Тайгын ариун арцаар
Тэнгэр лусаа баясгаж
Толгой холбосон шүлгээрээ
Тамлан гуйж залбирсан
Даян дэлхийн түүхнээс авч үлдсэн мөргөл
Дархад түмний минь сэтгэлд онгод буусан шагай
Дарагдашгүй Монголын заяанд 
Давтаж хурцлагдсан илд 
Энэхүү шүлгийн бадагаар ярилцлагынхаа өмнөтгөлийг эхлүүлье. Манай ярилцлагын зочин бол мэдээж бөө хүн. Тэр дундаа “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийг сэтгүүлээрээ дамжуулан уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Зайран В.Мөнх-Эрдэнийн хувьд “Зөн билгийн тулаан-5” тэмцээнд оролцож байхдаа нэгэн хүүгээ алдсан эхийг хүүгийнх нь сүнстэй уулзуулж буй бичлэгээрээ маш олон хүнд танигдаж, одоо ч тэрхүү бичлэг нь цахим ертөнцөд шуугиан тарьж бусдыг гайхшруулсаар байгаа билээ. Түүний бусад бөө нараас ялгарах гол онцлог нь багшгүйгээр өөрөө тэнгэрт боссон бөө юм. Ингээд нас залуу ч гэлээ чадал, эрдмээрээ ард олныхоо хүндэтгэлийг хүлээсэн Зайран В.Мөнх-Эрдэнийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын эхэнд өөрийгөө товчхон танилцуулвал?
-Миний уул гарал гэвэл Архангай аймгийн Цэцэрлэг сумаас гаралтай. Намайг 11 настай байхад манайх гэр бүлээрээ хотод ирж суурьшсан. Одоо 23 настай. “Их Монгол” дээд сургуулийн Түүх аялал жуулчлалын ангийн төгсөх курсийн оюутан.
-“Зөн билгийн тулаан-5”-ын ялагч гэдгээр тань хүмүүс сайн таних байх. Тэмцээнд оролцох болсон шалтгаан чухам юу байв?
-2012 оны 11 сард “Зөн билгийн тулаан-5” тэмцээний ялагчаар тодорч байсан. Уул нь би “Зөн билгийн тулаан-4”-т орьё гэж бодсон. Гэхдээ миний хувьд өөрөө тэнгэрт боссон, багшгүй бөө болохоор жаахан өөртөө эргэлзэж байсан бас миний онгод тэнгэрүүд ч цаг нь болоогүй гэсэн л дээ. Ер нь тэгээд ч гар гэдэг чинь таван хуруутай тэмцээнийхээ цомын бэлгэдлийг бодсон ч гэсэн яг л би тав дахь тэмцээнд нь л оръё гэж шийдэж байсан юм. Өөрийгөө соръё, таньж мэдье л гэж орсон доо. Надад тэгэх шалтгаан байсан. Түүнээс ялагч болох зорилготой оролцоогүй. Нэвтрүүлгийн анхны дугаарт надаас хөтлөгч “Та өөрийгөө хэддүгээр байрт харж байна вэ?” гэж асуухад нь “ямар ч байсан эхний тавд бол байна” гэж хариулж байсан юм. Тэмцээн тийм амар хялбар байгаагүй ээ. Хамгийн сонирхолтой нь надад хамгийн энгийн даалгавар нь их хүнд, харин хүнд даалгавар гэсэн нь их хөнгөхөн санагддаг байсан. Гэхдээ тэмцээний даалгаварууд гэхээсээ илүү оролцогчдын бие биедээ тавьж байсан хаалтууд их нөлөөлж байсан. Улаач нь оролцохгүй байсан ч цаагуураа онго тэнгэрүүд нь өрсөлдөөд байдаг юм шиг мэдрэгдэж байсан. Надад уйлах, шантрах, ухаан алдаж унах, бүр нэвтрүүлгийг орхиё гэж бодож байсан үеүд ч бий. Гэхдээ бүх бэрхшээлийг гэр бүл болоод дээдсүүдийнхээ хүчээр давж чадсандаа маш их баярлаж байсан. 
ИХ ӨВЧИН ОРООДОГ АЙЛЫН НЯЛХ ХҮҮХДИЙГ ЭМЧИЛСНЭЭС ХОЙШ ХҮМҮҮС НАМАЙГ САЙН МЭДДЭГ БОЛСОН 
-Багшгүй, өөрөө тэнгэрт боссон бөө гэхээр их сонин санагдлаа л даа?
