... Өдгөө Монгол орон минь хөгжиж байна. Сайн муу зүйлүүд зөндөө их байгаа боловч, хамгийн гол нь бид ухарч биш, урагшилж яваад л гол ололт минь байгаа.

Ардчилал ялсан цагаар хойш гадаадын олон улс орнууд, тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зорчиж, суралцаж, ажиллаж амьдарч үзсэн олон монголчуудын минь сэтгэхүй өөрчлөгдөж байна.

Сайн муу, сайхан муухайг ялгах болсон тэд, заавал өөрчлөгдөх ёстой олон зүйлүүдийг мэдэрч, бас өөрсдөө үлгэрлэхийг хичээж байгаа.  Бидний хөгжил дэвшилд "Юу саад болж байгаа" г тэд маш сайн мэдэж байдаг. Бас "юу хамгийн их хэрэгтэй" байгааг ч мэдэж байдаг.

* Ажил хэрэгч чанар:

Аливаа амжилтын тулгуур нь болдог "ажил хэрэгч" чанарын тухайд  аав минь надад "үлгэр жишээ" болж байсан. Ажлын өрөөндөө дагуулж аваачаад өөрийн гэсэн "нандин" бүхнээ надад үзүүлж, ярьж зөвлөнө. Залуу насны өөрийгөө "тоосон" бардам  зандаа, хайнгадуухан харавч,  сэтгэлийн мухарт тэр нь шингэж л хоцорсон байсан.

Хожим нь дунд сургуулийн захирлаар ажилласан олон жилүүдэд аав минь надад сэтгэлийн их өмөг түшиг болж байсан юм.  Магадгүй, сайн муутай сүлэлдэж, атаархал бахархал холилдож байсан тэр л хугацааны урсгалд аавын минь миний л төлөөх зовинол нь надад "түшиг" болж дэмнэж байсан байх.  Аав минь надад ,дөрвөн зүйлийг л хатуу сургаж хэвшүүлсэн.

1. Цаг барих:

Надтай уулзах цагаа хэлсэн л бол тэр газраа бугуйн дахь цагаа, миний ирэх бараанаар яг л хардаг. "Хүү минь чи 3 минут хоцорлоо шүү дээ" гэж хэлэх нь намайг алгадаад авах шиг л хатуухан сонсогддог байв. Хэд хэдэн удаагийн ийм тохиолдлын дараа би, аавтайгаа болзсон газраа 5 минутын өмнө ирчихээд "юуг ч юм сонирхож" байгаа дүр эсгэнгээ аавынхаа барааг сэмхэн харуулдана.

Яг л хэлсэн цагтаа болзсон газраа очиход аав минь учиргүй баярлаж, "Миний хүү цаг барьдаг болжээ" гэж урамшуулангаа духан дээр минь үнэрлэх. Болзсон цагаа барина гэдэг бусдыг хүндэлж байгаагийн нэгэн илрэл.

Цагтаа уулзаж байгаа хүнтэйгээ  "ажил хэрэг" ярих гэдэг хичнээн урамтай гээч. "Итгэж болох хүн чинь" гэж болзсон цагийн шивнээ надад учирлахад, би түүнд шууд л итгэдэг. Болзоо гэдэг бол бусад хүн чамайг хэрхэн үнэлж, хэрхэн хүндэтгэж, бас хайрлаж байгаагийн нэгэн илрэл.

2. Ажлаа төлөвлөх:

Аав минь миний  яриаг сонссоны дараа " Чи  тэгээд ажлаа яаж төлөвлөсөн юм бэ? Би түүнийг чинь үзье" гэдэг юм байна. Баахан  сэтгэлийн хөөрлөөр "бурсан" надад юун төлөвлөгөө байх билээ. Над руу нухацтайхан харснаа аав минь" Чи эхлээд наад сэтгэлийн хөөрлөө цаасан дээр буулгаж бай.

Юу нь бүтэх, юу нь бүтэхгүйг өөрөө харахад амар байдаг юм" гэж сургаж билээ. Тэгээд л би цаасан дээр бүхнээ буулган бичдэг болов. Ажил, амьдралын асуудлаа бүгдийг нь цаасан дээр буулгаж бичээд, дараа нь эргэцүүлэхэд амар байдаг юм. Болмоор санагдвал биелж болох он сараа бичнэ, биелмээргүй санагдвал баллуураар арилгаж л орхино.

