Эсгий углааш Монгол брэнд биш, Нүүрсээ брэнд болгохоор ухаанаа уралдуулах хэрэгтэй
2014/03/24
Улаанбаатар хотноо тав дахь жилдээ зохиогдож буй Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас тав дахь жилдээ уламжлал ёсоор “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгууж байна.
Энэ удаагийн чуулганыг “Монголдоо бүтээе” уриан дор зохион байгуулж буй бөгөөд 800 гаруй төлөөлөгч 30 дэд сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын эдийн засагт чухал асуудлуудыг энэхүү чуулганаар сөхөгдөн яригдаж цаашдын зорилго, төлөвлөлт, хөгжлийн гарц зэрэг макро сэдвүүдийг хөнддөг юм. Магадгүй энэхүү чуулга уулзалтаар яригдсан, хэлэлцсэн, хөндсөн асуудал эргээд Монголын хууль эрх зүй, татварын бодлого, цаашдын хөгжлийн зорилт болдог болохоор ч гадаад, дотоодын эдийн засагчид, шинжээчид, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулдах нь зүй ёсны хэрэг.
Энэ удаагийн чуулга уулзалтаар сульдаатай байгаа эдийн засгаа дархлаатай суулгахын тулд Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэйг чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгчид сануулж байлаа.
Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил экспортыг орлох 800 гаруй төслийг нэг их наяд төгрөгөөр дэмжихээр болсон нь эдийн засгийн чуулганы энэ жилийн зорилтыг тодорхойлж байгаа юм. Тэгвэл энэ чуулганы үеэр Сангийн дэд сайд асан, эдийн засагч Ч.Ганхуяг "Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг давж гарахын тулд эхлээд асуудлаа сайтар ярих ёстой. Монголчууд бидний алдаа, оноо юу байв гэдгийг ярилцахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг давах гарцыг тодорхойлох боломжгүй юм. Эдийн засгийн гарцыг давахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй байна. Монголчууд аливаа асуудлыг бодитой харах ёстой болж байна. Түүнээс уран гэхээр л өнөө маргаашгүй цөмийн зэвсэг үйлдвэрлэчих юм шиг эмзэг хандаад байвал Монгол Улс хөгжихгүй. Дэлхийн бүх л улс орон шар нунтагаа зардаг. Хүрэн эдийн засгаас татгалзаж, ногоон эдийн засгийг дэмжиж, атомын цахилгаан станц олноор барьж байгаа. Гэтэл бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх нь битгий хэл айгаад ухарч болохгүй биз дээ. Эдийн засгийн хямралаас гарахын тулд Монголд асар их мөнгө хэрэгтэй. Нүүрсээ зар, алтаа валют болго, цайр, зэс, төмрөө зар. Зөвхөн ноос, ноолуураа зараад Монгол Улс баяжихгүй. Монголд нүүрснээс их юм алга. Үүнийгээ мөнгө болгохын тулд дэд бүтцээ тавих хэрэгтэй. Төмөр зам нь нарийн царигтай байна уу, бүдүүн царигтай байна уу гэдэг чухал бус. Хамгийн гол нь экспортын төмөр замтай болно гэдэг Монголыг хөгжил хүргэх түлхүүр болох юм. “Монголдоо бүтээцгээе” гэдэг санаа нь маш зөв. Гэхдээ бүхнийг Монголдоо үйлдвэрлэж чадахгүй нь тодорхой. Тиймээс яг, юуг Монголд үйлдвэрлэвэл ашигтай вэ гэдгээ эхлээд нарийн судалж, тооцох хэрэгтэй болоод байна. Энэ төсөл хэрвээ амжилттай хэрэгжвэл Монголын хөгжлийн шинэ эхлэлийг тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын газрын доор хамгийн багадаа гурван их наяд ам.