-Би 17 настайгаасаа хойш бөө болсон гэхээр зургаан жил өнгөрч. 17 насандаа анх тахилга хийж бөө болсон юм. Түүнээс өмнө 14-15 настай байх үеэсээ л хүнд бариа хийдэг өөрийн гэсэн зөн мэдрэхүйтэй байсан. Ер нь л багаасаа л арай өөр зөн мэдрэмжтэй хүүхэд байсан юм. Яах аргагүй цаанаасаа л хүн үзмээр санагдаад, хоёр хүн хажуугаар зөрөхөд л хоорондоо ийм харьцаатай тэр эрхтэн нь өвддөг юм байна ч гэдэг юм уу мэдрэмж төрдөг байсан. Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо больсон. Ер нь янз бүрийн юм мэдрээд явах нь хүүхдэд бол их хэцүү шүү дээ. Эхлээд ойр дотныхоо хүмүүсийн өвдөж байгаа толгой гар хөлийг нь барьдаг байгаад дараа нь зайнаас эмчилдэг болсон. Би багаасаа л их чулуу цуглуулах дуртай хүүхэд байсан юм. Газраас таалагдсан чулуугаа аваад хадгална, тэрүүгээрээ тоглоно. Надад багадаа олсон бөөрөнхий тэгээд дотор тал нь яг шил шиг тийм сонин гоё чулуу байсан. Тэр чулуу ерөөсөө надаас салдаггүй, хаа л явна хажууд л байж байдаг. Тэр чулуугаа барихаар миний мэдрэмж илүү хурц болоод байгаа нь мэдрэгдсэн. Одоо би тэр чулуугаа хадаганд ороогоод хүн үзэхдээ хэрэглэдэг юм. Би нэг удаа харанхуй шөнөөр ахынхаа гэрт гүйж очоод асуудлыг нь хэлж өгчихөөд гэртээ ирсэн байсан. Иймэрхүү хачин жигтэй юм их тохиолдоод байхаар хүн өөрийгөө мэдрэл муутай болж байгаа юм болов уу гэж боддог юм билээ. Шөнө болохоор босоод суучихдаг, эсвэл зүүдэндээ их ярих гээд л ... Ээжийн маань ажлын газарт түнхний мултралтай нэг эгч байсан юм. Ээж маань шүдний эмнэлэгт сувилагч хийдэг байсан л даа. Хамгийн анх гэр бүлээсээ гадуур ээжийнхээ ажлын тэр эгчийг би үзэж эмчилж байсан юм. Маш удаан хугацаанд эмчилж байж эдгээсэн. Тэр хугацаандаа тэр эгчийн хөрш Эдийн засгийн сургуулийн багш Дөлбадрах гэдэг залуугийн хүүхдийг нь эмчилж өгсөн.

Маш их өвчин ороодог байнга халуурч чацга алддаг, онош тогтоогддоггүй нэг нас ч хүрээгүй нялх хүүхэд байсан юм. Тэр эгч намайг тэр хүнд санал болгосон юм билээ. Намайг гээд зориод ирэхэд нь би эхлээд их гайхсан. Тэгээд өөртөө нэг том шийдвэр гаргасан юм. Хэрвээ энэ хүний хүүхдийг би эдгээж чадвал энэ замаараа бусдад буян болж явья, харин эдгээж чадахгүй бол өөрийгөө сэтгэцийн өвчтэй хүн гэж санаад бүхнийг орхиё гэж. Тэр ах монголын бараг л бүх эмч бөөгөөр явсан хоол идэж, унтаж амарч байгаа эсэхээ ч сүүлдээ мэдэхээ больж шантарсан тухайгаа надад ярилаа. Гэрт нь очиход ээж нь хүүхдээ тэврээд сууж байсан. Дотроо хүүхдээ хэзээ үхэх бол гэж бодож суугааг нь би мэдэрсэн. Би тэр эмэгтэйн нүүр лүү харж байгаад таны бодож байгаа шиг зүйл болохгүй өнөөдрөөс эхлээд нэг ширхэг ч эм бүү өг, надад итгэж байвал эдгээнэ гэж хэлсэн. Би хамаг л чадлаа барсан, ухаан алдаж унатлаа чаддаг бүх юмаа хийсэн. Нэг өдөр охин нь бүр хүн үнэмшмээргүй их хэмжээний маш муухай өмхий чацга алдаад л аажим аажмаар эв эрүүл болсон. Тэр цагаас хойш намайг мэддэг хүмүүсийн хүрээлэл ч их нэмэгдсэн. Миний хүн үзэж хардаг болсон түүх энэ л дээ. Тухайн үед багшгүй болохоор ямар ч хуяг байхгүй, хэрэглэлгүй байсан. Хүн чинь энэ мэдрэмж хувь заяаныхаа амтанд ороод бүр дурлачихдаг юм билээ. Хүн үзмээр, тусалмаар санагдаад, улам ихийг мэдмээр санагдаад эхэлсэн. Яалт ч үгүй юм үзэхээр нүдээ боомоор санагддаг байсан. Тэгээд нүдээ хадагаар боодог болсон. Хүн их үзэхээр ядарна, тэгээд тэнгэрээс галаас хүч авна. Ингээд байгальтай холбогдож эхэлсэн. Сүүлдээ тэнгэртэй харьцаад эхлэхээр харь хэл орж ирдэг болсон. Надад үзүүлж харуулдаг хүмүүс бол сайн мэднэ. 
-Онгод тэнгэрийнхээ тухай дэлгэрэнгүй яриач?
-Миний эмээгийн талаас орж ирдэг юм. Манайх Архангай аймгийн Цэцэрлэг сум гэхээр Хөвсгөлийн залгаа нутаг л даа. Эмээ маань Хөвсгөл талаас ирсэн гэгддэг. Тэгэхээр Дархад талтай холбоотой гэхэд болно. Би аажим аажмаар өөрийн хувцас хэрэглэлээ бүрдүүлсэн. Бөөгийн хуяг гэдэг маань нэг талаар хамгаалалт. Хуяглахаар ядрах нь бага, мэдрэмж ч өндөр гэдгийг ойлгоод ээжээрээ оёулж байсан. Миний хуяг сарын хугацаанд бүтсэн. Хоёр газар товлож байгаад нутгынхаа баруун урд зүгт суварга хайрхан гэдэг газарт очиж тахилга хийж байсан юм. Тэр газар бас их домогтой хоёр лам тахих гэж очоод хоёулангийх нь нүд сохорсон гэх зэргээр хүмүүс янз бүрийн юм ярьж эрсдэлтэй гээд сануулж байсан. Бүргэдийн үүртэй, хүмүүс модонд нь гар хүрдэггүй мундаг газар бий. Тэр газрыг тахиад сайхан том овоо боссон. Тэгээд л бөө болсон юм. Хүний бодлыг унших, алсын зайнаас үзэх, сүнсээр үзэх гээд янз бүрийн л арга хэрэглэдэг дээ. Ер нь бөө хүн гэдэг байнга хөгжиж явдаг гэж би боддог. Миний хувьд хүний бодол унших, энгийн сүнстэй харьцах, тэнгэртэй шууд харьцах, ямар нэгэн уул усны лусуудыг дуудаж өөртэйгөө уулзуулах гэх мэтчилэн чадварууд бий.