Одоо хэрнээ би бүх төлөвлөсөн ажлаа ханын хуанли дээр тэмдэглэдэг. Биелснийг нь өөрөө "ногоон балаар" урамтай тэмдэглэх  хэрнээ, биелээгүй заримыг нь  "улаан балаар" дарж л орхино. Яг л машиныг зогсоох улаан гэрлийн анивчаан дор "бүтээж амжаагүй" тэр л зүйлүүдийнхээ тухай эргэцүүлнэ. "Яагаад чи үүнийг хийж чадсангүй вэ?" гэх хариулт нэхсэн асуулт? ногоон гэрлээр хурд нэмэн гарах агшинд надад нэг зүйлийг "нэхэл хатуутайгаар" сануулж үлддэг юм даа.

3.Амалснаа заавал биелүүлж бай:

Хүмүүс бид чинь заримдаа их өөдгүй шүү дээ. Халамцаж онгирохдоо хэн нэгэнд "амалж" л орхидог.  Маргааш нь мартаж орхисныг нь сануулж хэлсэн хэн нэгэнд нь " За юун сүртэй юм бэ? Халуурахдаа  тэгээд  хэлчихсэн байна шүү дээ" хэмээн учирлана.

Монголчууд бидний базаахгүй нэгэн зуршил нь "эрүүлийн бодол согтуудаа" байдаг шиг байгаа юм. Эрүүл байхдаа сэтгэлээ илчилж юу ч ярихгүй ичингүйрэх хэрнээ, согтуурахаараа "солиорч" хэмжээгээ даван "бүлтэрдэг" араншин. Аав минь надад хандаж "Чи хүнд юу гэж амалсан ч бай, заавал биелүүлж бай.

Хүний итгэл гэдэг чинь аугаа зүйл" гэж хэлдэг байж билээ. Заримдаа бид сэтгэл хөдлөлдөө автан, хэн нэгэнд  ямар нэгэн зүйл амалсан байх тохиолдол бий. Дараа нь "даахгүй нохой булуу хураах" зовлондоо шаналавч, "Ам алдвал барьж болдоггүй" гэдэг сургаалиар, өөрт хичнээн амаргүй байсан ч хэлсэндээ хүрэхийг хичээнэ.

Хэн нэгний амалсанд итгэсэн итгэл гэдэг уг нь мөнгөнөөс ч үнэтэй юм шүү дээ. Амалсандаа хүрсэн итгэлийг тань дагаад хожмын нэгэн өдөр мөнгөөр хэмжихийн аргагүй хүндлэл ирж болно.

4. Хүнд битгий худлаа ярьж бай:

Хүмүүс ямар нэгэн таагүй байдалд орохоороо өөрийн эрхгүй худлаа хэлдэг. Ичиж зовсон тэр л мөчийг яаж ийж аргалаад  давчихвал "бүх зүйл сайхан болчих юм шиг" санаж. Илэрхий худлаа хэлээд байгааг нь мэдэрсэн хэрнээ "итгэж байгаа" дүр үзүүлэх нь, "дотно түүнтэй хамтад үлдэх" гэсэн арчаагүйдэл байх л даа.

Мэдээж дахиад л давтагдана. "Олон хавар нэгэндээ" гэдэг хэллэгээр адаг сүүлд нь "үсээ үгтээн зулгаах" ч багаддаг.  Ямар ч муу тохиолдлын өмнө "үнэнээ" хэлээд зогсож байх нь сэтгэлд амар байдаг юм. Ойлголцоход ч амар. Шалтаг шалтгааныг нь эргэцүүлж бодоход ч амар. Уучилбал ойлголцож болдог.

Худлаа "дүр эсгэсэн" тохиолдол бүр нь эргэлзээ төрүүлж, итгэлээ алдах буман шалтгааныг бий болгоно. Магадгүй, эргүүлээд өөрийг нь хуурах мянган шалтгааныг бий болгож мэдэх. Ажил хэрэгт ч яг л адил. "Би үүнийг хийж чадахгүй нээ" гэдэг үг үзэн ядах шалтаг биш, эргэцүүлж болох нэгэн боломж.  Заримдаа худал амалж байснаас,  "чадахгүй" гээд үнэнээ хэлэх нь илүү амар байдаг.

*Монголчууд бидэнд юу саад болж байна вэ?

...Өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бидэнтэй,  ажил хэргээр  зорьж ирдэг олон монголчууд уулзаж учирч, хамтран ажилладаг. Энэ бол сайн эхлэл. Бид чинь  үндсэндээ нэг л  үндэстэнгүүд шүү дээ. Дэлхийн дайдад бид "монголчууд" хэмээх нэгэн нэршилтэй.

"Нэгэн үхрийн эвэр доргихоор, мянган үхрийн эвэр доргино" гэдэг хэллэгээр харь энэ нутагт сайн ч явсан, муу ч явсан биднийг овог нэрээр минь биш "монголчууд" гэдэг ерөнхий нэрээр л дууддаг. Тэгээд л салахын аргагүй хувь заяа, нэршил биднийг зангидаж байдаг. Бидэнд анхаарч засах муу зуршлууд юу байна гээч?

