Монголын утга зохиолын шинэ үеийнхний дунд Ганболдын Баяр хэмээх нэр орж ирээд өөрийн байр суурийг аль хэдийнээ эзэлсэн. Тэрбээр “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” гэсэн хоёр яруу найргийн түүврээ хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байсан билээ. МЗЭ-ийн гишүүн, Залуу Зохиолчдын Нэгдлийн гишүүн, “Алтан Өд”-ийн шагналын эзэн.

Г.Баяр Архангай аймгийн Цахир сумын уугуул. Хэдийгээр тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн яруу найргийн амьдралдаа бол  хэнээс ч дутахгүй бие хаатай залуу. 

Тэрбээр “Дүү минь”, “Миний аавын цагаан овоо”, “Нүдэн гоо”, “Бурхан залуу нас”, “Чамд амжилт хүсье” зэрэг 20 орчим дууны шүлэг бичсэний ихэнхи нь “хит” болоод байгааг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Мөн  “Эх орон тусгаар тогтнолын цом” болон хайрын “Цагаан уул”, О.Дашбалбарын нэрэмжит  “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” зэрэг олон наадмын тэргүүн, дэд, тусгай байрыг эзэлсэн яруу найрагч юм.

Тун удахгүй өөрийн тайлан тоглолтоо олон түмэндээ хүргэхээр товоо гаргажээ. Уг тоглолт энэ сарын 31-нд 19:00 цагаас УБ Паласын концертын их танхимд "Тэнгэрийн сүм-Эх орон" тоглолтоо хийнэ.

Энэ удаагийн тайлан тоглолтоосоо олсон орлогыг өөрийн эмчилгээнд зарцуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Учир нь яруу найрагч Г.Баяр булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суудаг болсон. Уг өвчнөөр таван настайдаа өвчилж, улмаар 16 наснаасаа суумгай болсон байна. Гэвч тэр өвчний өмнө өвдөг сөгдөлгүй шүлэг найргаа сонсогч олондоо хүргэсээр байгаа чадварлаг уран бүтээлч.

"Тэнгэрийн сүм-Эх орон" тоглолтод МУГЖ дуучин С.Жавхлан,  МУГЖ дуучин Бат-Эрдэнэ, залуу дуучин ноён Бондгор нар хүрэлцэн ирэхээс гадна бусад уран бүтээлчид ч мөн оролцон ая дуугаа өргөн барин түүнд сэтгэлийн дэм хайрлах юм.

Д.Ана