НАД ДЭЭР ОНГОД НЬ ОРОХОО БОЛЬЧИХЛОО ГЭСЭН БӨӨ НАР ИХ ИРЖ БАЙНА, ЭНЭ НЬ ДЭЭД ТЭНГЭРЭЭС ИРСЭН ШИЙТГЭЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ ЮМ
-Онго тэнгэрүүдийн амьдрал, тэдэн дунд хүнтэй адил сайн муу гэж ер нь байх юм уу?
-Дээдсүүд л гэнэ. Бүх бөө нар адилхан. Тэд нар бол бидний өвөг дээдсүүд. Монгол бөө сэргэчихлээ. Айл болгонд бөө байна гэж шүүмжилж ярьж байгаа ч бөө нар цэгцэрч байна. Миний бодлоор өвөл болохоор дээдсүүд маань тайга руугаа явдаг. Яг л хүний амьдрал шиг л юм даа. Миний хувьд хавар намрын цагт хамгийн хүчтэй байдаг. Өвөл болохоор тайга руу онго явдаг болохоор тайгад нь би ханддаг. Нэг ертөнц бий. Хүмүүс 44 хар, 55 цагаан тэнгэр гэж ярьдаг. Харин миний ёсонд бол 99 цагаан, 99 хар тэнгэр л гэж бий. Газар дээр ч хар, цагаан гэдэг бөө байх ёстой. Өөрөөр хэлбэл 99 цагаан, 99 хар тэнгэр хүний ертөнцөд байх ёстой юм.
-Энэ цаг үеийг бөөгийн хувьд яг ямар үе гэж хэлэх вэ?
-Би бусад шашныг үгүйсгэхгүй. Уг үндэс нь нэг. Бүгд л хүний төлөө гэдэг. Би бусдын зовлонг арилгаж чадаж байна уу л гэдэг чухал. Монголд маш олон бөө нар дэлгэрлээ гээд юу болсон бэ гэдгийг л хүмүүс бодох ёстой байх. Өнөөдөр над дээр ирж байгаа хүмүүсийн хандлагаас ажиглахад хүмүүс их мэдлэг мэдээлэлтэй болсон байна. Бөөгийн тал дээр. Бөө л гэсэн болгонд үзүүлэх юм уу, итгэх юм уу тийм хандлага үгүй болж эхэлжээ. Ёс жаягийг мэдсэн болж. Тэнгэрийн зарлигаар ч цаанаасаа их цэгцэрч байна. Над дээр онгод нь орохоо больчихлоо гэсэн бөө нар их ирж байна. Энэ нь дээд тэнгэрээс ирсэн шийтгэл, цэвэрлэгээ юм. Нөгөө шүүлт гэдэг нь л энэ байх. Тиймээс би үнэхээр сайхан цаг иржээ гэж хэлнэ. Энэ морь жил тэр тусмаа их сайхан жил шүү. 
-Хамгийн шүүмжлэлтэй асуудал бол яах аргагүй олон шавь төрүүлэх, мөн их хэмжээний барьц авах явдал болчихоод байна л даа?
-Миний хувьд бөө болоод зургаан жил боллоо, энэ хугацаанд гурван л шавьтай болсон. Бөө хүн бүр шавьтай байх ёстой. Бөө хүн өөрийн гэсэн хүч чадалтай болж байж шавь төрүүлэх ёстой. Үнэхээр энэ хүн багш болж чадах уу надад онгод тэнгэр байна уу гэдгээ сайн судалж, мэдэх ёстой. Энэ бол хамгийн түгээмэл асуулт, асуудал болчихоод байгаа. Нөлөө бүхий хэдэн хүний нэр байна. Монголд аль хэдийнээ нэр нөлөө олчихсон зарим нэг бөө нарын шавь нэртэй хүмүүс над дээр ирж бөө мөн эсэхээ асууж байна. Ийм зүйл байх ёсгүй. Шан харамжийн тухайд би бол хамгийн түрүүнд хуяг хувцасыг нь хэлж өгдөг. Тэгээд дээшээ харсан гэдэг утгаар мөнгөн аяга гээд онгын үгээр бэлдүүлдэг. Хүний амьдрал дээр доортой, түүнийг онгын байдлаар дэнсэлж байгаад хатуудуулахгүй барьц тогтоох ёстой. Удам судрыг нь зөв олж, холбож өгсөнийхөө төлөө барьц авах нь эрт дээр үеэс л байсаар ирсэн зүйл. Ер нь бол сэтгэлийн зүйл. Тэд эд гэж нэхэх ёсгүй юм. 
Олон жил бөөлсөн бөө болгон сайн гэж андуурах ёсгүй. Хүний төлөө байна уу мөнгөний төлөө байна уу гэдгээр нь л ялгах хэрэгтэй. Мөнгө, зоос, эд мөнгөний шуналтай онгод гэж хаа ч байхгүй харин улаачийн шунал л гэж бий. 
-Муу багшийн заавраар онгодгүй бөө нэр зүүчихсэн хүмүүс зүгээр л больчихож болох уу. Эсвэл хатуу дэг жаягтай байдаг юм уу?