-Цаг барьдаггүй:

Дэлхий даяараа цаг хугацаатай уралдаж байхад монголчуудын хувьд "Үдээс өмнө", "Үдээс хойш", "Оройхондоо" гэх маягийн цагууд л үйлчилдэг хэвээрээ. Ажил хэргийн шугамаар уулзахаар болзсон цагаасаа хоцорч ирэх нь хэвийн үзэгдэл. Цагтаа ирээгүй хэн нэгэн рүү, аргаа бараад утасдахаар "Өө нээрээ мартаж орхиж, уучлаарай. Наанаа хүлээж байгаарай, би одоохон очно" гэх.

Хүлээж байгаа тэр хүн нь сэтгэл санаа төдийгүй, хийж бүтээж болох хичнээн их цагаа үр дүнгүй алдаж байгааг бид хайхардаггүй.  Цагаа барихгүй байгаа нь ажил хэрэгт "хайнга хандсан", "бүдүүлэг үйлдэл" гэдгийг бид ойлгож ухаарахгүй л байна даа.

Цагтаа очихгүй байх нь эрх мэдлийн хэмжүүр биш. Ажил хэрэгт хандаж байгаа хариуцлага, үүргээ ухамсарласан ухамсар, бусдыг хүндэтгэж байгаагийн илрэл.  Цаг хугацаа биднийг огт хүлээлгүйгээр урсгал ус мэт тасралтгүй урсан өнгөрдөг.

-Ажлаа урьдчилан төлөвлөдөггүй:

Нэгэнт ажлын цагаа баримтладаггүй хүмүүст ажлаа урьдчилан төлөвлөх, тухайн нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх гэдэг ойлголт алга болжээ. Ажил хэргийн талаар хэн нэгэнтэй урьдчилж ярилцахад "за яахав болох байхаа" гэсэн бөөрөнхийдүү хариулт сонсдог. Явж явж байснаа яг цаг нь тулахаар гэнэт ухаан орсон юм шиг "одоо тэгэх хэрэгтэй байна" хэмээн бүх зүйлийг "тулгана".

Баримжаалахаас бус, яг төлөвлөхөд үнэхээр амаргүй. Төрийн албан хаагчдын "тэр хавьцаа" гэдэг хэллэг бол авилгал дагуулсан баримжаа. "За яахав, тэгж байгаад яриарай" гэдэг хэллэг бол, "Асуудлыг чинь ойлголоо, чи надад хэдий хэрийн юм хаях баримжаагаа бодож байгаад утасдаарай" гэсэн сануулгатай дүйж очих аж.

Төлөвлөлт үгүйгээр бид ойрыг ч холыг ч харж, мэдэрч чадахгүй.  Судалгаан дээр тулгуурласан төлөвлөлт хаа хаанаа үгүйлэгдээд байгаа юм шиг.  

-Баярхах өвчин:

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд "гүрийтлээ" ажиллаж байж, амьдралаа залгуулдаг.  Бусдаас илүү хөдөлмөрлөж л байж бусдаас илүү амьдрах зарчимтай гадаад оронд монголчууд бусдын дор ороогүй.  Монголчууд маань энэ "зовлон" г нь жаахан гадарладаг болсон.

Аялж, амарч, ажил хэргээр ирж байгаа монголчууд аль ч оронд монголчуудаа л "түшдэг". Садан төрлүүд, анд найз нар уулзах сайхан л байлгүй яахав. Ажлын зав боломжоо "зохицуулж" байгаад тэдэнд үйлчилж, тусалж байхад, нэрэлхсэн зангаараа "баярхана" гэж учиргүй. Юу юугүй л уул уурхай, газрын лиценз ярьж баярхана.

Унадаг машинаа нэрлэж, суудаг байшингаа дүрслэж, хөөрхий биднийг өрөвдөн гаслах. Хоол идээд гарахдаа "гарын мөнгөндөө " нарийлна, дэлгүүр хэсэхдээ хамгийн хямдыг нь л сонгоно. Өөрөө "нарийлаад" байгаа хэрнээ, өрөвдөж биднийгээ халаглахаа мартахгүй.

"Монголд очихоороо залгаарай" гэнэ, учиргүй дайлж ачлахаа "амална". " Хариу нэхсэн тус " шиг л биднийг үнэлэнэ, харамгүй сэтгэлийн хариуд нь баахан "амална". Бие биедээ тус болж байгаа боломж болгон, заавал хариу нэхэх ёстой үйлдэл биш.

