Б.Эрдэнэтуяаг танихгүй монгол бүсгүй гэж үгүй биз ээ. Тэрбээр сүүлийн үед цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг болоод буй. Өөрийн шүлэглэх нууц авьяасаа ил болгоод байгаа нь олон хүнд таалагдах болсон. Тэрбээр хамгийн сүүлд ийн бичжээ.

ӨӨРИЙГӨӨ АНЗААР, БАС ДАХИН АНЗААР!

Сэтгэл тань долгисоод байна уу,
Сэтгэл түүнийг зүгээр л анзаар, удахгүй тэр тогтоно
Санаа тань зовниод байна уу,
Санаа түүнийг зүгээр л аргад, удахгүй тэр тайтгарна!
Итгэл тань алдраад байна уу,
Итгэл түүнийг зүгээр л өрд, удахгүй тэр дүрэлзэнэ
Зүтгэл тань хариад байна уу,
Зүтгэл түүнийг зүгээр л урамшуул, удахгүй тэр ундарна!
Зүрх тань гуниад байна уу,
Зүрх түүнийг зүгээр л сонс, удахгүй тэр ярьна
Зориг тань мохоод байна уу,
Зориг түүхийг зүгээр л дэмнэ, удахгүй тэр эрчилнэ!
Зөн тань зөрөөд байна уу,
Зөн түүнийг зүгээр л чагна, удахгүй тэр хэлнэ
Зөрүүд зан чинь хөдлөөд байна уу,
Зөрүүд зан түүнээс зүгээр л асуу, удахгүй тэр засарна!
Атаа чинь хөдлөөд байна уу,
Атаа түүнийг анзаарч тойгло, удахгүй тэр арилна
Айдас тань түгшээгээд байна уу,
Айдас түүнтэй тулж уулз, удахгүй тэр сарнина!
Амь чинь тэмцээд байна уу,
Амьсгал түүнийг зүгээр л мэдэр, удахгүй тэр уужирна
Аазгай тань хөдлөөд байна уу,
Аазгай түүнийг аялгуу дуугаар дайл, тэр удахгүй уярна!
Уур чинь хүрээд байна уу
Уур түүнийг уудалж хар, удахгүй тэр намжина
Уй гашуу нөмрөөд байна уу,
Уй гашуу түүнийг уучилж өршөө, удахгүй тэр холдоно!
Омог тань хөдлөөд байна уу
Омог түүнд олиггүйг нь сануул, удахгүй тэр дарагдана
Бардам зан тань бадраад байна уу
Бардам зан түүнд балагтайг нь учирла, удахгүй тэр зөөлөрнөө!

Бодол тань тэнээд байна уу,
Бодол түүнийг зүрхэндээ буулга, тэр удахгүй төвлөрнө
Болохгүй бүтэхгүй гээд бодоод байна уу,
Болж бүтнэ хэмээн бат итгэ, удахгүй тэр бүтнэ!
Гэм нүгэл бодогдоод байна уу,
Гэм нүгэл түүнийг наминчил, удахгүй тэр цагаалагдана
Гомдол цөхрөл эмтлээд байна уу,
Гомдол түүнийг марттал биел, удахгүй тэр тайлагдана!
Хүсэл шунал тань дүрэлзээд байна уу,
Хүсэл шунал түүнд хүрэх цэгийг нь хэлж таниул, удахгүй тэр ухаарна
Хүн чанар тань бүдгэрээд байна уу,
Хүн чанар түүнийг бишрэн шүтэж өнгөл, удахгүй тэр гялалзана!
Хүн муулмаар санагдаад байна уу,
Хүний муухай өөрт падгүйг үргэлж сана, өөр лүүгээ та өнгийнө
Хүнийг чадмаар оргиод байна уу,
Хүний өс өөрт халтайг ямагт бод, өөрийгөө та хайрлана!
Би гээр өвчлөөд байна уу,
Бүхий л орчлонг бүхэлд нь хар, та даруусна
Битүүхэндээ та шаналаад явна уу,
Бичээд бүгдийг уудлаад гарга, та хөнгөрнө!
Бүгдийг дийлмээр санагдаад байна уу,
Бие хэл сэтгэлээ эхлээд дийл, хамгийн хэцүү
Бүхнээс илүү гэрэлтмээр байна уу,
Билиг оюунаа эхлээд гийлгэ, хамгийн чухал!
Бусдыг буруутгамаар оргиод байна уу,
Бурууг өөрөөсөө эхлээд хай, хамгийн үнэн
Бусдыг хайрламаар санагдаад байна уу,
Буурал аав эжээ эхлээд хайрла, хамгийн зөв!
Баян болохыг хүсээд байна уу,
Байгаа бүхэндээ эхлээд таларх, хамгийн амархан
Буян хураахыг хичээгээд явна уу,
Бусдад халгүй зөв л яв, хамгийн энгийн!