-Үнэхээр тэр хүн угтай байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн чухал. Онгод тэнгэрт үнэхээр сонгогдсон хүн биш л бол шууд больж болно. Хувцас хэрэглэлийн хувьд ёс ёсонд өөр. Шар тос, гангаар шатааж болдог, авсан газартаа буюу тэр байгальдаа орхиж болдог, залсан багшдаа буцаан өгч болдог. Гэртээ тахин шүтэж болно. Сайн багштай, сайн бөөтэй зөвшилцөх хэрэгтэй. 
-Гурван настай хүүхдийг бөө болгочихсон тохиолдол байна. Ийм зүйл байж болно гэж үү. Тийм жаахан хүүхэд юу мэднэ гэж?
-Мэдээж би үүнд маш шүүмжлэлтэй хандана. Нөгөө туйлшраад байгаагийн жишээ чинь шүү дээ. Хуяг гэдэг чинь үнэ цэнэтэй байх ёстой, тоглоом биш. Онго орно гэдэг тэнгэрийн үйл нь маш том ачаалал. Наад зах нь тухайн хүний зовлонг ойлгодог байх шаардлагатай. Гурван настай хүүхэд энэ амьдралын үнэ цэнэ, зовлон жаргалыг дэнсэлж мэдэх үү? Ийм зүйл байж болохгүй. Миний бодлоор арваас дээш настай л байх ёстой шүү.
-Онгод тэнгэрүүд алддаг уу?
-Онго алдана. Хүмүүс яахав онго тэнгэр хэлсэн л бол үнэн, яг гэж ойлгоод байдаг. Үүнийг би бас хүмүүст хэлье гэж их боддог юм. Онго алдана. Нэг ёсондоо бөө хүн гэдэг чинь тэр үзүүлж байгаа хүнтэйгээ ерөнхийдөө нийцэх гэдэг юм байдаг. Сүнсний хувьд ч байж болно. Маш олон зүйлээс хамаардаг. Тухайн өдөр, орчин нөхцөл, хоорондын нийцэл гээд л ... Онгод бууж болно. Хүч нь ямар байгаагаас бас шалтгаална. Бүтэн тасардаг, хагас тасардаг бөө гэж байна. Юу ярьж байгаагаа мэддэг, мэддэггүй гээд маш олон төрлийн бөө бий. Улаач нь архи дарс уух, болохгүй газраар хонож, өнжих зэргээс болж ч онго сэвтэж алддаг. Тийм болохоор улаач хүн маш хариуцлагатай байх ёстой. Тэгэхээр онго алдаж болно. Энэ нь маш олон шалтгаантай байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Улаачаас маш их зүйл шалтгаалдаг. Ер нь бол ховор л доо.
ТА ТИЙМ АЖИЛТАЙ, АМЬДРАЛ, ҮР ХҮҮХЭД ИЙМ, ӨНӨӨДӨР ТИЙМ ШАЛТГААНТАЙ НАД ДЭЭР ИРЖЭЭ ГЭДГИЙГ ЖИНХЭНЭ БӨӨ ХЭЛЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ 
-Жинхэнэ бөө, хуурамч бөөг таних хялбар шинж гэвэл?
-Өнөө цагт их хэцүү болжээ. Амьдралаараа тоглуулчихсан хүмүүс олон байна. Бөөд үзүүлээд бөө болно гээд хохирсон хүмүүс их. Саяхан нэг хүн надад хандсан юм. Гадаадад амьдардаг. Тэгээд найз нь бөө болсон их л мундаг чадалтай гээд хамтдаа казинод тоглож. Тэр хүн байраа тавиад алдаж, нөгөө мундаг бөө найз нь мянган доллар алдаж. Тэгэхээр хуурамч бөөг танихад амар биш. Таних ганц аргыг би хэлье л дээ. Тэр хүн үнэхээр таны мэдэхийг хүссэн зүйлийг хэлж чадаж байна уу гэдгийг л анзаар. Ер нь хүн чинь ярианаасаа л танигддаг шүү дээ. Өөрөө юу ч яриагүй байхад нь тэр хүний зовлонг мэдэрч байна уу, тэр хүний өөрийнх нь талаар мэдээлэл өгч чадаж байна уу. Энэ нь чухал. Энэ бол анхны шинжээ. Та тийм ажилтай, амьдрал тань, үр хүүхэд тань ийм өнөөдөр ийм шалтгаантай над дээр иржээ гэдгийг жинхэнэ бөө хэлж чаддаг байх ёстой юм. Гаднаас нь битгий дүгнэ. Хуурамч бөө нар ер нь ямар ч юмыг тойруулаад, бөөрөнхийлөөд өөрөөс нь сэжүүр гаргачих гээд л байдаг. Тиймээс маш ажигч, гярхай бай. Гэхдээ хүмүүс одоо харьцангуй мэдлэгтэй болсон байна. Эхний ээлжинд та хүссэн юмаа хийлгүүл дараа нь үйлээ хийлгүүл тэгээд үйлээ бүтсэн эсэхийг хар. Энэ л байна даа. Үрийн заяа дуудуулаад үртэй болсон уу гэх мэтээр. Надаар засал хийлгэсэн Өмнөговийн хос сая үртэй болсон гэдгийг дуулаад баярлаж л суулаа. Энэ чинь л чухал биз дээ. Би онгирч байгаа юм биш л дээ. Ер нь гэхдээ яагаад хүн чадаж байгаа юмаа гайхуулж болохгүй гэж. /инээв. Сур./ Тэр хүмүүс магадгүй танай сэтгүүлийг унших байх. Би тусалсандаа маш их баяртай байгаа. Бөө хүний жаргал гэж энэ л юм даа. Олонтойгоо байхад бөө хүн болноо. Харин мөнгө гэдэг бөөгийн ёсонд тэгтлээ яригдах зүйл бишээ.