-Бие биенээ "доош" хийдэг муу араншин:

Хүмүүс хоорондоо уулзаж юу эсийг ярих билээ. Ам яриа нь, толгой шийр хуйхалж байгаа "паялник" шиг  л халж орхихдоо, өөрийгөө бусдаас ямар нэгэн байдлаар илүү гэж ойлгуулахыг хүсдэг хүмүүс мэр сэр бий. Ил тод шууд хэлэхгүй ч, цаад утгаараа өөрийгөө "дөвийлгэх"-дээ жишин харьцуулах маягаар хамт яваа, эсвэл хажуудаа байгаа нэгнээ учиргүй "доош" нь хийж ярина.

Тоглоод ч байгаа юм шиг, маазраад ч байгаа юм шиг ярихдаа хэн нэгний сул талыг, эсвэл алдсан алдааг нь цохож дурдах нь тийм ч таатай зүйл биш. Бүргэд шувуу хэзээ ч хэрээний "хар"ыг гайхдаггүй, харин хэрээ л хэрээнийхээ "хар"ыг гайхдаг гэлцдэг. "Магтан матна" гэдэг дээр үеийн хэллэг байсан даа.

"Манай нөгөө хэн архи даана гэж мундаг шүү дээ, тасарч ухаанаа алдсан хэрнээ надтай хамт яваад л байна шүү дээ" гэж хээвнэг ярих яриаг магтаал, эсвэл муучлал алин болохыг ялгах амаргүй.  Хүн болгонд санаатай буюу санамсаргүй алдаа  бишгүй л тохиолдоно.

Сайн мэддэгийн хувьд түүнийг нь бусдын өмнө дэлгэж яриад л, хамтдаа шоолж инээхийг уриалаад байх нь сайхан ч хэрэг бус. Харин өөрийнх нь тухай ингэж яривал учиргүй уурлаж, гомдох.

*Төгсгөлийн оронд:

Улс орны хөгжил гэдэг чинь хувь хүмүүсийн сэтгэлгээ болон өөрчлөлтөөс эхэлдэг.Бид хэдийчинээн зөв сэтгэж, зөв ухаарч, зөв мэдрэмжээрээ байхыг хүсч, үүнийхээ төлөө нэгдэж чадвал хөгжил маань төдийчинээн хурдан байх болно.

Монголын газар нутгийг харийнханд худалдаж олсон мөнгөөрөө эрх мэдлийг худалдан авч гэхдээ бид нарын тусламжтайгаар шүү дээ, Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан, өөрсдийгөө өсч өндийж байгаа "олигархиуд" гэж нэрлэдэг бас язгууртнууд байхыг хүсдэг, хэсэг бүлэг хүмүүсийг давруулж, тэнэгтүүлж байгаа нь бидний арчаагүйнх.

Тэднийг дагаж зусардагчид ч цөөнгүй. Тэдний хувьд "угаадас долоож байгаад ч болов" жаахан эрх мэдэлд хүрч, бусдыг дарамтлан, өөрийнхөө өмнө сөгдүүлэх хүсэл бий. Яг л одоо өөрөө ямар байгаа шиг ээ.

Төрийн албан хаагчид нь "ажил хэрэгч" байж, сэтгэл зүрх нь Монголын хөгжлийн төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө "шаналж" байдаг бол бид хөгжинө.  "Тусгаар тогтнон" байж бидэнд ирсэн энэ эрх чөлөө, газар нутгийг сэтгэл зүрх, ухаан бодлоороо хамгаалах үүрэгтэй еэ дээ, бид.

Бид нэгэн цагт энэ л газар шороондоо шингэхэд, бидний үр хойч үе маань энэ л газар шороон дээр "тусгаар" хэвээрээ үлдэх тавилантай. Бидэнд их мунхаглал саад болж байнаа. Ажил хэрэгт хайнга ханддаг, цаг баримталдаггүй, бие биедээ "бүлтэрч" хоосон баярхдаг, зусар зулгуй, хувиа хичээсэн, "дээдэст зусар, доодост дээрэнгүй" авир, мөнгөний төлөө монгол хүний мөн чанараа арилжиж орхисон тэнэглэл гээд...

Гэсэн мөртлөө хундага дарсны дараа "Тэнгэр заяат" гэж цээжээ дэлдэнэ, "Чингисийн удам" гэж агсамнан согтуурхана. Арчаагүй залхуу, архичин балай байсаар бид мөхөх учиргүй.

 УУРЛАЖ УЦААРЛАХГҮЙГЭЭР ЭРГЭЦҮҮЛЭЭД НЭГ БОДОХ ДОР ИХ Ч ЗҮЙЛ ОЙЛГОГДОНО ДОО. БИД ЧИНЬ МӨХӨЖ ДОРОЙТОЖ БИШ, СЭРЖ СЭХЭЖ ЯВАА МОНГОЛЧУУД.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:  [email protected]