгүй. 

 

 

 Та сошиал хуудсан дээрээ “Хамгаалалтын хувцсыг Хятадаас 20 000 төгрөгөөр аваад байна” гэж бичсэн байсан?

 

Энэ үнэ бас их тодорхойгүй. Би хүнээс сонссон. Одоо Эрүүл Мэндийн Яам тендер зарлахаа больчихсон юм гэнэ. Тендерээ бүх эмнэлгүүдэд тараагаад өгчихсөн, тэнд нь бизнес хийж байгаа хэсэг мафийн шинжтэй бүлэг хүмүүс байгаад байна гэж. Гэхдээ хичнээн тендерээ жижиглээд бүх эмнэлгүүдэд өгсөн ч гэсэн тэнд нь нэг толгой тараалт хийгээд байна. Тэр тараалт хийгдэж байгаа үнэ нь өөрөө 20.000 төгрөг гэдгийг би мэдсэн.  Би үүнийг хууль шүүхийн байгууллагаар шалгуулна. Учир нь жирийн нэгэн иргэнд дээрх мэдээллүүдийг нь гаргаж өгөхгүй шүү дээ. Ер нь төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдөөс цугларсан мөнгө төсвийг бүрдүүлдэг. Тэгэхээр хэн нэгэн ашиг олох зорилгоор хууль батлуулж байгаад гаднаас хамгаалалтын хувцас оруулж ирээд байж болохгүй.

 

Аж ахуйн нэгжид, Монгол Улсад үйлдвэрлэгдсэн хувцасны өртөг нь 10.000 төгрөг байна. Халаад нь 4500 төгрөг, туузтай хувцас нь 15.000 төгрөг байна. Би хэн нэгэнд авилга өгч тендерт оролцохгүй. Энэ бол зарчим.

 

Юуны тулд хүний нутагт арван хэдэн жил ажиллаж, боловсорсон юм бэ? Тэнд бүх хүнд тэгш боломжийг олгодог. Хийж байгаа хүнд нь боломж ирдэг. Түүнээс биш хэн нэгэн даргад авилгал өгөөд, тендер авдаг зүйлийг одоо бид нар таслан зогсоох ёстой.

 

Өнөө цагт миний үе үздэггүй юм аа гэхэд, хойч үедээ хэрвээ та хийдэг л бол танд боломж нь байна гэдэг системийг бий болгохын төлөө “Exclusive” өнөөдөр золиос болж байна. Яахав хүмүүс бүр янз бүрээр харж л байгаа байх. Гэхдээ манайх хэзээ ч шахаа хийж гүйж байгаагүй ээ. Хийх ч үгүй. Яагаад гэвэл чанаргүй материалтай зүйлийг өндөр үнээр нийлүүлэхийг шахаа гэдэг юм. Харин бид өрсөлдөх боломжийг үзэхийг хүсэж байна. Хэрвээ өрсөлдөөнд шударгаар ялагдсан бол үйлдвэрлэгч хүн улам илүү чанаржиж, улам сайн бүтээгдэхүүн хийхийн төлөө зүтгэдэг. Энэ бол үйлдвэрлэгч, дамчин хоёрын ялгаа. Ер нь үйлдвэрлэл гэдэг чинь нэг удаагийн бизнес, наймаа биш шүү дээ. Харин тогтвортой, урт удаан хугацаатайгаар оршин тогтнох ёстой, магадгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч яригдах ёстой сэдэв. Өнөөдөр хил хаагдсан байна.

Тэгээд одоо бүр тариур нь ч байхгүй боллоо. Үнэхээр Монголд бид  юм үйлдвэрлэдэг юм уу? эсвэл Хятад Улсаас худалдаж аваад Монгол гэдэг шошго наагаад хуураад байна уу?

Одоо бид нар бүх асуудлаа нэг талдаа гаргах хэрэгтэй байна. Ер нь Монгол улсад үйлдвэрлэл хэрэгтэй юм уу? Хэрэггүй юм уу? Хэрэггүй бол би ч гэсэн ингэж өөрийнхөө нервийг бараад байх хэрэггүй биз дээ? 

 

 

 Та эхний ээлжинд сошиал хуудсаараа мэдэгдэл хийгээд эхэллээ. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

 

Тэмцлийн олон хэлбэр байдаг юм байна лээ. Та бүхэн санаж байгаа бол хамгийн анх манай компани 2015 оны 9 сарын 19-нд хувцсаа үнэгүй тарааж байсан. Тэр үед “Би юу хийчих вэ?” гэж өөрөө бодтол дуулиан дэгдэж байлаа.

Тухайн үед Ардчилсан Нам төрийн эрх барьж байсан. Хаа очиж, тэгэхэд Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг бидэнтэй уулзаж байсан шүү. 