Над дээр нэг хүн ирж байсан юм. Миний өөдөөс гараа зөрүүлээд гэдийгээд юу ч ярихгүй суучихсан. Би ч үзэж эхэллээ. Тэр хүн нэлээд сүсэггүй, итгэлгүй байсан. Ер нь би сүсэггүй хүнийг үзэх их дуртай. Сонин байгаа биз. Бөөг үгүйсгэдэг хүнийг үзэх дуртай. Бүр дотроос нэг юм гижигдэх шиг болоод хамаг чадлаараа үзээд тэр хүнийг гайхаж, итгэлтэй болгох надад үнэхээр сайхан байдаг. Бүр ийм зүйлээс кайф авдаг гэхэд ч болно. Тэр хүнийг үзээд бүх зүйлийг нь хараад хэлэхэд тэр орж ирсэн хүн миний амьдралыг уншсан анхны хүн та байлаа, би цагаа дэмий зүйлд үрээгүй юм байна баярлалаа танд гэж хэлээд гараад явж байсан. Миний нэг онцлог байдаг юм шиг байгаа юм. Яг хүний хэлчихээсэй гэсэн зүйлийг нь би хэлчихдэг. Хувь хүний талаар нь маш дэлгэрэнгүй хэлдэг. Тэр хүнийг Мөнхтүвшин гэдэг би бүр нэрийг нь тогтоож байсан. Тэр хүн намайг мундаг туршсан шүү. Энэ нь бөө хүнийг шүүх таних арга юм даа. Бөө хүнийг хараад биш харьцаад таньж болно. “Эмч хүн үхлийн өмнө хэн ч биш харин бөө хүн үнэний өмнө хэн ч биш” Бөө хүн худлаа ярьж болохгүй. Би хүмүүст үнэнийг ярьдаг. Үнэн гэдэг хатуу. Би хуурамч шоу хийж болохгүй. Зарим үнэнг хэлэхэд үнэхээр хэцүү. Гэхдээ хэлэх л ёстой.
-Зөн совин, хүний сэтгэлийн хүчний талаар?
-Монголын ард түмэн ганц чулууг нийтээрээ шүтье л дээ. Зүгээр л газраас аваад шүтсэн чулуу нь ямар үнэ цэнэтэй болох бол. Олон бөө нар төрөөд л олон газрыг зөв тахиад, нутаг орноо зөв харж хандвал маш хүчтэй. Гурав дөрвөн жил урсаагүй гол урслаа гэхийг би олон сонссон. Өвгөрч хөгширсөн моддын дунд хэнз мод олноор ургажээ, буга зээргүй болчихсон газар буга нь харагдлаа ч гэдэг юм уу ийм зүйл сонсох үнэхээр гоё. Энэ бол бөө нарын буян. Бөө муу бишээ бөө сэргэх харин ч сайхан юм шүү. Тэр олон хүний шүтсэн чулуу шидийг бүтээнэ. Олон сайн бөө дэлгэрнэ гэдэг энэ нутаг ус байгаль сэргэхийн нэр юм. Тэгэхээр сэтгэлийн хүч үнэхээр мундаг юм.
-Бөө хүнд үзүүлээд сэтгэлдээ сэвтэй зүйл сонсчихлоо. Магадгүй тэр нь худлаа гэж бодовч сэтгэлдээ сэвтэй үлдчихвэл яах вэ. Сэтгэлийн сэв гэмтэй юу?
-Бөө нар болгон өөр өөр арга барилтай. Нэг хүн над руу залгалаа. Яасан гэхээр. Нэг бөөд үзүүлсэн чинь бузартсан байна аа яаралтай засал хийлгэхгүй бол гэр бүлд чинь үхэл хагацал ирнэ гэж. Тэгээд дөрвөн бод буюу ойролцоогоор гурван сая төгрөг нэхсэн юм байх. Ийм зүйл байж болдог юмуу бөө хүн ийм байдаг юм уу гээд надтай ярьсан юм. Би тэр хүнд хэлсэн. Надад итгэж байвал наад бөөгөө орхиод хүрээд ир гэсэн. Ирээд үзүүлэхэд нь ямар ч бузартсан зүйл байгаагүй. Тэр хүний сэтгэл сэвтсэн байгаа биз. Би дархад талаасаа хүмүүст тарни хэлж өгдөг. Тарни гэхээр хүмүүс ламтай холбож ойлгодог. Энэ тийм биш. Сэтгэлийн сэв гэдэг нь бодол, бодит хор байхгүй л дээ. Гэхдээ ямар бөө дээр очиж үзүүлсэн бэ гэдэг нь бас чухал. Жинхэнэ бөө хүн хүний сэтгэлд аль болох сэв суулгахгүйг хичээх ёстой. Сэтгэлд нь сэв суухаар юм хэлэх шаардлага гарлаа гэхэд гарах гарцыг нь давхар хэлж байх нь чухал. Сэтгэлд сэв суулаа гээд далд хүч үйлчилнэ гэсэн юм байхгүй. 
-Хар хэл амтай хүн гэж ярьдагтай адил хар явдалтай бөө байна уу?
