Иргэд том оврын автобус зорчих тасалбарын үнээ нэмсэнээс хойш нэг сар гаруй хугацаанд 500 төгрөг төлөн зорчиж байгаа. Гэвч үнээ нэмсэн автобус компаниуд өнөөдрийг хүртэл 400 төгрөгийн тасалбараар үйлчилсээр байгаа юм.

Зорчих тасалбарын үнээ нэмсэн шалтгаанаа Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн  “Нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас нэмэхээс  өөрцгүй юм. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хүсэлтийг бид 23 жил дагасан. Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь хөнгөлөлт эдэлдэг. Өнгөрсөн онд гэрээ хийхдээ үнэ нэмэх асуудлыг шийдэх нэг жилийн хугацаа өгсөн ч шийдээгүй учраас үнийг бид 100 төгрөгөөр нэмлээ. Төрөөс тухайн жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан” гэж тайлбар хийсэн.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн алба хаагчдын нийтийн тээврээр зорчсоны мөнгө гэж өнгөрсөн жил улсаас 53 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуйн нэгжид олгосон аж. Энэ онд ч мөн ийм хэмжээний мөнгө олгохоор төсөвт тусгасан гэж эх сурвалж мэдээлэл өгсөн юм. Гэвч асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхой бус. Харин ч дахин зорчих тасалбарын үнээ нэмж 600 болгох гэж байгаа гэх яриа гараад байгаа юм.

Сангийн сайд Ч.Улаанаас том оврын автобусны алдагдлын зөрүүг хэзээ өгөх гэж буйг асуухад "Нэг нь мөнгөө нэмээд, нөгөөх нь нэмснийх нь тоогоор өгдөг ёс байхгүй. Манайх шиг автобусаар үнэгүй зорчдог хүмүүсийнхээ тоог бүрэн гаргаагүй байж автобусны компаниудад жил бүр бэлэн мөнгө өгдөг улс байхгүй. Энэ системийг бүхэлд нь боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Энэ жилийн тухайд нэгэнт төсөв баталсан учир мөнгө нэмж өгөх чадал байхгүй” гэлээ.

 

Х.Даваа