“Хязгааргүй” киноны нээлтийн өдрүүдийн тасалбар дууссан байна
2014/03/05
Монголын кино урлагийн түүхнээс 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээж 25 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комиссын үзлэгээр орж өндөр үнэлгээ авсан “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино энэ сарын 7-нд монголын кино театруудад нээлтээ хийхээр зарлагдаад байгаа билээ.
Тэрээр зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм. Ийнхүү энэ сарын 7-нд нээлтээ хийж үзэгч түмэндээ хүрч эхлэх “Хязгааргүй” киноны нээлтийн өдрүүдийн тасалбар хэдийнэ дууссан байна. Учир нь нээлтийнхээ товыг зарласан цагаасаа л үзэгчдийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн нь ийнхүү тасалбар дуусхад хүргэжээ.
Ийнхүү үзэгчдэд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.