НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд дөрвөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд ихэнх иргэд дэлгүүр, үсчин гээд үйлчилгээний газраар үйлчлүүлснийхээ дараа баримтаа авч хэвшсэн. Эцсийн дүндээ НӨАТ-ыг иргэд л төлж байгаа учраас ядаад татварт төлсөн мөнгөнийхөө 20 хувийг буцаан авах нь хууль ёсных болсон.

Тэгвэл зарим жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд баримт өгөхгүй байгаа гэсэн гомдол Засгийн газрын 11-11 төвд өдөр тутам ирдэг ажээ.

Энэ тохиолдолд 1800-1288 утсанд хандах учиртайг НӨАТ-ын Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэвлэлээр ярьж байсан. Тэгвэл бодит байдал дээр мөнөөх дугаар луу залгаад учрыг эс олов. 1800-1288 гээд залгахад автомат хариулагч танд дөрвөн сонголт санал болгоно. Гэхдээ аль товчлуурыг дарж баримт өгөхгүй байгаа газраа ховлох нь ойлгомжгүй. Та мэдээлэл үлдээх бол хоёр гэсэн товчийг дарна уу л гэсэн сонголт байгаа. Уг сонголтыг дарахад нэгэн эмэгтэй англиар нэг зүйл хэлэх бөгөөд хэсэг хугацааны дараа “Мэдээлэл амжилттай илгээгдлээ”гэж ашгүй нэг монголоор хэлнэ. Хэлгүй хүн бол англиар юу гээд байгааг ойлгохгүй байна шүү дээ. Ерөнхийдөө баримт хэвлэж өгөхгүй байгаа газруудыг хаашаа мэдэгдэх нь ойлгомжгүй хэвээр байна.

Түүнчлэн өчигдрөөс хойш ebarimt.mn сайт ажиллахгүй байгаа юм. Ямар учраас ажиллахгүй байгаа талаар тодруулах гэсэн боловч дээрх утас нь надад ямар ч хариу хэлэхгүй болохоор утасдалгүй орхив.

Т.Буянаа