доллараар хэмжигдэх баялаг байна. Үүнийг зөв ашиглах ёстой. Нүүрсгүйгээр, Оюутолгойн хөрөнгө оруулалтгүйгээр Монгол хөгжихгүй гэдгийг ойлгох болсон. "Монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн бүх зүйлийг хийе, бүтээе, экспортольё гэж ярьж байгаа нь нэг талдаа сайхан байна. Гэхдээ бид юм бүхнийг хийх нөөц бололцоо байгаа ч гэсэн чаддаг цөөхөн хэдэн үйлдвэр, үйлчилгээгээ сайн хөгжүүлээд хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаад ирвэл зүгээр юм биш үү гэсэн санааг илэрхийлмээр байна. Бүгдийг биш, чаддаг зүйлээ л үйлдвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсгий углааш Монгол брэнд биш гэж Баабар гуайн хэлдэг нэг талаасаа зөв. Ойрын ирээдүйд бид нүүрсээ яаж брэнд болгох талаар л тал талаасаа ухаанаа уралдуулах хэрэгтэй болоод байна. Манай нүүрс илчлэг сайтай, хүүхдийн хөдөлмөр шингээгүй, ардчилсан улсаас экспортолж байгаа гэх мэт бүх давуу талуудаа дэлхий нийтэд сурталчилж байгаад гаргах нь чухал. Мөн тулга тойрсон хэрүүлээ болиод эдгээр асуудлаа бизнесийн гүйлгээ ухаанаар, улс төрөөс ангид шийдээд явчих юм бол бидэнд ямар ч асуудал байхгүй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Энэхүү чуулгад оролцож буй төлөөлөгчдөд "Монголдоо бүтээе" уриа лоозон нь ихэд таалагдсан бололтой. Бүгд л уг уриаг дэмжиж үүнийхээ төлөө л ярилцаж хэлэлцэж байв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээхдээ “Өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцаж, монгол брэнд гэж чухам юу болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр бид юуг бүтээх вэ гэдэгт төвлөрч хэлэлцэнэ” хэмээсэн. Бид өөрсдөө гардаад хийдэг, бүтээгээд босгодог зүйлс ховор. Хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг, экспортын 90 гаруй хувь нь түүхий эд байна. Энэ тогтолцоогоо засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэх нь амархан байх болно гэдгийг онцолсон. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээлч улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарласан. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлогоо тууштай барина. Бид өнөөдөр л бүтээж сурахгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэх болно. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм гэлээ.
Мөн тэрбээр хүн амын тоогоор дэлхийд 100-д ордог Израиль улс эдийн засгийн багтаамж, ДНБ-ээрээ 50-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ 25-д ордог боллоо. Энэ улсын хувьд бүтээх гэдэг бол ерөөсөө шинэ санаачилга, тархины үйлдвэрлэл, think tank юм. Израиль шиг хүн амтай мөртөө ДНБ-ээрээ 35-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд эхний 5-д орох Швейцарь улс дэлхийд тэргүүлэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон.
Эндээс дүгнэн хэлэхэд бүтээх, үйлдвэрлэх чиглэлд хоёр гол хандлага байна. Нэг нь Израиль маягийн буюу think tank хандлага, нөгөө нь масс үйлдвэрлэл буюу барих, босгох хандлага. Тэгвэл задгай сэтгэлгээтэй, дэврүүн мөрөөдөлтэй, чөлөөт мэдрэмжтэй Монгол хүнд, өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй Монгол Улсад шинэлэг санаачилгатай монгол генийг хэрхэн ашиглах вэ, яаж Израиль шиг өрсөлдөх чадвартай улс болох вэ гэдгийг тал талаас нухацтай ярилцах хэрэгтэй байна. Бүтээхийн тулд бидэнд юун түрүүнд шинэ санаачилга, шилдэг инноваци хэрэгтэй. Үүнд бүтээмжийг дээшлүүлэх энгийн санаачилгаас эхлээд өндөр технологи бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хамаарна гэж төсөөлж байна. Улмаар тэдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт би итгэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм.
Х.Даваа
1