 

Би одоо боддог юм. Хэрвээ тэр үед МАН эрх барьж байсан бол би шууд шоронд орох байсан байх. Өнөөдрийн Д.Монголхүү, Э.Одбаяр нар шиг Монгол Улсыг эмх замбараагүй байдалд оруулж, өдөөн турхирсан гээд магадгүй 20-30 жилийн ял авчихсан шоронд байж байгаа.

 

Азаар тэр үед ардчилал, Ардчилсан Нам байсан тулдаа арай өөр байсан. Магадгүй тэр үе л Майцэцэг гэдэг энэ үйлдвэрлэгчийг төрүүлсэн юм болов уу? Өнөөдөр бид үйлдвэрлэж л улс орноо хөгжүүлнэ үү гэхээс биш, шантраад, больцгооё доо гээд байвал энэ улсыг хэн хөгжүүлэх юм бэ? 

Хэн цааш нь явах юм? Эсвэл бид мөхөх юм уу?

Гантөмөрийн Уянгаагийн цахим хуудастаа бичсэн зүйлээс хойш маш олон Монголчууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Жишээ нь Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн Байгаль Хамгаалагч нар холбогдоод хувцсыг чинь авч өмсөе гэж байна. Хүн утасдаж дэмжиж  байна гэдэг чинь хүнээрээ байна аа л гэсэн үг. Тэгэхээр Монголчууд бидэнд талцал хуваагдлаас илүү эв нэгдэл хэрэгтэй байна. Бидэнд бодлого хэрэгтэй байна. Бид ер нь яг ямар зорилготой юм бэ? Намаар талцаж хуваагдаад байх юм уу? Эсвэл нэг зорилго тавиад улс даяараа урагшаа явах юм уу?  Өнөөдөр бид хөдөлмөрлөж, үйлдвэрлэж  байж л энэ хэцүү хүнд үеийг давна шүү дээ. Аль болохоор бараа бүтээгдэхүүнээ экспортонд гаргамаар байна. 

 

Халдвар хамгааллын хувцас хэрэглэлээ Америк руу хүртэл гаргасан түүх байгаа шүү дээ.Нийтдээ хэд хэдэн улс руу гаргасан. Тэгэхээр боломж бол байгаа. Үүнийгээ ашиглая. Мөн маск үйлдвэрлэдэг хэд хэдэн компани надтай холбогдсон. Монголд маск үйлдвэрлэж байна. Гэхдээ мөн адил өрсөлдөж чадахгүй байна. Түүхий эд, материал нь татвартай, бэлэн маск нь татваргүй байна. Массын тоон дээр 15.5 % гэдэг чинь маш өндөр тоо. Миний хувьд бүр бодлогоор Монгол Улсын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсэхгүй байна уу даа гэж хардаж байна. Тиймээс би Монгол Улсын Засгийн Газрыг, тухайн үед бодлого, шийдвэр гаргасан тэр хүмүүсийг нэр цохож байгаад гомдол гаргана, шүүхэд өгнө. Урьд нь бид нар тэмцэж үзлээ. Хувцсаа үнэгүй тараалаа. Хүмүүс өлсгөлөн зарлаж байна, сууж байна, өөрсдийгөө шатааж байна. Ерөөсөө ямар ч амжилтанд хүрсэнгүй. Өнөөдөр Монголчуудад хуулийн хувьсгал л хэрэгтэй юм байна. Бид хуулиар л аливаа асуудлыг өөрчлөх юм байна. 

 

 

 МАН УИХ-ын 2 сонгууль дарааллан ялалт байгууллаа. Та МАН-ын даргад нэр дэвших хүсэлт гаргаж байсны хувьд намынхаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

Би нэг их намчирхдаггүй л дээ. Гэхдээ нам гэдэг маш том институт. Учир нь нам л тухайн улс орны хөгжлийг тодорхойлон түүчээлж явдаг. Миний өвөө, эмээ МАН-д насаараа зүтгэсэн. Миний өвөө гэхэд л Гурилын үйлдвэр, Мах комбинатад насаараа Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийсэн сайхан буурал байсан.

 

Би Польшоос ирмэгцээ Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйлдвэрээ нээсэн. Яг энэ үед тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Баянгол дүүргийн МАН-ын Хорооны дарга байсан Л.Амгалан нар намайг бараг хөтөлж аваачаад МАН-д гишүүнээр элсүүлж байсан юм. Миний итгэл үнэмшил бол улс орны хөгжил л байсан. Яг тэр үед бол Ардын нам, Ардчилсан намаа ч  ялгаж мэдэхгүй л хүн Монголд ирж байлаа шүү дээ. 

