20 жилийн түүхтэй “Сакура” олон улсын сургуулийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн удирдлагууд, олон улсын боловсролын салбарын төлөөлөгчдөөс гадна “Сакура”сургуулийн ТУЗ-ын дарга, МУГЖ Т.Баясгалан оролцсон юм.

“Сакура” олон улсын сургууль нь 20 жилийн ойн босгон дээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан Туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авлаа.

“Сакура” олон улсын сургуулийн хичээлийн шинэ байр таван давхар. Нийт хичээллэх 80 орчим анги, танхимтай бөгөөд 22 бүлэг хичээллэх юм.

Нээлтийн ажиллагааны үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Одоогоос 10 жилийн өмнө би явъя гэж байхад Д.Батбаяр, Т.Баясгалан хоёр маань та явах болоогүй ээ гэж Японд аваачиж дахин амьдрал өгсөн. Нэг ёсондоо дахин амьдруулсан. Энэ хоёртоо би баярлаж явдаг юм. Энэ хоёр маань харин намайг дандаа сайхан арга хэмжээнд урьж оролцуулдаг. Хүүхдүүдээ эцэг эхчүүд ээ, энд цугласан бүх хүмүүсээ та нар 10-20 жилийн дараа энэ сургуулийн барилга нээгдэж билээ, би тэгэхэд сурч билээ, би одоо ийм албанд, ийм амжилттай явна. Үүнийг Сакура сургуулиас сурсан гэдгийг бахархан ярих болно. Хүний эрх гэдэг бол амьдрах боломж нөхцөлийг хэлдэг. Тэгвэл энд сурах боломж нөхцөл бүрджээ.

“Сакура”сургуулийн ТУЗ-ын дарга, МУГЖ Т.Баясгалан: Манай сургууль 1999 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа 3-4 удаа бууриа сэлгэсэн түүхтэй байдаг. Ривер гарденд дөрвөн давхар байшинд хичээллэж байгаад багтахаа больж, одоо ингээд сайхан сургуультай боллоо.Манай сургууль бол улсын стандартаар хэрвээ хоёр ээлжээр хичээллэх юм бол 2500 гаруй хүүхдийн багтаамжтай. Хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулах боломжтойгоор сүүлийн үеийн технологи, тохижилттойгоор лаборатори, шатар, IQ, балет, спортын дугуйлангийн анги нээж өгсөн. Сургуулиа амжилттайгаар богино хугацаанд амжилттайгаар барьж дуусгасандаа маш их баяртай байна. Сургуулийн барилгыг барихад хамтарч ажилласан бүх хамт олонд, бид бүгдийг дэмжсэн хамт олон, найз нөхдөдөө, аав ээж нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд та бүхний өмнө манай Сакура сургуулийн үд хаалга үргэлж нээлттэй байх болно. 2018 онд манай Сакура сургуулийн 20 жилийн ой болно. Ойгоо угтаж бид олон арга хэмжээ зохион байгуулах болно.

“Сакура” олон улсын сургуулийн гүйцэтгэх захирал Х.Мөнхцэцэг: “Сакура” олон улсын сургууль анх 1999 онд үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй 20 жил сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдүүд маань нэгдүгээр ангиасаа англи хэл, Япон хэлийг бусад сургуулийн хүүхдүүдээс илүү цагаар үздэг. Англи, Япон хэлний дүрмийг Монгол багш нар, ярианы хичээлийг гадаад багш нар заадаг.

Манай сурагчид нэгдүгээр ангиасаа IQ болон геометрийн хичээлийг үзэж эхэлдэг. Сурагчид маань өглөө 08:00 цагт ирээд орой 17:00 цаг хүртэл сонгонд хамрагдах,хичээлийнхээ хоцрогдлыг арилгах, сонирхлоороо хичээллэх боломжийг бид бүрдүүлж байгаа. Манай сургуулийнбаснэг давуу тал гэвэл ахлах ангид ороод 14 болон түүнээс дээш насны сурагчид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан зун, өвөл Японд хэлний дадлагыг хийж заншсан.” Гэдгийг онцолсон юм.

Нийт 20 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр бүтэж байгаа “Сакура” олон улсын сургуулийн шинэ байр нь 9800 м2 юм байна. Сурагчийн хөгжих, тухтай орчинг дээд зэргээр бүрдүүлсэн нь сурагчдад төдийгүй эцэг эхчүүдэд таалагдаж байгаа нь ажиглагдсан.

Тус сургууль нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд Япон захирлаар удирдуулсан 100 хувь гадаад багш нартай. Англи, Япон хэлний хосолсон, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, анги танхимыг хувьд олон улсын жишигт нийцэхүйц, стандартын шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн тохижилттой юм. Мөн Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой.

“Сакура” олон улсын сургууль нь суралцагчдын оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол хүнийг бэлдэхийг зорин ажилладаг хамт олон юм.

Ингээд тус сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагааны гэрэл зургуудаас хүргэе.