Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгэж, нээлтийн өдрүүдийн тасалбар нь дуусаад байгаа “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр 18:00 цагаас "Тэнгис" кино театрд албан ёсны нээлтээ хийнэ. “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.

   Ийнхүү өнөөдөр нээлтээ хийж монголын мянга мянган үзэгчдэд хүрэх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.