Г.Пүрэвдагва: Увертюра хамтлаг "VIP" тоглолтын тасалбараа нэг сая төгрөгөөр үнэлсэн нь учиртай...
2019/02/26
Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүддээ бэлэг барьдаг. Баярын энэ л өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгрүүлэхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “500” хүнийг онцлон, Монгол поп опера “Увертюра” хамтлаг “VIP” тоглолтоороо бэлэг барихаар болжээ.
Түмэн олондоо "Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээрээ алдаршиж, энэ жил 10-н жилийн ойтоогоо золгож буй тус хамтлагийн "VIP" тоглолтод бүх хит дуунууд нь 100% амьд эгшиглэх гэнэ. Ингээд та бүхэндээ удахгүй болох тоглолтынхон талаар болон уран бүтээлийн сонин хачинаас нь хүргэхээр Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцсанаа хүргэе.
- Танд урин хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
- Баярлалаа танд болон танай сайтын уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог ихтэй, удахгүй болох тоглолтын бэлтгэлдээ орчихсон ид л ажилтай сууж байна даа.
- Хэдхэн хоногийн дараа Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож уран бүтээлчид маань тоглолтоо хийж сонсогч, фенүүддээ бэлэг барих байх. Танай хамтлагийн хувьд ч мөн адил тоглох гээд бэлтгэлдээ оржээ тиймээ?
- Тиймээ, бид 2015, 2017, 2018 онд Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “VIP” тоглолтоо хийж байсан. Энэ жил ч мөн адил хийхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа хэдийнээ орчихсон явцгааж байна. “VIP” тоглолтын хувьд цөөхөн үзэгчдийг хамардаг учраас бид аль болох жил бүр тоглож байхыг хичээж байгаа. Өнгөрсөн онд 400 үзэгчид л зориулан тоглож байсан бол энэ жил 500 хүнд зориулан тоглож байна. Нэг удаад үүнээс илүү олон хүнд зориулан тоглож болох ч бид тоглолтын чанар болон үзэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахыг бодолцож 500 хүнд л зориулан тоглож байгаа юм.
- Тэгхээр цөөхөн үзэгчидтэй тулж ажилласан тоглолт болно гэсэн үгүү?
- Тэгж ойлгож болноо, хэт том зааланд хэтэрхий олон хүнтэй нөхцөлд “VIP” тоглолт болно гэдэг хүндхэн санагддаг. Учир нь бид бүтэн арван жилийн турш олон ч газар дуулж, хуурдлаа. Тэгээд харж байхад том зааланд тайзтай ойрхон ширээнд суусан үзэгчдэд дуу хуур маань сайхан сонсогдоод жаахан зайтай суусан нэгэнд нь сулхан сонсогдоод дэмий байдаг юм шиг санагддаг. Тиймээс бид өөрсдөө хариуцан зохион байгуулж байгаа тоглолтоо аль болох үзэгчдээ сэтгэл хангалуун байлгах үүднээс 500 хүний багтаамжтай тав тухтай зааланд, тайз дэлгэц, гэрэл техник, хөгжим шуумны бүрэн бэлтгэлтэйгээр сайхан тоглохыг эрхэм болгодог.
- Үзэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэм болгож байгаа нь сайхан санагдаж байна. Гэтэл тоглолтын тасалбарын үнэний хувьд нэг сая төгрөг гэсэн айхтар өндөр үнэтэй сонсогдсон, энэ ямар учиртай билээ?
- “VIP” тоглолтын нэг онцлог нь тав тухтай, тохилог орчинд, амтат зоогтой, уух зүйлстэй тэгээд тайз дэлгэц, хөгжим техник сайн байхын зэрэгцээ дуу, хөгжим 100% амьд явах шаардлагатай болдог. Тэгээд энэ бүхнийг тасалбарын үнэнд багтааж зохицуулна гэхээр яалт ч үгүй нэг хүний 100.000 орчим болж байгаа юм. Тэгээд үзэгчид маань нэг ширээнд таньж мэдэхгүй хүмүүстэй суух жаахан дургүй байдаг байдал ажиглагддаг учир ширээгээр нь багцалсан нь зөв гэж үзээд л таны асуусан нэг сая гэдэг дүн гарч байгаа юм.