-Хар хэл амтай хүн гэдэг нь миний бодлоор миний өвөг дээдэс эсвэл хэн нэгний өвөг дээдэс хараал ч юм уу муу үйл хийдэг, аль эсвэл тайж удамтай ч юм уу их язгуур өндөртэй хүн байгаад өнөөгийн нийгэмд хэнд ч танигдахгүй явж байж болно. Язгуур өндөртэй хүнийг санаандгүй уурлуулж, өөрт нь таагүй зүйл хийвэл тэр хүн уурлана тэгээд цаад тэнгэр нь хилэгнэнэ. Энэ хилэн бусдад халддаг. Язгууртай хүний хэл ам бусдад их буудаг. Цагаан хэл ам ч мөн адил хэтэрхий их хүмүүс яриад хүчээ аваад эхлэхээр сөрөг нөлөө үзүүлдэг. Харийн юм хийдэг бөө нар байдаг. Хар хэл аманд нь өртсөн тохиолдол хүмүүсийн дунд их байдаг. Өөрсдийгөө бөө гэж хэлээд сүрдүүлээд байгаа хүмүүсээс дээрхийг уншаад айгаад байх харин хэрэггүй шүү. Бөөгийн зарчим гэж байдаг. Муу зүйл хийсэн хүмүүсийг бөө нар харийн хүчээр гэсгээх тохиолдол байна, үүнийг ялгаж салгаж ойлгоорой. Чамайг ямар ч буруу, муу зүйл хийгээгүй байхад чинь хэн нэг бөө сүрдүүлээд байвал “чи тэнэг үү” гээд л хэлчих. Чамд ямар ч айх зүйл байхгүй ямар ч муу юм тохиолдохгүй. Харин чи бөө хүнд муу зүйл хийсэн бол. Өөр нэг хүчтэй бөө хүнд хандаж, хүнд засал хийхээс аргагүй. 
Юм хөгжихөөрөө улам нарийн болно гэдэг шиг их хэцүү хэцүү хараал их хийдэг болж. Бүр хүний санаанд оромгүй зүйлс хоолонд нь хольж өгөөд хараал хийх явдал байгааг энд бас анхааруулах үүднээс хэлмээр байна. Нэг тохиолдлыг би ярья. Гэхдээ хүний эрх болохоор дэлгэрэнгүй ярихгүй. Зүгээр л хүнийг хорлохын тулд идэж байгаа хоолон дотор нь оршуулгын газраас хүний өгөршсөн ясыг аваад гурил шиг болтол нь нүдэж хийх, Мөн эмнэлэг дээрээс хорт хавдартай үхэх гэж байгаа хүний үснээс тайрч авч шатаагаад бас явдалтай хүүхний бузар цусыг хольж хийгээд хүнийг хүн биш өөрийн мэдрэлгүй амьтан болгосон тохиолдол байна. Энэ бол бөөгийн саар тал л даа. Гэхдээ үүнийг засч болдог. Ер нь бол муугаараа ч сайнаараа ч улам бүр хөгжсөөр байгаа юм. 
-Ийм аймшигтай зүйл хийж байгаа бөө дээд тэнгэртээ шийтгүүлэх үү?
-Муу юмандаа бүр холилдчихсон бөө л ийм зүйл хийдэг. Харын юм гэдэг маш хүчтэй. Тэр хүн насны эцэст шийтгүүлнэ. Залуугаараа үхэх, эсвэл хамгийн муугаар үхэх, өвчин зовлонд баригдах гээд шийтгэл амсана. Энэ хувь тавилангаа өөрөө сайн мэдэж байгаа. Нэг ёсондоо шийдчихсэн хүмүүс ийм зүйл хийдэг. Муу юм хийхээр тэр муу талынх нь хүч нь улам бүр нэмэгдээд байдаг. Нэг ёсондоо муу зүйлд өөрийн мэдэлгүй автсаар байдаг гэсэн үг.
ЦАЙНЫХАА ДЭЭЖИЙГ НАРНЫ ЭГЦ УРДААС ӨРГӨХ ЁСТОЙ 
-Монголчуудын амьдралд хэрэгтэй энгийн зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?
-Хүмүүс овоон дээр чулуу нэмэхдээ хаанаас нь ч хамаагүй нэмдэг. Наран ургах зүг бол зүүн урд зүг. Овоо тахилганы зүүн урд зүгээс хамгийн эхний чулууг өргөх ёстой. Ер нь овоон дээр будаа авч очвол сайн. Овоо гэлтгүй ер нь байгальд явахдаа л даа. Будаа гэдэг хамгийн их өсч үрждэг идээ тэнгэрийн амьтанг хооллоно. Мөн сүү цагаан идээ. Ер нь хүн цайны дээжээ нар яг хаана байна, нарныхаа эгц өөдөөс өргөх ёстой. Өвөг дээдсийнхээ нутгийн зүг ч мөн өргөж болдог. Ер нь нарны өөдөөс өргөх их сайн шүү. Миний ёсонд бол эр хүн архины дээж өргөдөг. Гэхдээ шөнийн цагаар долоон бурхан одны зүг өргөдөг. Малгайтай байх ёстой. Юм өргөснийхөө дараа дандаа бэлэг дэмбэрэлтэй үг, ерөөл хэлж байвал их сайн. 
