Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баяр бол шинэ жил, цагаан сар, наадам. Эдгээр баяруудыг болох дөхөөд ихээр л долларын ханш өсдөг. Харин энэхүү баярын хоёр нь аль хэдийнээ болоод өнгөрлөө. Гэтэл  энэ удаад тогтворжих ёстой эрхэм долларын ханш савлаж эхэллээ.  Ам.долларын ханш хар зах зээлд 1783 төгрөгт хүрсэн бол өнөөдөр Монгол банкны ханшаар 1776 төгрөгийн ханштай байна.

Уул нь жилийн хамгийн тогтвортой байх үедээ долларын ханш ийнхүү савалсан нь эдийн засагт  цаашдаа сайн байна гэсэн үг үү эсвэл хямралд орохын дохио юу. Долларын өссөн шалтгаан нь экспортын орлого хумигдсан, хөрөнгө оруулагчид зугатсан, дэлхий санхүүгийн байдал тааламжгүй байгаа гэх үндэслэлээс үүдэн өссөн нь тодорхой. Өнгөрсөн жил  хөрөнгө оруулалт 55 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлийг их хэмцээгээр алдагдуулж, улсын төсвийг хасах баланстай гаргахад хүргэсэн юм.

Монголбанк ам.долларын ханшийг тогтоох гэж хэрдээ л чардайж байгаа гэдэг. Өнгөрсөн сард доллар өсөхөд  нийтээрээ тэмдэглэдэг баяр шил шилээ даран болсонтой холбон тайлбарлаж байсан удаатай. Хоног тутамд ам.доллар, юанийн ханш өсөж, энэ хэрээр монгол төгрөг үнэгүйдэж бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа, нүүрс, зэс, алт гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой салбарууд ханшийн өсөлтөд өртөж үнийн хөөрөгдөлд ороод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Манай улсын хувьд гадны мөнгөн дэвсгэртийн үнэ ханшийн савлагаанаас шууд хамаарч амьдрал шийдэгдэж байна гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй. 

Долларыг буруулж, тогтвортой байлгахын тулд бид ирэх гуравдугаар сард болох дараалласан баярыг эдийн засгийн хямралд орчилгүйхэн тэмдэглэх хэрэгтэй байна. Дийлэнх нь цалингаас цалингийн хооронд гүйдэг бид баяр баяр гэж явсаар байтал эдийн засгийн хямралыг бүрэн утгаар нь хэрэгжүүлээд авдаг. Дээр нь бас болоогүй ээ орон гэртэй болох гэж банкнаас зээл авсан иргэдтэй алхам тутамдаа таардагсан. Энэ олон баяраа сүр дуулиантай хавтгайруулж тэмдэглэдэг ээ больчихвол ингэж доллар өсч үнийн хөөрөгдөлд өртөхгүй байх сайн талтай гэдгээ хаана хаанаа ойлгох цаг хэдийнээ ирсэн байлтай.

Нэгэн жишээ татахад, олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяраар эрчүүд, эмэгтэйчүүдээ баярлуулахдаа өөрийн гараар урлан бүтээсэн зүйлсээрээ бэлэг болгох. Эсвэл өөрсдийн гарын хоолоороо дайлдаг ч юм уу. Ямартай ч өөрсдөө бүтээлч сэтгэлгээгээ ашиглан эдгээр баяруудаар бие биенээ баярлуулвал ямар вэ. Ийн хэлэхийн учир нь энэ баярыг чинь далимдуулж доллар гэгч өсөөд байгааг та бүгд надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх.

Бас нэгэн долларыг өсгөхгүй байх алхам бол  экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэржилтийг дэмжиж ажиллахаар засгийн газар мэдээллэсэн. Тэгвэл үүнийгээ хэрхэн яаж тодорхойлж, эхний ээлжинд аль салбарыг хөгжүүлэх, мөнгө хэрхэн зөв зохистой олох уу гэдгээ тооцон хөрөнгө оруулалт хийхээ шийдэж ажил хэрэг болгох хэрэгтэйсэн. Ярих биш, амлалт өгөх нь чухал биш шүү 76 минь.

Та бүгдээс амлалт нэхвэл маш олон зүйлс бий. Тухайлбал, ангийн ахлагч ерөнхий сайд  Н.Алтанхуяг нэгэнтээ "Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай" гэж ам алдсан. Мөн долларыг 1384 төгрөгт барина хэмээн амлалт өгсөн удаатай. Энэхүү амлалтын биелэлт хэрхэн хэрэгжиж байгааг өнөөдрийн долларын ханшаас харж болно. Түүнчлэн долларыг зохиомлоор өсгөөд байгаа гэх харыг ч төрүүлээд байгаа шүү.

Х.Даваа