Харин Монгол Ардын Намын даргад нэр дэвшсэн шалтгаан маань аж үйлдвэрийн 5 дахь хувьсгалийг хийе, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлье, 21 аймагт 100 үйлдвэр байгуулья гэсэн хүслээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл би энэ үйл хэрэгт нь гар бие оролцьё, давын өмнө намын хуралд  оролцох гэсэн боловч надад мандат олдоогүй. Ингээд хуралд оролцох ганцхан боломж байсан нь МАН-ын даргад нэр дэвших байсан. Ийм замаар л би мандаттай болох боломжтой байсан юм. 

 

Гэтэл энэ хэрэг сүүлдээ хүндрээд, хамгийн харамсалтай нь манай нам намайг –“Та манай намын гишүүн мөн гэдэг чинь тодорхойлогдохгүй байна” гэж хэлсэн. Ийм арчаагүй байж болохгүй шүү дээ. Юу хэлэх юм бэ? Намд ч, энэ улсад ч ардчилал байна уу? Аливаа  намын дарга гэдэг гүнгэрваанд хийсэн бурхан биш . Түүнийг заавал тахин шүтэх ёсгүй. Тиймээс МАН-ынхаа залуучуудад итгэл үнэмшил, зорилго өгөхийн тулд, бидэнд боломж байгаа, хэн ч намын даргад дэвшиж болно гэдэг  жаахан ардчиллын салхийг оруулсан төдий үйлдэл болсон. Өнөөдөр 3-хан сая хүн намаар, жалга дов, аймгаараа хуваагдах биш, Монгол бол нэг цул гэдэг утгаараа бүгд харж, хөдөлмөрлөх цаг нь болчихсон.

Нөгөө талаар УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчлөхгүйгээр шударга эрх баригч, төрийн түшээд хэзээ ч гарахгүй юм байна гэдгийг сүүлийн 8 жилийн байдлаас харж байгаа байх.

 

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих санаачлага гаргаад байна. Энэ нь хир цагаа олсон ажил вэ? 

 

Хүнд ямар нэг харьцуулах зүйл байж гэмээн тухайн зүйлийнхээ сайн, мууг мэддэг. Хэрвээ У.Хүрэлсүхийн өмнө муу Ерөнхийлөгч байсан бол би өнөөдөр У.Хүрэлсүхийг сайн Ерөнхийлөгч л гэх байсан байх.

 

Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч нь дэндүү мундаг хүн байсан юм аа. 30.000 хонийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсаас очсон 30.000 хонийн хаялга Хятад, Монголын хоорондын харилцаа төдийгүй бизнес хийж байгаа хүмүүст яаж ирснийг манай Г.Уянга их гоё, нулимс гартал бичсэн байдаг. 

 

Тэгэхээр харьцуулах хүнтэй байгаа болохоор магадгүй У.Хүрэлсүхээс маш их юм хүсэж байгаа. Хүн өөрчлөлт хийе гэж бодох л юм бол гарсан өдрийнхөө маргаашнаас хийж болно гэж би хувьдаа боддог. Яахав улс төр ямар байдгийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ хүн хүсээд өөрчлөөд болгоё гэвэл болохгүй зүйл гэж байхгүй.

 

2020 оны 12-р сарын 31-нд батлагдсан журам, хуулийг өнөөдрийг хүртэл бүтэн 10 сарын хэн ч өөрчилсөнгүй. Өнөөдөр ч гэсэн бид түүхийн эд, материалаа НӨАТ, Гаалийн татвартай авч байна.

Харин бэлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь ямар ч татваргүй орж ирж байгаа. 2021 оны 3 сараас хойш би бүхий холбогдох албан тушаалтан, байгууллагуудад нь бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл юу ч өөрчлөгдөөгүй. Гэтэл УИХ-ын гишүүд хүсвэл нэг өдрийн дотор хууль санаачилдаг. 7-хон минутын дотор хуулиа баталдаг. Гэтэл ийм новшийн байж болохгүй шүү дээ. Энэ чинь л өөрөө өнөөх ялгаварлан гадуурхалт, тэгш биш байдал. Иймээс иргэд тэмцэхгүй яах билээ? Монголчууд бүгд double standart-ийн золиосууд шүү. Мэддэггүй л байх. Тэгвэл та бүхэн сайн бодоод үзээрэй. 

 

 Эцэст нь энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй, таны нэмж хэлэх зүйл байна уу? 

 

Хүний үг гэдэг маш хүчтэй юм байна. Би энэ ярилцлагаар дамжуулж Г.Уянгад чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь миний хэлж чадахгүй дотроо бачимдаад байсан зүйлийг Г.Уянга маань  тавьчихсан. Одоо бол надад ичээд зовоод байх зүйл алга. Эцсээ хүртэл явна. Зөвхөн facebook-ийн пост хараад надтай ярилцахаар та бүхэндээ маш их баярлалаа. 

 

Баярлалаа.

 

Ярилцсан Н.Энхдэлгэр