- Тэгхээр рестораны хоол ундны менюны төлбөр болон бусад зүйлсэд их мөнгө ордог тул тэгэж үнэлэх нь аргаггүй юм байна л даа тиймээ?
- Тэгэлгүй яахав рестораны менюны төлбөр, тайз дэлгэц, хөгжим техникийн түрээсийн төлбөр болон тоглолтонд маань урилгаар тоглох уран бүтээлчдийн урамшуулал, за тэгээд реклам сурталчилгаагаа цацуулах, билет блакадаа хэвлүүлэх гээд зардлууд явж өгдөг юм. Бидний хувьд жил бүр үзэгчидтэйгээ, сонсогчидтойгоо уулзаж байх эрхэм зорилго өвөртөлж л энэ тоглолтоо хийдэг. Тиймээс ч тасалбарын орлого маань зардлаа нөхвөл за боллоо доо гээд, нөхөхгүй бол хамтлагийнхаа энэ тэнд дуулж цуглуулсан, тоглолт, үйл ажиллагаанаас цугласан хуримтлалаасаа гаргаад тоглолтоо хийдэг дээ.
- Аргаггүй л урлагт хайртай, урлагийн төлөө амьдралаа зориулж яваа эрч хүчтэй залуучууд тулдаа л энэ бүх ажлыг амжуулж, ингэж сайхан тоглолтоо хийдэг байх л даа. Энэ жилийн хувьд тоглолтын зочин уран бүтээлчид хэн хэн байгаа билээ?
- Энэ жилийн хувьд тоглолтын маань найруулгыг хамтлагийн маань продюссер, Анир студын захирал Б.Алтанхуяг хэмээх бидний эрхэм хүн хариуцаж байгаа. Аан тоглолтонд маань урилгаар бидний хайртай багш МУГЖ Г.Эрдэнэбат оролцож “Тэмээн сүргийн говь” дуугаа хамтран дуулахын зэрэгцээ “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуугаараа үзэгчдэд маань бэлэг барихаар бэлтгэж байна. Мөн ардын урлагийн алдарт “Хөсөгтөн” хамтлаг маань гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэхийн зэрэгцээ бидний хамтарсан нэгэн гайхалтай уран бүтээл тэр өдөр эгшиглэх болно. Тэгээд мэдээж тоглолтын маань бүх хөгжмийг 100% амьд тоглох ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал хөгжимчид болон Саксафон хөгжимчин Г.Болдбаатар ах маань оролцоно доо.
- Тоглолтын заал танхимын хувьд энэ жил аль газрыг сонгов, мэдээж уран бүтээлч бүр эмэгтэйчүүдийн баяраар тоглодог тул заалны хувьд эрэлт ихтэй байдаг байхдаа?
- Тэгэлгүй яахав, жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулж дунджаар 30-40 тоглолт болдог юм билээ. Тэгээд бодхоор тоглолтын заалны хувьд байрлал сайтай, орчин сайтай, тав тухтайг олж авахын тулд оны өмнөөс л төлөвлөж захиална л даа. Манай тоглолтын хувьд “One Event Hall” гэж замын цагдаагаас урагш яваад “Home plaza”-ын хамгийн дээд давхарт байдаг байрлал болоод орчин сайтай, тохилог сайхан газар 03 дугаар сарын 08-нд 18:00 цагаас тоглолтоо хийхээр болоод бэлтгэж байгаа.
- Тоглолтын заалны хувьд дажгүй сонголт болжээ. Заалнаас гадна нэг хүндрэлтэй асуудал бол тасалбараа хэрхэн борлуулах вэ гэдэг биз?