Айл гэрт байвал зохих хэдэн зүйлийг би хэлье. Хурганы арьс айл гэрийн буян заяаг дууддаг юм. Эрэгтэй эмэгтэй хүний нэг нэг дээлийн торго байх хэрэгтэй. Нэг ширхэг хазаар байх ёстой. Хүний нүдэнд харагдахаар хүндтэй газар байрлуулаарай. Мөн айл болгон ямааны махны шүүс буюу цусыг хаалганыхаа нугас хэсэгт түрхэх буюу дусаавал гаднаас хар хэл ам, муу муухай юм орж ирдэггүй. Энэ их сайн шүү. Мөн нялх нойтон хүүхэдтэй айлд уран шувууны үүр сайн. Шөнө их хар дарж зүүдэлдэг хүн бол унтаж байх үедээ толгойн дээрээсээ хөхүүл хүний хөхний сүүг гурван дусал дусаалгавал хар дарахгүй. Цай, архины дээжээ саванд хурааж байгаад тоймтой өдрүүдэд өргөвөл зүгээр.Овоо тахилга дээр байж болно. Мөн хар, цагаан хэл амнаас хамгаалья гэвэл цэвэр монгол архи, төрсөн нутгийн чулуу, хөөрөг зэргийг биедээ авч явж байвал сайн. Төрсөн нутгийнхаа чулууг өөрийнхөө дуртай өнгийн торгон уутанд хийгээд авч яваарай. Цай сүүний дээж өргөх нь хүний амьдралд их эерэг нөлөөтэй. Ажил үйлс буян заяаг тэгшитгэдэг. Ер нь тэгээд яриад байвал их зүйл бий.
-Үнэхээр мэдэж байх ёстой зүйлс байна шүү. Манайхан сүүлийн үед морин хуур гэртээ залахаас өөр зүйлгүй болчихсон шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Утаа гаргадаг зүйлс нээрээ бас их сайн шүү. Адууны хомоол, агь, ганга, арц, аргал. Эдгээрийг уугиулж байх зүгээр. Мөн үсээ засуулахдаа үснийхээ үзүүрт сүү дусааж байвал их зүгээр. Ер нь унаган сэвлэг үргээх гэдэг маш том уламжлал монголчуудад байсан шүү дээ. Хүүхдийнхээ сэвлэгийг хадгалах нь маш чухал. Бөө хүн нэг удаа хүний амийг аварч болдог. Үүнд унаган сэвлэгийг нь ашигладаг юм. Наян настай буурай яг тэр найр хийж тайрсан унаган сэвлэгээ бариад ирвэл тэр хүнд нас нэмж ч болдог шидтэй. Нэг удаа өвчин зовлонг гэтэлгэх хүч унаган сэвлэгэнд нь байдаг. Их нандин зүйл шүү. Хүүхдийн унасан хүйг эцгийн голомтонд байлгах ёстой. Тэгэхгүй бол өвчин ороох гээд байдаг. Мөн хамгийн хайрлаж хүндэлж явдаг хүнийхээ эд зүйлээр нь адис авах шиг том хийморь сэргээдэг зүйл үгүй. Үүнийг бас бодолцож яваарай. 
-Ер манай монголчууд чинь гурван нас хүрээгүй хүүхдийг өөр ертөнцтэй холбоотой байдаг хэмээдэг. Энэ талаар?
-Нялх хүүхдүүдийг их анхаарч байх хэрэгтэй л дээ. Нялх хүүхэд гэдэг хамгийн ариун зүйл. Ер нь хүн гэдэг чинь насаараа бузартаж, муутай хутгалдсаар байгаад л ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг шүү дээ. Нялх хүүхэд далдын зүйлтэй холбоотой гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ муу зүйлтэй холбоотой биш. Тэр хүүхдүүд удмынхаа өвөг дээдсүүдийг олж хардаг. Гурван настай хүүхэд их сэвтдэгийг мэддэг Монголын ухаант ард түмэн гадуур авч гарахдаа хүртэл бор халзан туулай болгодог шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй энэ талаар мэдэж байгаа болов уу. Нэмээд хэлэхэд хүмүүс оршуулгын газар юмуу хурим найранд очихдоо хөх юмуу ногоон өнгийн хоргойг хармаалж явах нь их сайн. Гэр лүүгээ буцах замдаа түүнийгээ хаячих. Энэ нь муу бүхнийг шингээгээд хаяж буй хэрэг юм. Үүнийгээ бусдад мэдэгдэх шаардлагагүй. Бас хоргойн оронд гурван шагай ч байж болно. Энэ мэт нарийн зүйлс байгаа. Би өөрийнхөө хүрээний хүмүүст хэлж анхааруулдаг зүйлс юм л даа. 
СҮНСТЭЙ ИХ ХАРЬЦААД ИРЭХЭЭР ШӨНӨ УНТУУЛАХГҮЙ, ӨДӨР Ч ЭЛДЭВ ЮМ АСУУЖ ГУЙГААД ИХ ХЭЦҮҮ БОЛСОН 
-Буддын шашинд үйлийн үр гэж бий. Харин бөөгийн шашинд?
-Сайн явдалтай хүн гэж байна. Буддын шашны үйлийн үр нь хүн дээр яригддаг зүйл, харин бөөгийн шашинд бол бөө дээр л яригдана. Бүх хүн дээр биш. Миний мэдэрсэнээр бол далдын хүн сүнс гэж үнэхээр байдаг, үнэн. Нэг хэсэг би сүнсээр их холбогддог байсан. Бөө болоод удаа ч үгүй байсан юм. Сүнс харж, сүнстэй үйлээ хийж, сүнснээс хүн асууж, хүсэлт тавих ч гэдэг юм уу. Сүнстэй харьцах үедээ тэдний хүссэн зүйлийг хэлж, үйл үйлдэж хариуд нь өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж авч болдог. Гэвч сүнстэй их харьцаад ирэхээр намайг шөнө унтуулахгүй өдөр ч элдэв юм асууж, гуйгаад их хэцүү болж ирсэн. Яаж үхсэнээ асууна, хайртай хүнээ олоод өгөөч гэнэ, ер нь янз бүрийн юм сүнснүүд хүсдэг. Сүүлдээ бүр хүчтэй сүнснүүд дайралдах болсон учраас би сүнс гэдэг зүйлтэй хамаагүй харьцаж болохгүй юм байна. Энэ нь буруу юм гэдгийг ойлгож зайгаа барьж эхэлсэн л дээ. Багшгүй байсан болохоор ингэ тэг гэж заах хүнгүй будилж байсан зүйл их бий. Сүнстэй харьцахад хамгаалалт, тодорхой дэг хэрэгтэй. 
