Наадмын өмнө Засгийн газраас хоёр тогтоол угсруулан гаргажээ. Эхнийх нь “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийг “Батаарын музей”-н  байр руу шилжүүлэх тухай.  Харин дараагийнх нь байшинг нурааж  шинээр бариад “Чингис хааны музей” байгуулах. Энэхүү тогтоол дотор БСШУС-ын сайд асан Ц.Оюунгэрэлийн санаачилгаар байгуулсан “Батаарын музей”-г татан буулгах шийдвэр ч багтсан гэж байгаа. Чоно борооноор гэгчээр наадамд  олны анхаарал сатаарч байхад гаргасан уг тогтоолыг нууцалсан гэхэд болно.

Уг тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө олон улсын судлаачид чуулж, “Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд тэргүүлнэ” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Гэтэл манай улс бүр эсрэгээрээ нөгөө дэлхийд тэргүүлдэг “Үлэг гүрвэлийн музей”-гээ үгүй хийхээр аль хэдийн лүндэн буулгачихсан байдаг.

Мөн Байгалийн түүхийн музейг Батаарын музейд шилжүүлснийг учир мэдэх хүмүүс “Музейн үнэт  үзмэрүүдийг  Г.Алтангийн мэдэлд  өгч байгаа гэж ойлгогдоод байгаа юм. Тодруулбал, Ардын намын шүүхийн асуудал  эцэслэн шийдэгдээгүй  байхад ийм зүйл хийж байгаа нь буруу” гэж байсан юм.

Нөгөөтэйгүүр Чингис хааны музейг хотынхоо төвд, тэр тусмаа Байгалийн түүхийн музейн суурин дээр байгуулах нь дэндүү жулдсан асуудал гэдгийг ч хэлдэг.

Харин шинээр юм хийх гэж  байгаа бол шинээр эхлэх нь зөв гэх байр сууртай  нь дийлэнх байгаа юм.

Айлаар бол Балдангийн байшинг нураагаад суурин дээр нь барьсан байшинд гэр бүл болж байгаа Дондог Дулмаа хоёрыг оруулж байгаатай  агаар нэг үйлдэл юм.

Тус 1952-1954 онд монголын анхны архитекторч Б.Чимэд агсан зураг төслийг нь гаргаж байсан гэдэг. Тэгэхэд нэхмэлийн шарууд гэх барилгууд Аж үйлдвэрийн комбинат бий болоход л дагаж боссон гэж байгаа. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилгатай нэг онд босгосон байтал тухайн сургуулийн барилга хэвийн, үйл ажиллагаагаа явуулаад байж байх жишээтэй.

Ингээд болохоор энэ газар шунасан нь үнэн болж таараад байгаа юм. Нэгэн цагт Сүхбаатарын талбайг ХIII зууны  үетйн түүхийг өгүүлсэн, Чингис хааны өрлөг жанжнуудыг түүхийг харуулсан талбай болгон гэж хүчлээд ард олны, түүхчид эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулж хүчин мөхөсдөж байсан  удаатай. Тэр үед АН-аас энэ санал гарсан ч дэмжигдээгүй мухардаж байсан бол өнөөдөр МАНАН болоод дахин дайрч Байгалийн түүхийн музейн барилгыг ийнхүү булааж буй үйлдэл гэдэг нь илт харагдаж буй юм.

Тэгээд ч байр наадмын өмнө гарсан эл тогтоолоороо ЗГ Монгол Улсын  багрилгын орчин цагийн түүхийг устгаж буй аж. Ийн хэлэхийн учир нь Байгалийн түүхийн музейн барилга болон зүүн талд нь байх орон сууцнууд нь манай улсын барилгын түүхийн орчин цагийн эхлэл гэж үздэг юм билээ.

 

С.Цээл 

http://erennews.mn/article/27393