- Тоглолтын заалны хувьд бол дажгүй шүү. Аан тасалбарын борлуулалтын хувьд бол бид айхтар санаа зовж ажил болоод байдаггүй юмаа. Хамтлагийнхаа менежерийн дугаарыг реклам, постер дээрээ тавиад эртхэн зарлачихад 500 хүний тасалбар буюу 50 ширээ бол дөхөөд эзэддээ оччихдог л юм. Бид 2015 онд анх эмэгтэйчүүдийн баяраар тоглохдоо 300 хүнээр төлөвлөөд зараа явуултал тоглолт дөхөөд тасалбар маань дуусаад заалныхаа багтаамжинд тааруулж нэмсээр 400 хүнд л үзүүлж байлаа. Тэгээд 2018 онд тоглохдоо тасалбараа борлуулахдаа бус тоглолтынхоо чанарт анхаарч ажилласан. Энэ жил ч мөн адил тоглолтондоо л анхаарлаа хандуулна даа.
- За тэгвэл эртнээс төлөвлөж, бэлтгэж анхаарлаа хандуулж буй тоглолт сайхан болох нь дамжиггүй биздээ. Тиймээс тоглолтын тухай яриагаа энэ хүрээд жаргаая. Харин ярилцлагын эхэнд дурьдсан 10-н жилийн ойн тухай яриагаараа энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүлэх үү?
- Тэгэлгүй яахав, энэ жил хамтлагийн маань 10-н жилийн ой тохиож байгаа. Бид энэ хугацаанд 5 удаагийн бүрэн хэмжээний тоглолт, 1 удаагийн мюзикл Улаанбаатар хотноо, 2 удаагийн тоглолтыг 21 аймагт, 1 удаагийн тоглолтыг Европын холбооны улсуудад, хэд хэдэн удаагийн тоглолтыг Азийн улсуудад тоглож, 2 цомог, 100 орчим дуу уран бүтээл гаргасан байнаа. Өнгөрсөн 10-н жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнах хэд хэдэн тоглолт, үйл ажиллагааг энэ жил төлөвлөсөн байгаа. Ер нь бид энэ жил улиралд нэг буюу 4 удаагийн тоглолтыг төлөвлөж байгаа. Хамгийн эхний тоглолт мэдээж 3 дугаар сард Мартын тоглолт тэгээд 7 дугаар сард наадмаар, 10 дугаар сард намар, өвөл 12 дугаар сард шинэ жилийн баяраар ойн баярын цэнгүүн хийнээ. Тэгээд мэдээж хэрэг дундуур нь дотоод, гадаадад тоглолт, үйл ажиллагааг бас төлөвлөсөн байгаа. Энэ бүгдээрээ 10-н жилийн ойдоо бэлэг барьж, хамгийн гол нь үзэгч, сонсогч түмэнтэйгээ учиран золгохын төлөө ажиллах болноо.
- За арван жилийн турш түмэн олныгоо олон сайхан дуу, уран бүтээлээрээ баясгаж ирсэн танд болон танай хамтлагийн уран бүтээлчдэд баяр хүргэе. Дараагийн арван жилд илүү их амжилтын дээдийг хүсэн ерөөе.
- Баярлалаа, танд болон танай сайтын хамт олонд дахин талархал илэрхийлье. Энэ дашрамд хамтлагийнхаа үнэнч сонсогч, фенүүддээ талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох 03 дугаар сарын 08-ны тоглолтоороо учран золгох ерөөл өргөе дөө.
Ярилцсан: Г.Баясгалан
хүннү · 2019/02/26
Би танай хамтлагийг их сонсодог хүн. Муу хөгшнөө үзүүлмээр л байна гэхдээ энэ удаад ах нь арайл үзүүлж чадахгүй нь би сард 328 000 тэтгэвэр авдаг, тэхээр 3 сарын маань мөнгө ч хүрэхгүй нь байна. Дараа мань мэт шиг хүмүүст зориулж тогололт хийх бол уу. Ямарч байсан та 4-төө амжилт хүсэе, сайхан дуулдаг хүүхдүүд шүү.
Зочин · 2019/02/26
танил нь уу.
зочин · 2019/02/26
баяр хүргэе . энэ 4 залуу шиг дуулдаг бол яах вэ тэгээд бүр амьдын амьд хоолойгоор шүү үзнээ 2 ширээ авна