Хүн нас барахад сүнс нь тэнгэрт очдог. Тэнгэрт очоод ураг төрлийн хүнтэйгээ уулздаг. Ер нь хүний ураг буюу удмын өвөг дээдэс нь дэлхий дээр эсэн мэнд амьдарч байгаа үр садаа харж хандаж явдаг ёсон бий. Хүн байхдаа нүгэл их үйлдсэн бол албин тийрэн болдог. Бас сүнсний оршдог цаг хугацааны орон зай ч гэж бий. Үүнийг тайлбарлахад маш их зүйл ярих хэрэгтэй болно. Ерөнхийдөө бол сүнс байдаг. Сүнс өөрийн ураг төрөлдөө дахин төрөх тохиолдол байдаг гэдэгт би итгэдэг. Нас барсан хүний биен дээр тэмдэг тавиад оршуулдаг Монголын ёс байна. Эргээд төрсөн тохиолдол цөөнгүй байдаг гэдгийг хүмүүс анзаарч байсан байх. Нас барсан хүнийхээ сүнсийг өөрийн үр удамдаа төрүүлье гэвэл зан үйлийг сайн гүйцэтгэх ёстой.
-Тэмцээний үеэр нэгэн нас барсан хүүгийн сүнсийг эхтэй нь уулзуулсан бичлэг тань одоо ч цахим ертөнцөд шуугиулсаар байна?
-Нийгэм тэр явдлыг янз бүрээр хүлээж авсан. Тэр хүүгийн сүнсийг оруулахаас өмнө ч би биедээ сүнс оруулдаг байсан. Хүмүүс бүх хүний сүнсийг дуудаж болдог гэж буруу ойлгоод байх шиг. Тийм юм байхгүй л дээ. Ер нь бол би биедээ сүнс оруулахдаа урдуураа хөшиг татуулаад өөрийнхөө хоолойгоор ярьдаг. Тухайн үед нөхцөл байдал их хүнд байсан. Гадаа ил, тэгээд хажуугаар хүмүүс, машин яваад л ...Сүнс оруулахад тухайн сүнсний байдал, миний байдал, зүрхний хэмнэл зохицолдох гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Ер нь сүнс бүр хүний биед орох боломжгүй. Харин тэр хүүгийн тухайд тэнгэрээс ээжийгээ дандаа харж ханддаг нь мэдрэгдсэн. Тэгээд ч миний урд үзсэн оролцогч удган Адилбиш гэдэг хүн хүүгийн сүнсийг дуудаад ойртуулчихсан байсан. Хүүгийн сүнс миний хажууд зогсоод ээжтэйгээ уулзмаар байна гэж гуйгаад байсан юм. 
Ер нь өөр хүний сүнс биед ороход зүрхний хэмнэл өөрчлөгддөг. Давхар хүний зүрх цохилоод хоёр дахин давтамжтай байдаг гэх юм уу даа. Зүрхэнд маш их ачаалал өгч, цусны урсгал хурдасч, даралт ихэсдэг. Ер нь хүсэх зүйл биш. Сүнс хүний биед ороод гарлаа гэхэд муу юм үлдээчихдэг юм. Тиймээс бөөгийн хамгаалалт сайн байх хэрэгтэй. 
-Зарим бөө нас барсан хүний зураг хөрөг ил байх нь сөрөг энергитэй гэх юм билээ. Энэ талаар?
-Зурганд асуудал байхгүй байх аа. Надад бол хамаагүй. Хүн хайртай хүнийхээ дүрийг харж тайтгардаг байж болно шүү дээ. Үнэхээр эвгүй санагдаад байдаг бол далд хийчих л хэрэгтэй. 
-Бөө хүн хүний сэтгэлийг урвуулах засал хийдэг. Зарим хүмүүс дурласан хүндээ хийлгэдэг. Миний хувьд энэ тийм ч таатай санагддаггүй?
-Тийм ээ. Ийм засал хүмүүс их хийлгэдэг. Үнэхээр боломжтой зүйл л дээ. Миний хувьд өөрийн гэсэн баримталдаг зарчим гэж бий. Над дээр эхнэрээ, эсвэл нөхрөө эргүүлж авмаар байна гэсэн хүмүүс ирдэг. Тэр хүмүүсээс би хамгийн түрүүнд та хоёрын дунд үр хүүхэд бий юу гэж асуудаг юм. Байвал нь би засал хийж өгдөг. Магадгүй гэр бүлээ орхиод явсан нөхөр нь хэн нэг бөөгийн арга чатганд автагдсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Харин таны хэлдгээр зүгээр нэг явж байгаа бүсгүйд дурлачихаад хүчээр богтлуулах гэдэг нь ёс зүйд нийцэхгүй л дээ. 
-Хаа нэг Чингисийн онгод буулаа гэж ярих сонсогдох юм. Үнэхээр ийм зүйл байна уу?
-Би энэ ярианы эсрэг зогсдог хүн. Магадгүй миний ярих зүйлийг уншаад олон хүн уурлах байх. Чингис хааны онгод энэ ертөнцөд буулаа гэхэд өөрийн онгон байгаа газрыг зааж өгдөг ч юм уу. Ямар нэг байдлаар өөрийгөө батлах байсан болов уу. Онгод тэнгэрүүдийн гол шинж нь өөрийгөө баталдаг.