-НЭГ НЬ ЭВДРЭЭД АРАВ, ХОРЬ ХОНОХОД ИХЭНХ АЖЛЫН 50 ХУВЬ ТАГ ЗОГСДОГ-

Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн удаашралтын талаар тээвэр зуучлалын компанийн Замын-Үүд дэх төлөөлөгч С.Дэлгэрээс тодрууллаа. (Ярилцагчийн хүсэлтээр нэрийг өөрчиллөө).


-Замын-Үүдээр орж ирж буй чингэлэгтэй барааг буулгадаг техник эвдэрсэн гэж сонссон. Засагдсан уу?

-Техникийг калмар гэдэг. Калмар өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Арав гаруй хоног нэг нь эвдэрчихсэн, ганц техникээр чингэлэгээ буулгасан.

-Яагаад ийм удаан хугацаанд засагдаж байгаа юм бэ, улсын хэмжээнд хоёр л байдаг юм уу?

-Улсын хэмжээнд хэдэн ширхэг байдгийг хэлж мэдэхгүй юм. Хил хаалттай болохоор дугуй, тоног төхөөрөмж нь орж ирдэггүй гэсэн. Гэсэн хэдий ч тусгаар тогтносон улс байж бараа таваарын дийлэнх хувь нь орж ирдэг хилийн боомт дээрээ хоёрхон ачаа буулгагчтай байж болохгүй л баймаар юм. Байгаа хоёр ачаа буулгагч нь бүрэн ч ажиллахгүй бодит байдал ийм л байна. Хил хаагдаж бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй дээ биш, орж ирсэн бараагаа бүрэн хүлээгээд авчих чадваргүйд асуудал байна. Эхлээд энэ Замын-Үүдийн асуудлаа шийдэх хэрэгтэй.

-Цөөн чингэлэг буулгагчтай байхаар ямар хүндрэл үүсч байна?

-Үүнээс улбаалаад маш олон асуудал үүсч байна. Өдөрт гурван вагон ачаа ирж байхад түүнийг бүрэн хүлээж авч чадахгүй, бараанууд нь Эрээний цаана хүлээлгэнд зогсчихсон. Ингэснээр барааны эргэлт удааширч, бүтээгдэхүүний хугацаа, хадгалалт, чанар, барааны хомсдол, үнийн хөөрөгдөл гээд олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Худалдаа эрхлэгчид зарах бараагүй болохоор хүмүүсийн амьдралын түвшин доройтно. Иргэдийн амьдралын түвшин доройтохоор улс орон улам л доошилно шүү дээ. Хэдий жижиг асуудал юм шиг боловч олон хор уршигтай. Хоёр калмарын нэг нь эвдэрчихээр ажил 50 хувиар удааширч байна.

-Калмар ажиллахгүй байх үед яаж чингэлгээ буулгадаг юм?

-Кранаар буулгадаг. Гэхдээ салхины хурд 12м.секундээс дээш үед кран савлаад чингэлгээ буулгаж чаддаггүй. Нэг өдөр салхитай учир кран ажиллахгүй, нэг өдөр дугуй байхгүй учир калмар байхгүй. Манай улсын ажил үнэн хэрэгтээ ийм л байна шүү дээ. Дарга нар ирэхээрээ том том юм ярьж телевизийн камерын өмнө тоть шиг донгодчихоод явчихдаг. Гэтэл ажил амьдралын бодит үнэн ийм л байна.

-Танай байгууллагаас ч юмуу, энэ техникийн тоог нэмэгдүүлэх тал дээр хүсэлт гаргаж байсан уу?

-Үгүй ээ, бид чинь байгаа тоног төхөөрөмжөөр нь дуугүй ажиллах ёстой хүмүүс шүү дээ. Хуучин нэг калмартай байж байгаад хоёр, гурван жилийн өмнөөс нэгийг нэмсэн юм. Энэ асуудлыг яаралтай шийдэж орж ирж байгаа бараагаа хурдан шуурхай, бүрэн хүлээгээд авчихдаг болмоор байна. Ер нь л техник, технологийн хомсдолтой байдаг. Эдгээр дотоодын асуудлаа шийдчихвэл барааны эргэлт хурдасна.

А.ГАНТУЯА